- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 366
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төсвийн тухай хуулийн 10.1.10, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай" Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолын 1.4 дэх дэд заалтын "Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв" гэснийг "Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв" гэж өөрчилсүгэй.
2. "Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв"-ийн дүрэм, орон тоо, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн баталж мөрдүүлэхийг Хөдөлмөр, нийгмийг хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 251
Улаанбаатар хот
ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 10.1.10, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 17.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа "Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв" болон "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт"-ийг нийлүүлэх замаар, "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт" болгож өөрчлөн зохион байгуулсугай.
2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг холбогдох хууль тогтоомж, батлагдсан төсөвтөө багтаан шинэчлэн батлахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгасугай.
3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа "Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв" болон "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт"-ийн хаалтын балансыг гаргаж, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг зохих журмын дагуу "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт"-д шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай" Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолын 1.4 дэх дэд заалт, 3 дахь заалт, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 366 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА
Текст томруулах
A
A
A
