A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 332

Улаанбаатар хот

ХӨВСГӨЛ НУУР ОРЧМЫН БҮСИЙГ "ЭКО АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН БҮС" БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ

Аялал жуулчлалын тухай хуулийн 14.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг, байгалийн үзэсгэлэн цогцолсон Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын бүс нутгийг "Эко аялал, жуулчлалын бүс" болгосугай.

2. "Хөвсгөл нуурын Эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.

3. Төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв, гадаадын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэн хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Үндэсний хөгжлийн газар (Б.Баярсайхан), Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нарт тус тус даалгасугай.

4. Хөвсгөл нуурын "Эко аялал жуулчлалын бүс"-д ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулж, эрхийн бичиг аваагүй, усны тоолуургүй болон холбогдох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдод үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын хилийн заагийг өргөтгөх асуудлыг судалж, Засгийн газарт танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад, "Эко аялал жуулчлалын бүс"-д хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүй тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчин үйл ажиллагааг явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нь зогсоож, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү) нарт тус тус үүрэг болгосугай.

6. Төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн IY дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ