- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 186
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Төсвийн тухай хуулийн 10.1.10, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа "Биокомбинат" улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсугай.
2. "Биокомбинат" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, төсвийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Ганбат)-т даалгасугай.
3. "Биокомбинат" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулсантай холбогдуулан гүйцэтгэх удирдлагыг мэргэжлийн багаар гүйцэтгүүлэн ажиллуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Ганбат)-т даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолын 4 дэх хэсгийн "..."Биокомбинат" улсын төсөвт үйлдвэрийн газар" гэснийг, "Төсвийн төвлөрүүлэн захирагчийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 207 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төсвийн төвлөрүүлэн захирагчдын жагсаалт"-ын "24.Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын харьяалах төсөв" хэсгээс "Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газар" гэснийг тус тус хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
