A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 209

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН, НАЙРАМДАЛ ЦОГЦОЛБОРЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олон улсын хүүхдийн, Найрамдал цогцолборыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын төсвөөс санхүүжүүлэх зарчимд шилжүүлж холбогдох зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгасугай.

2. Олон улсын хүүхдийн, Найрамдал цогцолборын газар эзэмшилтэй холбоотой зөрчлийг арилгах, цаашид шинээр бусдад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт үүрэг болгосугай.

3. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа "Хүүхдийн усан спортын цогцолбор барилга"-ыг 2020 онд багтаан ашиглалтад оруулах цогцолборын дулааны станцыг шинэчлэх, шугам сүлжээг нь өргөтгөх, засварлахтай холбоотой хөрөнгө оруулалтын зардлыг 2020 оны улсын төсөвт тусгаж санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт тус тус даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2015 оны "Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" 501 дүгээр тогтоолын 9 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ