- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ЗААЛТЫН ҮЙЛЧЛЭЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 191
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ЗААЛТЫН ҮЙЛЧЛЭЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 300 дугаар тогтоолоор баталсан "Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт"-ын 2.7.7 дахь заалтын адууны ширэнд хамаарах хэсгийн үйлчлэлийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд түр түдгэлзүүлсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан боловсруулаагүй хуримтлагдсан, стандартад нийцсэн адууны шир, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд, стандартад нийцээгүй адууны ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн, дэл, сүүлгүйгээр арилжих ажлыг зохион байгуулахыг Хөдөө аж ахуйн бирж (Х.Баатар), биржээр арилжсан адууны ширийг экспортлох үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар (Н.Цагаанхүү), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг 2019 оны 11 дүгээр сард багтаан, Засгийн газарт танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
