- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Гадаадын сурвалжлагчийг бүртгэх, МУ-ын виз, оршин суух зөвшөөрөл олгох)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 64
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.1, 9.2.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гадаадын сурвалжлагчийг бүртгэх, Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 97 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, гадаад улс, олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэнийг бүртгэх журам" гэснийг "Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэнийг бүртгэх журам" гэж өөрчилсүгэй.
3. Засгийн газрын 2012 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэнийг бүртгэх журам"-ын 1.1 дэх заалтын "заасан" гэсний дараа "Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газарт ажиллах" гэж нэмсүгэй.
4. Мөн журмын нэрийг "Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэнийг бүртгэх журам" гэж, 3.1 дэх заалтын "байгууллага болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газрын гишүүдийг" гэснийг "байгууллагын гишүүдийг" гэж, 3.2 дахь заалтын "гадаад хэргийн яам, олон улсын болон хэвлэл мэдээллийн байгууллагын" гэснийг "гадаад харилцааны яам болон олон улсын байгууллагын" гэж, 2.1.з дэд заалтын дугаарыг "2.1.ж" гэж, 4.7.2.е дэд заалтын дугаарыг "4.7.2.д" гэж тус тус өөрчилсүгэй.
5. Мөн журмын 1.6 дахь заалт, 2.1.ж заалт, 4.7.2.д дэд заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 194
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 483 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 146 дугаар тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 97 дугаар тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 64 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тогтоолыг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
