- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ОРДНЫ МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 457
Улаанбаатар хот
ТӨРИЙН ОРДНЫ МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр тогтмол хангах, иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах, холбогдох байгууллагын төлөөллийн уулзалт хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх, нийтлэг үйлчилгээ үзүүлэх зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа "Амралт, үйлчилгээний цогцолбор"-ыг "Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор" болгон өөрчлөн зохион байгуулсугай.
2. Засгийн газрын "Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв"-ийг "Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор"-ын байранд шилжүүлэн байршуулж, үйл ажиллагааг нь нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, цогцолборын дүрэм, орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг баталж мөрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгасугай.
3. Засгийн газрын мэдээлэл, үйлчилгээтэй холбоотой зардлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсвөөс, бусад зардлыг цогцолборын өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлж байхаар тогтоохыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгасугай.
/ Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон /
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр
Дугаар 400
Улаанбаатар хот
ТӨР, ЗАСГИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 17.1.1, 17.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 28 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор" (Төрийн ордны зоогийн газар, "Элит" төв, "Горхи" амралт) төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, "Засгийн газрын хэвлэх үйлдвэр" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон тус тус татан буулгаж, чиг үүргийг нь Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт шилжүүлсүгэй.
2. Татан буугдсан төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын эд хөрөнгөд тооллого хийж,хаалтын баланс гаргах, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт шилжүүлэх, бүртгэх болон өр төлбөрийг барагдуулах, чөлөөлөгдсөн ажилтнуудад тэтгэмж олгох зэрэг хууль тогтоомжид заасан арга хэмжээг зохион байгуулах комисс томилон ажиллуулах талаар зохих арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.
3. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дүрэмд зохих өөрчлөлт оруулж, татан буугдсан төрийн өмчит үйлдвэрийн газруудын шилжүүлсэн чиг үүргийг хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлэхэд ашиг сонирхлын зөрчил, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчмыг баримтлан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмын дагуу гүйцэтгүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор байгуулах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 457 дугаар тогтоол, "Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 2 дахь заалтын ""Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, "Засгийн газрын хэвлэх үйлдвэр" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар" гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
