A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 279

Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, 9.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цөлжилтөөс хамгаалах сан хооронд хүмүүнлэгийн буцалтгүй тусламжаар усан бассейн барих тухай харилцан ойлголцлын санамж бичиг"-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах "Усан бассейн"-ын барилгын ажил гүйцэтгэх "Чайна Констракшн III нэгдэл" компанийн 440 гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд 2019 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй. 2. "Чайна Констракшн III нэгдэл" компанийн 440 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2019 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан төлбөрт үзлэгт хамруулж байхыг ажил олгогчид, эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд тус тус үүрэг болгосугай.

4. Төсөлд шаардлагатай байгаа дотоодын ажиллах хүчийг захиалгын дагуу хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй ажилгүй иргэдээс зуучлан, хэрэгжилтийн талаар тайлагнаж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваад, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт тус тус даалгасугай.

5. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2019 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ