- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 334
Улаанбаатар хот
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, 9.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан "Монгол Улсын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай" төсөл хэрэгжүүлэх гэрээний хүрээнд Замын-Үүд болон Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил гүйцэтгэх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын "Жунмэй Инженеринг Групп" компанийн 520, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн дагалдах байгууламж"-ийн барилгын ажил гүйцэтгэх "Чайна райлвэй твэнти бюро групп корпорэйшн монголиа" компанийн 20 гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд 2019 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй.
2. "Жунмэй Инженеринг Групп" компанийн 520, "Чайна райлвэй твэнти бюро групп корпорэйшн монголиа" компанийн 20 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2019 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.
3. Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан төлбөрт үзлэгт хамруулж байхыг ажил олгогчид, эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд тус тус үүрэг болгосугай.
4. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2019 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
