A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 222

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, 9.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2019 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хавсралтад заасан 13 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй.

2. Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экзим банк хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажил гүйцэтгэх "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн 450, Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар баригдах сургууль, цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх "БСИЖМН" ХХК-ийн 40, "Чайна Гэжоуба Групп Интернешнл" ХХК-ийн 60, Япон Улсын "Жайка" байгууллагын Техникийн хамтын ажиллагааны "Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл"-ийн гүйцэтгэгч "Си Ти Ай" ХХК-ийн 7, Монгол Улсын Засгийн газар болон "Эрдэнэс Цагаан Суварга" ХХК, "Монголын алт" (МАК) ХХК-ийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Дорноговь аймгийн Даланжаргалан суманд Хөх цавын цемент шохойн үйлдвэр, Дорноговь аймгийн Мандах суманд Цагаан суваргын зэсийн уулын баяжуулах үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэх "Монголын алт" (МАК) ХХК-ийн 786 гадаадын ажиллах хүч мэргэжилтнийг 2019 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан төлбөрт үзлэгт хамруулж байхыг ажил олгогчид, эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2019 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ