A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 53

Төрийн ордон,Улаанбаатар хот

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан хоол зүйчийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиалгаар 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн бэлтгэх, төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн эмчийг хөрвөх сургалтад хамруулан 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн хүний нөөц бүрэн бэлтгэгдэх хүртэлх хугацаанд сургуулийн хоол зүйчээр ажиллуулах ажлыг зохион байгуулах;

2/Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 5.1.1-д заасны дагуу өдрийн хоолны үйлчилгээнд бага ангийн суралцагчдыг 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн, дунд болон ахлах ангийн суралцагчдыг зохих бэлтгэл хангасны үндсэн дээр үе шаттайгаар тус тус хамруулах;

/Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 70 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан./

3/Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан ажилтны цалингийн зардлыг 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн улсын төсвөөс санхүүжүүлэх;

4/Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан байрын засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжид шаардагдах зардлыг энэ тогтоолын 8 дахь дэд заалтад заасан төлөвлөгөөний дагуу тухайн жилийн төсвийн төсөлд тусган улсын төсвөөс санхүүжүүлэх;

5/Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан зардлын нормативыг инфляцийн түвшин болон суралцагчийн шим тэжээлийн хэрэгцээг харгалзан Монгол Улсын Засгийн газраас жил тутам шинэчлэн батлах;

6/Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10.2.12-т заасан хандив, тусламжийг хүлээн авах ажлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;

7/Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай байрын түрээсийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох ажлыг энэ тогтоолын 8 дахь дэд заалтад заасан төлөвлөгөөний дагуу зохион байгуулах;

8/энэ тогтоолыг баталсантай холбогдуулан сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах ажлын төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар батлах.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Д.Оюунхорол/-нд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР