A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 14

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн Хавсралт 9-ийн стандарт 8.17, "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-ын 1.2.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 289 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр"-т дор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:

1/ 1 дэх хэсгийн 1.3.17-1.3.27 дахь заалт:

"1.3.17. "Аяллын цахим систем (ETS)" гэж зорчигчоос Монгол Улсад зорчихоор гаргасан хүсэлтийг хүлээн авах, шалгах, цаасан визний оронд цахим виз олгох системийг;

1.3.18. "залилагч" гэж бусдын хууль ёсны баримт бичгийг хууль бусаар ашиглан хил нэвтрэхийг оролдсон хүнийг;

1.3.19. "зорчигчийн өгөгдлийн нэг цонх" гэж агаарын тээврийн үйлчилгээнд оролцогч байгууллагууд зорчигчийг хилээр нэвтрүүлэхэд төрийн байгууллагуудаас тавьдаг шаардлагад дурдсан стандартчилагдсан мэдээллийг /API, API, PNR/ нэг цэгт байршуулсан системийг;

1.3.20. "зорчигчийн урьдчилсан мэдээллийн интерактив систем" гэж агаарын тээвэрлэгчээс зорчигч бүртгэлийн явцад цуглуулсан мэдээллийг хилийн хяналтын байгууллагуудад илгээх, хилийн хяналтын байгууллага мэдээллийг хянаж, зорчигчийг бүртгэх явцад буцаан хүргүүлэх цахим системийг;

1.3.21. "итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж /AEO/" гэж Дэлхийн гаалийн байгууллагын "Худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах багц стандарт"-ын дагуу гаалийн байгууллагаас олгосон итгэмжлэл бүхий бараа нийлүүлэх сүлжээнд оролцогч /үйлдвэрлэгч, импортлогч, экспортлогч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, тээвэр зууч, агуулах эзэмшигч, бараа илгээгч/-ийг;

1.3.22. "нэг цонхны үйлчилгээ" гэж гадаад худалдаа болон тээвэрлэлтэд оролцогч талуудад барааг улсын хилээр нэвтрүүлэхэд шаардлагатай баримт бичиг олгох, тэдгээрийг мэдээллээр хангах үйлчилгээг нэг цэгт үзүүлэхийг;

1.3.23. "урьдчилан сэргийлэх арга хэмжээ" гэж агаарын тээвэрлэгч, эсхүл түүнээс эрх олгосон байгууллагын бэлтгэгдсэн ажилтнууд зорчигч агаарын хөлөгт суухаас өмнө дамжин өнгөрөх, зорчих улсын хилээр нэвтрэх аяллын баримт бичиг, шаардлагатай тохиолдолд виз, оршин суух зөвшөөрөлтэй эсэхийг шалгах үйл ажиллагааг;

1.3.24. "харгалзан хүргэгч" гэж Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг үл зөвшөөрөх болон албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг дагалдуулахаар томилсон албаны хүнийг;

1.3.25. "харгалзан дэмжигч" гэж насанд хүрээгүй хүнийг харгалзан дэмжиж, хамт зорчиж буй насанд хүрсэн зорчигчийг (Энэ хүн нь тухайн насанд хүрээгүй хүний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч биш байж болно);

1.3.26. "харгалзан дэмжигчгүй зорчигч" гэж ганцаараа, эсхүл насанд хүрээгүй өөр хүнтэй хамт зорчиж буй насанд хүрээгүй хүнийг;

1.3.27. "цахим автомат гарц" гэж Монгол Улсын иргэний гаргасан хүсэлтийг мэдээлийн нэгдсэн санд бүртгэж, үндэсний гадаад паспорт болон биеийн давхцахгүй өгөгдлийг шалгаж, улсын хилээр нэвтрүүлэх суурин автомат төхөөрөмжийг.

2/ 2 дахь хэсгийн 2.2-т "Харьяатын тухай хууль" гэсний дараа "Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль" гэж.

3/ 3 дахь хэсгийн 3.1.12, 3.1.13 дахь заалт:

"3.1.12. эрх бүхий байгууллага нь цахилгаан тэжээлээр ажилладаг төхөөрөмж, түүний дотор урсамтгай цахилгаан тэжээлээр ажилладаг хөдлөх хэрэгслийг агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон тохиолдолд энэ тухай Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-д мэдэгдэж, хоригийн талаар олон нийтэд мэдээлэх;

3.1.13. агаарын хөлгийн ослын улмаас хохирсон зорчигч, тэдгээрийн гэр бүлд туслалцаа үзүүлэх журам, эсхүл бодлого баталж хэрэгжүүлэх.

4/ 3 дахь хэсгийн 3.2.4-3.2.7 дахь заалт:

3.2.4. аяллын баримт бичгийн маягт алдагдах, баримт бичгийг хууль бусаар ашиглахаас сэргийлэх арга хэмжээ авах;

3.2.5. аяллын баримт бичгийг мэдүүлэх, хүлээн авах, олгох үйл явцад хяналт тавих;

3.2.6. хулгайлагдсан, гээгдсэн болон цуцлагдсан аяллын баримт бичгийн талаарх мэдээллийг "Интерпол"-д нэн даруй мэдэгдэж, "Хулгайлагдсан, гээсэн аяллын баримт бичгийн мэдээллийн сан /SLTD/"-д бүртгүүлэх;

3.2.7. аяллын баримт бичгийг олгох, шинэчлэх, солих хураамжийн хэмжээ нь тухайн баримт бичгийн өртгөөс хэтрэхгүй байх.

" 5/ 3 дахь хэсгийн 3.3.17-3.3.26 дахь заалт:

"3.3.17. "3орчигчийн нэр, бүртгэлийн өгөгдөл (PNR)"-ийг шилжүүлэхэд НҮБ-ын Удирдлага, худалдаа, тээврийн цахим өгөгдлийн солилцооны дүрэм (EDIFACT)-д суурилсан "Агаарын тээвэрлэгч-Засгийн газар /PNRGOV/" гэсэн өгөгдөл шилжүүлгийн үндсэн аргыг ашиглах;

3.3.18. агаарын тээвэрлэгч, эсхүл нисэх багийн дарга нь нислэгийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах зорилгоор албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг тухайн нислэгээр тээвэрлэхээс татгалзах эрхтэй байх;

3.3.19. албадан гаргаж байгаа гадаадын иргэний талаарх лавлагаа, мэдээллийг 24 цагийн турш, тасралтгүй солилцох нөхцөлийг бүрдүүлэх;

3.3.20. агаарын нэг хөлгөөс нөгөөд шилжин суух хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид туслалцаа үзүүлэх;

3.3.21. хөгжлийн бэрхшээлтэй зорчигч эмнэлгийн тодорхойлолтгүйгээр аялахыг зөвшөөрөх бөгөөд гагцхүү зорчигчийн эрүүл мэндийн байдал өөрт нь болон бусад зорчигчийн аюулгүй, ая тохитой зорчиход сөргөөр нөлөөлөхөөр байна гэж үзвэл эмнэлгийн тодорхойлолт шаардах;

3.3.22. хөгжлийн бэрхшээлтэй зорчигч нь түүнд туслах хүн хэрэгтэй эсэхийг өөрөө тогтоох бөгөөд гагцхүү уг зорчигчийн биеийн байдал өөрт нь болон бусад зорчигчийн аюулгүй, ая тухтай байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзвэл туслах хүнтэй зорчихыг шаардаж болох, энэ тохиолдолд туслах хүнд үнийн хөнгөлөлт үзүүлэх;

3.3.23. газрын үйлчилгээний болон агаарын хөлгийн бүхээгийн ажилтнуудыг насанд хүрээгүй зорчигчид анхаарал хандуулах, туслах талаар сургаж, бэлтгэсэн байх;

3.3.24. мэдээллийн нууцлалыг хамгаалсан тохиолдолд насанд хүрээгүй хүний асрамжийн асуудлаар эрх бүхий байгууллагатай 24 цагийн турш мэдээлэл солилцох;

3.3.25. харгалзан дэмжих хүнгүй зорчиж буй насанд хүрээгүй хүнд анхаарч, үйлчлэх хөтөлбөр баталж хэрэгжүүлэх, аяллын явцад шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал тулгарсан тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагын хамгаалалтад нэн даруй шилжүүлэх;

3.3.26. таваас доош насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр зорчуулахгүй байх."

6/ 3 дахь хэсгийн 3.4.12-3.4.16 дахь заалт:

"3.4.12. хилээр нэвтрүүлэхийг үл зөвшөөрөх зорчигчийг хүлээн зөвшөөрөх улс руу тээвэрлэх хугацааг агаарын тээвэрлэгчтэй зөвшилцөх, тээвэрлэх хугацаа өөрчлөгдөж болохыг зөвшөөрөх;

3.4.13. харгалзан дэмжигчгүй зорчигч нь хилээр нэвтрүүлэхийг үл зөвшөөрсөн, эсхүл албадан гаргаж байгаа гадаадын иргэн бол онцгой анхаарал хандуулж, түүнийг дамжин өнгөрөх болон хүрэх цэгт хүлээн авах асуудлыг зохицуулах;

3.4.14. хилээр нэвтрүүлэхийг үл зөвшөөрөх зорчигчийг буцаах бичгийн хамт /нэр, нас, хүйс, иргэншил (мэдэж байгаа тохиолдолд), тээвэрлэн ирсэн агаарын тээвэрлэгчийн мэдээллийг тодорхой тусгасан/ буцааж тээвэрлэх агаарын тээвэрлэгчид хүлээлгэн өгөх;

3.4.15 албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг буцаах тохиолдолд тээвэрлэгчийн нэг нислэгээр тээвэрлэх албадан гаргаж байгаа гадаадын иргэний тоог тогтоосон журам, бодлогод нийцүүлэх;

3.4.16. "Аяллын цахим систем"-ийг хэрэгжүүлэх хуваарийг бусад улсын ижил чиг үүрэг бүхий байгууллага, аялал жуулчлалын байгууллага, агаарын тээвэрлэгч болон холбогдох бусад байгууллагад хүргүүлэн, хамтран ажиллах бөгөөд дараахь арга хэмжээг авах:

3.4.16.1. "Аяллын цахим систем"-ийг нэвтрүүлэхдээ "Аяллын өмнөх баталгаажуулалтын систем"-ийг "Зорчигчийн урьдчилсан мэдээллийн интерактив систем (iAPI)"-тэй нэгтгэх;

3.4.16.2. зорчигч нислэгийн захиалга өгөх үед түүнд "Аяллын цахим систем"-ийн шаардлагын талаар мэдээлэл өгөх;

3.4.16.3. Монгол Улсад зорчих хүсэлтийг хүлээж авах цахим бүртгэлийн найдвартай платформоор хангаж, уг систем нь албан бус гуравдагч борлуулагч этгээд нэмэлт төлбөр авахыг хязгаарлах зорилготой албан ёсны систем болохыг баталгаажуулах;

3.4.16.4. зорчих хүсэлтийн маягтыг бөглөх үед алдаа гаргахаас сэргийлэх нэмэлт хэрэгсэл бий болгох, хилээр нэвтрүүлэхийг үл зөвшөөрөх зорчигчийн хүсэлтийг хүлээн авахгүй байх боломж бүрдүүлэх;

3.4.16.5. цаасан визний оронд цахим мэдэгдэл олгох;

3.4.16.6. зорчигчид шаардлагатай мэдээлэл нь хууль тогтоомжид нийцсэн, ойлгоход хялбар байх;

3.4.16.7. "Аяллын цахим систем"-ийг нэвтрүүлсний дараа шинээр тавигдах шаардлагыг биелүүлэх хугацааг тодорхой зааж, тухайн хугацаанд хилээр нэвтрүүлэх зорчигчийг уг шаардлагын талаарх мэдээллээр хангах.

7/ 3 дахь хэсгийн 3.5.15, 3.5.16 дахь заалт:

"3.5.15. цахим автомат гарцаар нэвтэрч буй зорчигчдын урсгалыг хэвийн байлгах зорилгоор гарц бүрт бэлтгэгдсэн ажилтан ажиллуулах, системд гэмтэл гарсан тохиолдолд аюулгүй байдал болон нэгдмэл байдлыг яаралтай хангах; 3.5.16. хилээр нэвтэрч буй зорчигч бүрийн аяллын баримт бичгийг Интерполын "Хулгайлагдсан, гээсэн аяллын баримт бичгийн мэдээллийн сан"-гаас боломжийн түвшинд шүүж, тулгах." 8/ 3 дахь хэсгийн 3.7.13-3.7.16 дахь заалт:

"3.7.13. итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжид зориулан гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах, гадаад худалдааны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлэх, тэдгээр зохицуулалтыг харилцан хүлээн зөвшөөрөх талаар бусад улстай хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллах;

3.7.14. барааны гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахын тулд ачааны мэдээллийг урьдчилан авах, ачаа тээвэрлэгчдийн систем хоорондын харилцан ажиллагааг хангах, барааны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл солилцооны цахим системийг боловсронгуй болгох;

3.7.15. эрх бүхий төрийн байгууллагаас шаардсан ачаа болон агаарын хөлөг ирэх, буцахтай холбоотой мэдээллийг нэг цонхны үйлчилгээний системд байршуулах;

3.7.16. бүртгэлийн ажиллагааг удирдах эрх бүхий ажилтан хилээр бараа нэвтрүүлэхэд баримтлах хялбаршуулсан журмыг батлан хэрэгжүүлэх бөгөөд журамд дараахь зохицуулалтыг тусгана:

3.7.16.1. улсын хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт аль болох цөөн, шаардлагатай мэдээллийг оруулах;

3.7.16.2. барааны гаалийн бүрдүүлэлтийг эрх бүхий ажилтны албан байранд, эсхүл гаалийн хяналтын бүсэд хийх;

3.7.16.3. барааны мэдүүлэг нь эрх бүхий ажилтны бүртгэлд үндэслэх;

3.7.16.4. барааг улсын хилээр тодорхой хугацаанд, тогтмол давтамжтай нэвтрүүлэх бол нэг мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийх.

9/ 3 дахь хэсгийн 3.8.6. дахь заалт:

"3.8.6. хэв журам зөрчсөн зорчигчийг илрүүлэх, үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх чиглэлээрх сургалтад холбогдох албан хаагчдыг хамруулсан байх."

10/ 3 дахь хэсгийн 3.10.4-3.10.6. дахь заалт:

"3.10.4. зорчигчийн урьдчилсан мэдээллийн систем 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай байх нөхцөлийг бүрдүүлэх, системийг гэмтэл, саатлаас урьдчилан сэргийлэх, гэмтэл, саатал гарсан тохиолдолд мэдээлэх, хариу арга хэмжээ авах тогтолцоо бүрдүүлэх, хэвийн үйл ажиллагаанд шилжүүлэх нэмэлт төхөөрөмжтэй байх;

3.10.5. нисэх буудал, агаарын тээвэрлэгч, газрын үйлчилгээний болон аялал жуулчлалын байгууллагууд нь хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээллийг өгөх, хүндэтгэн харьцах, бусад зорчигчийн адил тусламж, үйлчилгээ авах боломжоор хангах талаар хамтран ажиллах; 3.10.6. нисэх буудал, агаарын тээвэрлэгч болон газрын үйлчилгээний байгууллагууд нь хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид үйлчлэх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, ажилтнуудыг сургаж бэлтгэх, ур чадварыг баталгаажуулах."

11/ 3 дахь хэсгийн 3.11.7.-3.11.13 дахь заалт:

"3.11.7. агаарын хөлгийг улсын хилээр нэвтрүүлэхэд араб, хятад, англи, франц, орос, эсхүл испани хэлээр үйлдэгдсэн баримт бичгийг хүлээн авах бөгөөд шаардлагатай тохиолдолд өөрийн улсын төрийн албан ёсны хэл дээрх аман болон бичгэн орчуулгыг шаардах;

3.11.8. ажилтнуудыг насанд хүрээгүй хүнд анхаарал тавьж, тусламж, үйлчилгээ үзүүлэхэд сургаж, бэлтгэсэн байх;

3.11.9. зорчигчийн урьдчилсан мэдээллийн өгөгдөл (API, iAPI, PNR) солилцох "Нэг цонхны үйлчилгээ"-г нэвтрүүлж, нэг нислэгийн зорчигчийн урьдчилсан мэдээллийг дахин шаардахгүй байх, системийн гэмтэл, доголдлоос шалтгаалан мэдээллийг дамжуулаагүй эсхүл дутуу, гэмтсэн мэдээлэл дамжуулсан тохиолдолд агаарын тээвэрлэгчид торгууль ногдуулахгүй байх;

3.11.10. зорчигчийн урьдчилсан мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авч байгаа тохиолдолд зорчигчийн манифестыг цаасан хэлбэрээр шаардахгүй байх;

3.11.11. "зорчигчийн нэр, бүртгэлийн өгөгдөл" шаардахдаа Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Doc 9944 "Зорчигчийн нэр бүртгэлийн өгөгдлийн удирдамж" болон "Зорчигчийн нэр бүртгэлийн мэдээг хэрэгжүүлэх удирдамж"-д тус тус нийцүүлэх;

3.11.12. мэдээллийг цуглуулах, дамжуулахдаа нууцлалын аюулгүй байдлыг үндэсний болон бусад улсын системийн хүрээнд авч үзэж, зорчигчийн нэр, бүртгэлийн өгөгдөл солилцохыг хориглодог улстай эрх зүйн шаардлагаа уялдуулах талаар хамтран ажиллах;

3.11.13. Ирсэн болон дамжин өнгөрсөн зорчигч баримт бичгийн зөрчилтэй болох нь илэрсэн тохиолдолд тухайн зорчигчийн баримт бичгийг урьдчилан шалгаж, шаардлагатай арга хэмжээ авсан болохоо нотолж чадвал агаарын тээвэрлэгчид торгууль ногдуулахгүй байх."

12/ 4 дэх хэсгийн 4.8-4.10 дахь заалт:

"4.8. Зөвлөл нь "Зорчигчийн урьдчилсан мэдээллийн интерактив систем"-ийг нэвтрүүлэхдээ агаарын тээвэрлэгчийн хэрэглэж байгаа систем, техникийн шаардлагуудад үзүүлэх нөлөөг аль болох бага байлгах, Дэлхийн гаалийн байгууллага /WCO/, Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ноос баталсан зорчигчийн урьдчилсан мэдээллийн удирдамжид нийцүүлэх, хэрэглэгч байгууллагуудын хэрэгцээ, шаардлагад нийцсэн зорчигчийн урьдчилсан мэдээллийн бүтцийг тодорхойлж, тэдгээрийн нэрийн өмнөөс мэдээллийн өгөгдлийг хүлээн авах Засгийн газрын агентлагийг тодорхойлно.

4.9. Монгол Улсад цахим паспорт болон машинаар уншигдах аяллын баримт бичгийг олгох, цахим паспортоор хил нэвтрүүлэх тохиолдолд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын "Олон нийтийн мэдээллийн сан /PKD/"-д нэгдэх, өөрийн мэдээллийг уг санд байршуулах, тус сангаас бусад улсын мэдээллийг авч ашиглан машинаар уншигдах аяллын баримт бичгийн хүчинтэй эсэхийг тогтоох боломж бүрдүүлэх арга хэмжээ авна.

4.10. Хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийн хэрэгцээнд нийцсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх талаар холбогдох байгууллагуудад шаардлагатай зөвлөмжийг өгөх, нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмж хязгаарлагдмал тохиолдолд зохицуулалт хийх, эсхүл бодит, хүлээн авахуйц төлбөртэй тусгай тээврийн хэрэгслээр үйлчлэх арга хэмжээ авна."

13/ 5 дахь хэсгийн 5.39.11-5.39.13 дахь заалт:

"5.39.11. сонсголын болон харааны бэрхшээлтэй зорчигчид нислэгийн үйлчилгээнд хамаарах мэдээллийг тэдний хэрэгцээ шаардлагыг хангасан хэлбэрээр хүргэх;

5.39.12. хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийг угтах, үдэх цэг нь нисэх буудлын төв хаалгатай ойр, бартаа, саадгүй замтай байх;

5.39.13. хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид зориулсан тээврийн хэрэгслийн зогсоолтой байх, зогсоолоос зорчигч терминалын барилга хүртэл бартаа, саадгүй замтай байх."

2. "Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр"-ийн дор дурдсан заалтыг дараахь агуулгаар өөрчлөн найруулсугай:

1/ 1 дүгээр хэсгийн 1.3.5 дахь заалт:

"1.3.5. "Гадаад улсад зорчих баримт бичиг" гэж Монгол Улсын иргэний хувьд үндэсний гадаад паспорт, Монгол Улс руу буцах үнэмлэх, гадаадын иргэний хувьд тухайн улсаас гадаад улсад зорчих хүчин төгөлдөр паспорт буюу паспортыг орлох баримт бичгийг,"

2/ 3 дугаар хэсгийн 3.2.2, 3.3.12, 3.4.9, 3.4.10, 3.5.10, 3.5.11, 3.5.13, 3.8.2, 3.9.6, 3.11.6 дахь заалт:

3.2.2. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Doc 9303-ын 1 дүгээр хэсэгт заасны дагуу машинаар уншигдах цахим паспорт олгох;

3.3.12. хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид шаардлагатай тэргэнцэр, тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмж нь овор хэмжээ, жин, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан тохиолдолд агаарын хөлгийн бүхээгт, эсхүл зориулалтын тээшний хэсэгт, зохих журмыг хангаж байгаа тохиолдолд дагалдах баримт бичигтэй хөтөч амьтныг зорчигчийн суудлын дор тус тус үнэ төлбөргүй тээвэрлэх;

3.4.9. олон улсын нислэгээр албан ажлаар ирж байгаа агаарын хөлгийн багаас 72 хүртэл цагийн хугацаатай нэвтрэхэд виз шаардахгүй байх;

3.4.10. Монгол Улсаас албадан гаргаж байгаа болон хилээр нэвтрүүлэхийг үл зөвшөөрөх зорчигчийг буцаах агаарын хөлөгт суулгах хүртэл хамгаалалтад авч, тус улсад түр байрлуулах асуудлыг хариуцах;

3.5.10. хуурамчаар үйлдсэн, засварласан аяллын баримт бичиг болон бусдын баримт бичгийг ашигласан тохиолдолд хураан авч, эргэлтээс нэн даруй хасч, олгосон байгууллага болон тухайн орны Дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлэх, тухайн аяллын баримт бичгийг авч үлдэх тохиолдолд дээрх байгууллагуудад мэдэгдэх;

3.5.11. энэ хөтөлбөрийн 3.5.10-т заасан аяллын баримт бичгийг хураан авч, тухайн зорчигчийг буцааж тээвэрлэхийг агаарын тээвэрлэгчээс шаардах;

3.5.13. зорчигчийг хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг хялбаршуулан, хилийн хяналтын автоматжуулсан системийг нэвтрүүлэх;

3.8.2. агаарын хөлөг болон нисэхийн байгууламжид хэв журам зөрчих, бүдүүлэг авир гаргах үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох;

3.9.6. нисэх буудлын барилга байгууламж, үйлчилгээ нь хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан байх;

3.11.6. Гамшгийн улмаас үүссэн хор хөнөөлийг арилгахад туслах гадаадын тусламжийн багийн бие бүрэлдэхүүнийг хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу Засгийн газрын шийдвэрээр улсын хилээр хялбаршуулсан байдлаар нэвтрүүлэх."

3/ 5 дахь хэсгийн 5.13, 5.39.10 дахь заалт:

"5.13. Монгол Улсын иргэнээс Монгол Улсын хилээр нэвтрэх виз шаардахгүй.

5.39.10. хөгжлийн бэрхшээлтэй зорчигч агаарын хөлөг болон зорчигч терминал хооронд хийх шилжилт хөдөлгөөнийг хялбаршуулж, мэдрэгчтэй, босго, саадгүй хаалгатай болгох, эсхүл тусгай зориулалтын өргөх систем, хөдөлгөөнт бусад хэрэгслээр тоноглох."

3. Мөн хөтөлбөрийн 1.3.2-т "албадан гаргагдаж буй этгээд" гэснийг "албадан гаргаж байгаа гадаадын иргэн" гэж, 1.3.10-т "хилийн боомтод үйл ажиллагаа явуулж байгаа хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх алба, хилийн эрүүл ахуй, халдвар судлал, гааль зэрэг хяналтын байгууллагыг" гэснийг "Монгол Улсын хилийн тухай хуулийн 3.1.16-д заасан байгууллагыг" гэж, 3.3.10-т" тухайн зорчигчийг хамгаалалтад авч, хүлээн зөвшөөрөх улсад нь тээвэрлэх" гэснийг "тухайн зорчигчийг хүлээн зөвшөөрөх улс руу тээвэрлэх" гэж, 3.4.7-д "хилээр нэвтрүүлэхийг хориглосон зорчигч болон албадан гаргаж байгаа этгээдийг" гэснийг "хилээр нэвтрүүлэхийг үл зөвшөөрөх зорчигч болон албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг" гэж, 3.5.3-т "хилийн бүс" гэснийг "хяналт шалгалтын бүс" гэж, 3.6.1-д "нийгмийн эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлөх, эрүүл мэндийн асуудалтай холбоотой онцгой байдалд хүргэх, агаараар дамжин тархах аюултай өвчний эсрэг авах арга хэмжээний үед" гэснийг "олон улсын хөл хориот хүн, мал, амьтны халдварт өвчний үед" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.СОДБААТАР