A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр

Дугаар 125

Улаанбаатар хот

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Төсвийн тухай хуулийн 10.1.10, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хэлэлцээрийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эмнэлгийн болон сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх, тэдний хөгжлийг дэмжих чиг үүрэг бүхий "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд байгуулж, дүрмийг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2020 оны 43 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг байгуулсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авахыг дараахь албан тушаалтанд даалгасугай:

2.1. Батлагдсан төсөвтөө багтаан төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталж, үйл ажиллагааг энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэх, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хэлэлцээрийн хүрээнд олгосон буцалтгүй тусламжийн хэмнэгдсэн хөрөнгийг төвийн гадна болон дотор тохижилтод зарцуулах талаар арга хэмжээг авч, дүнг Засгийн газарт танилцуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт;

2.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх, хиймэл эрхтэн, туслах хэрэгслийг үйлдвэрлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлэх тусгай зөвшөөрлийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд олгож, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд;

2.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллах хүний нөөцийг бэлтгэх, сургалт зохион байгуулах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нарт;

2.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн барилгын доорх газар эзэмших гэрчилгээг шинээр олгохыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд;

2.5. Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хэлэлцээрийн дагуу "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв барих" төслийн хүрээнд бий болсон хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн өмчид бүртгэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Ганбат)-т.

3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ