- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 473
Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, 8.4, 9.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан 22 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах, 2 дугаар хавсралтад заасан 13 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд 2020 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт тус тус зөвшөөрсүгэй.
2. Япон Улсын "ЖАЙКА" байгууллагын Техникийн хамтын ажиллагааны "Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл"-ийн гүйцэтгэгч "Си Ти Ай" ХХК-ийн 7, Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар баригдах 5 сургууль, 1 цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх "БСИЖМН" ХХК-ийн 11, Канад Улсын Гадаад Хэргийн Яамны дэмжлэгтэйгээр "Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь" төслийн үйл ажиллагаа явуулах Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн байгууллагын 1, Суурин төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах Монгол дахь Конрад-Аденауэр-сангийн 2, Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экзим банк хооронд байгуулсан нэг тэрбум америк долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэх "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн 500, "Монгол Улсын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай" төсөл хэрэгжүүлэх гэрээний хүрээнд Замын-Үүд болон Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил гүйцэтгэх "Жунмэй Инженеринг Групп" компанийн 600 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2020 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.
3. Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан төлбөрт үзлэгт хамруулж байхыг ажил олгогчид, эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд тус тус үүрэг болгосугай.
4. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасан хэмжээнээс илүү тооны гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулж байгаа тохиолдолд мөн хуулийн 43.2, 43.3-т заасныг хэрэгжүүлэх талаар орон нутгийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт үүрэг болгосугай.
5. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2020 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
