A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 470

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.5, 13.12, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 96 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам"-ын 2.11, 2.24 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ "2.11. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэхүү журмын 2.7, 2.9-д заасан мэдээллийг Өрхийн мэдээллийн нэгдсэн сантай тулган хүүхдийн мөнгө олгох хүүхдийн нэрсийн жагсаалтыг тухайн сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Төрийн сангийн газар (цаашид "Төрийн сангийн газар" гэх)-т цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ."

2/ "2.24. Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан өрхийн хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас тооцон олгож өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ."

2. Мөн журмын 3.1, 3.9 дэх заалтыг тус тус хассугай.

3. Мөн журмын 3.10 дахь заалтын дугаарыг "3.9" гэж өөрчилсүгэй.

4. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн хүүхэд бүрд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоход 2020 онд дутагдах санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсвийн хуваарьт зохицуулалт хийж шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгасугай.

5. Энэ тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ