- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 89
Төрийн ордон,Улаанбаатар хот
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.19 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:
1/татварын орлого, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогыг төсөвт бүрэн төвлөрүүлэх, батлагдсан төсвийг зориулалтын дагуу хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах, Засгийн газрын худалдан авах ажиллагааг хуулиар тогтоосон хугацаанд төсөвт өртөгт багтаан зохион байгуулах;
2/Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан татан буулгасан, нэгтгэн зохион байгуулсан Засгийн газрын тусгай сангуудын өр авлагыг барагдуулах, зээл олголт, түүнд хяналт тавихтай холбогдсон хуульд заасан журмыг баталж мөрдүүлэх;
3/орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг гадаадын зээл, тусламж болон дотоодын банк, санхүүгийн байгууллагаас бүрдүүлэн, эх үүсвэрийн хэмжээг 2020 оны эхний хагас жилд багтаан 2018 оны түвшинд хүргэх;
4/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэртэй холбоотой мэдээллийг бүрэн бүртгэж, бүртгэлийг цахимжуулах, хуулийн дагуу газрын төлбөр ногдуулж, хураах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж ажиллах.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Б.Чойжилсүрэн/-нд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
