- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 485
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3, мөн зүйлийн 6, 7 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам"-ын 2 дахь заалтын "в/" дэд заалтын дараа дор дурдсан агуулгатай "в1/", "в2/", "в3/", "в4/" дэд заалтыг тус тус нэмсүгэй:
"в1/. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн эхийн хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацааны шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан хувь хэмжээгээр тооцно. Ийнхүү тооцсон дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг даатгуулагч эх гэрээнд заасан хугацаанд өөрөө, үлдэх 50 хувийг нийгмийн даатгалын байгууллага сар бүр тэтгэмжийн даатгалын сангаас нийгмийн даатгалын холбогдох сангийн харилцах дансанд шилжүүлнэ.
в2/. Энэ журмын "в/", "в1/"-т зааснаас бусад эхийн хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацааны шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан хувь хэмжээгээр тооцно. Ийнхүү тооцсон дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг даатгуулагч эх гэрээнд заасан хугацаанд өөрөө, үлдэх 50 хувийг улсын төсвөөс сар бүр нийгмийн даатгалын төв байгууллагын холбогдох сангийн харилцах дансанд шилжүүлнэ.
в3/. Энэ журмын "в1/", "в2/"-т заасан даатгуулагч эх тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш дүнгээр сайн дураар даатгуулах бол ногдох шимтгэлийг өөрөө хариуцан төлнө. Нийгмийн даатгалын байгууллага энэ журмын "в1/", "в2/"-т заасныг хэрэгжүүлэхдээ хүүхдээ асарч байгаа эхтэй Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 5 дугаар зүйлд заасны дагуу сайн дурын даатгалын гэрээ байгуулна.
в4/. Энэ журмын "в1/", "в2/"-т заасан тэтгэмжийн даатгалын сангаас болон улсын төсвөөс шилжүүлсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төв байгууллага нь холбогдох аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн зохих сангийн харилцах дансанд шилжүүлэх ба даатгуулагч эхийн харьяалах нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) нь төлсөн шимтгэлийг даатгуулагч бүрээр бүртгэж, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл ногдуулсан орлогын хэмжээ, төлсөн шимтгэлийг бичиж баталгаажуулна.
2. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам"-ын 2 дахь заалтын "в/" дэд заалтын "асрахаар тэтгэмжтэй" гэснийг "гурван нас хүртэл асрах" гэж өөрчилсүгэй.
3. Энэ тогтоолын хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт болон нийгмийн даатгалын сангийн төсөвт тусгаж, санхүүжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тус тус үүрэг болгосугай.
4. Энэ тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 60
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 10 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 20, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Hийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (Т.Аюурсайхан)-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоол, "Зарим журам, дүрэм, тогтоолын заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, тогтоол, тогтоолын заалт хүчингүй болсонд тооцох тухай" Засгийн газрын 1996 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 128 дугаар тогтоолын 1-3 дахь заалт, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 26 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 318 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 485 дугаар тогтоол, "Журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 207 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АЮУРСАЙХАН
Текст томруулах
A
A
A