- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОСОЛ, ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 236
Улаанбаатар хот
ОСОЛ, ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21.1.4, 21.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах асуудлаар гаргасан Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн санал, дүгнэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
2. Хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчлийг бууруулах зорилгоор Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг сайжруулах хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт даалгасугай.
3. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлд салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, зөвлөмж, чиглэл өгч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, олон нийтэд зориулсан сургалт сурталчилгаа, мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг даргад тус тус үүрэг болгосугай.
4. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн уулын ажлын тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг Мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлж, өгсөн санал зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болгосугай.
5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн цэвэрлэх байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангах, техник технологийг шинэчлэх ажлыг төлөвлөн зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
6. Уул уурхай, дэд бүтцийн салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд тавих төрийн хяналт шалгалтын чадавх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах болон геологи уул уурхайн, хөдөлмөрийн, өргөх механизмын, ус хангамж ариутгах татуургын, эм биобэлдмэлийн, газрын тос хийн хяналтын улсын байцаагчийн орон тоог нэмэгдүүлэхтэй холбоотой зардлыг Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны төсөвт тусган санхүүжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
