A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 200

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.15, 5.5.10 дахь зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран батлахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт, хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг эрхэлсэн салбар болон харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ