A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 5

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Иргэний нисэхийн тухай хуулийн 6.1.4, "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-ын 4.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 175 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр"-т дор дурдсан агуулга бүхий 5.20, 6.22 дахь заалт нэмсүгэй:

1/ "5.20. Ерөнхий газар нь нисэх буудал, агаарын тээвэрлэгч, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага болон холбогдох бусад байгууллагууд өөрсдийн нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны эрсдэлийн үнэлгээг үр дүнтэй хийж гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг хоорондоо тухай бүр солилцох зохицуулалт бүхий журам боловсруулж, хэрэгжүүлнэ."

2/ "6.22. Нисэх буудлын хориотой бүсэд нэвтрүүлэх худалдааны болон хангамжийн бараа, бүтээгдэхүүнд аюулгүй байдлын хяналт тавих бөгөөд үүнд бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шат, дамжлага бүрт хийх аюулгүй байдлын үйл ажиллагаа, аюулгүй байдлын үзлэг хамаарна."

2. Мөн хөтөлбөрийн 5.12, 5.17, 8.3, 11.3, 14.1, 15.13 дахь заалтыг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

1/ "5.12. Тагнуулын байгууллага нь энэ хөтөлбөр болон үндэсний бусад баримт бичигт заасан байгууллагын ашигладаг иргэний нисэхийн чухал мэдээлэл, харилцаа, холбооны систем, өгөгдлүүдийг тодорхойлсон байх бөгөөд тэдгээрийг эрх бүхий байгууллагын хийсэн эрсдэлийн үнэлгээний дагуу хууль бус халдлагаас хамгаалах арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлнэ."

2/ "5.17. Тагнуулын байгууллага нь нисэх буудлын хориотой бүсэд нэвтрүүлэх худалдааны болон хангамжийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шат, дамжлага бүрийн аюулгүй байдал, харилцаа, холбооны систем, өгөгдлүүдийн аюулгүй байдлын төлөвлөлт, сүлжээний тусгаарлалт, хамгаалалт, алсын тандалтын хязгаарлалтын арга хэмжээ авснаа баталгаажуулна."

3/ "8.3. Зорчигч, тэдгээрийн гар тээшинд хийх аюулгүй байдлын үзлэгийн журмыг нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлнэ. Зорчигчийн бие болон гар тээшинд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл байгаа эсэхийг тогтоох үзлэгийн тохиромжтой аргыг ашиглах бөгөөд эдгээр аргыг тогтмол ашиглаагүй тохиолдолд тэдгээрийг урьдчилан тааварлах боломжгүй байдлаар хэрэглэнэ." 4/ "11.3. Агаарын тээвэрлэгч нь зорчигчийн хоол, хүнс, нөөц, хангамжийн зүйлс, нисэх буудлын хориотой бүсэд нэвтрүүлэх худалдааны болон хангамжийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шат дамжлагад хяналт тавихад аюулгүй байдлын үйл ажиллагаа, аюулгүй байдлын үзлэгийн аргын аль тохирохыг хэрэглэх бөгөөд хяналт шалгалт хийгдсэн агаарын хөлгийн хангамжийн эд зүйлс, нислэгийн хоол, хүнс, нөөц, бараа, бүтээгдэхүүнийг тухайн агаарын хөлөгт ачих хүртэл хамгаална."

5/ "14.1. Тагнуулын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гарсан, эсхүл иргэний нисэхийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хөндлөнгийн хууль бус үйлдлийн талаар авсан мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, энэ талаар холбогдох этгээдэд боломжит хэлбэрээр тухай бүр дамжуулах, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх асуудлыг хариуцна."

6/ "15.13. Ерөнхий газар нь энэ хөтөлбөрийн дагуу нисэхийн аюулгүй байдлын зааварлагчийн сургалтын хөтөлбөр боловсруулж, зааварлагчийг үнэмлэхжүүлэх тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлнэ.".

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.ЭНХ-АМГАЛАН