- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 454
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Mонгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 59.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 6 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам"-д дор дурдсан агуулга бүхий 7.4 дэх заалтыг нэмсүгэй:
1/ Журмын 7.4 дэх заалт:
"7.4. Төрийн албан хаагчийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг төсвийн захирагч батлагдсан төсөвтөө багтаан энэ журмын 7.3-т заасан шийдвэрийг үндэслэн Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан төсвийн зарлагын хэмнэлтээс хууль тогтоомжийн дагуу нөхөн төлнө."
2. Мөн журмын 7.2, 7.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ Журмын 7.2, 7.3 дахь заалт:
"7.2. Улсын хэмжээнд лавлагаа тусламж үзүүлдэг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх дүгнэлт бүхий төрийн албан хаагч нөхөх төлбөр хүссэн өргөдлөө дараахь материалын хамт бүрдүүлэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандана:
7.2.1. иргэний үнэмлэхийн хуулбар;
7.2.2. оршин суугаа нутаг дэвсгэрийн өрх, сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт;
7.2.3. ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт;
7.2.4. гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх дүгнэлт;
7.2.5. эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, шимтгэл төлсөн тэмдэглэлийн хуулбар;
7.2.6. гадаад улсад эмчилгээ хийсэн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт, төлбөр төлсөн баримт (англи хэлнээс бусад хэлээр үйлдсэн бол монгол хэлээр орчуулсан байх).
7.3. Төрийн албан хаагчийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний материалыг Эрүүл мэндийн сайдын дэргэдэх гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөл хэлэлцэн, шийдвэрийг харьяалагдах төсвийн захирагчид албан бичгээр хүргүүлнэ.".
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх