- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХИЛИЙН ЗАРИМ БООМТЫГ ТҮР ХААХ, НЭВТРЭХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр
Дугаар 39
Улаанбаатар хот
ХИЛИЙН ЗАРИМ БООМТЫГ ТҮР ХААХ, НЭВТРЭХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ
Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 01/01 дүгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор шинэ коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараахь арга хэмжээ авахыг холбогдох сайд, дарга нарт даалгасугай: 1.1. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд болон тус улсаас ирж байгаа гуравдагч орны иргэн, харьяалалгүй хүнийг 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосугай. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 64, 102, 147, 188, 234, 1, 31, 70, 103, 159 дүгээр тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)
1.2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас ирэх Монгол Улсын иргэдийг 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд авто замын Булган-Такашикэн, Баянхошуу-Өвдөг, төмөр замын Замын-Үүд-Эрээний боомт болон агаарын замын Буянт-Ухаа (Чингис хаан олон улсын нисэх буудал) боомтоор, мөн оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд агаарын замын Буянт-Ухаа боомт болон төмөр замын Замын-Үүд-Эрээний боомтоор олон улсын галт тэргээр тус тус улсын хил нэвтрүүлсүгэй.
(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 63 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.)
1.3. Монгол, Хятадын хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат авто замын боомтуудыг түр хаасугай.
(Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 177 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон.)
1.4. Агаарын замын Буянт-Ухаа (Чингис хаан олон улсын нисэх буудал) боомт болон Замын-Үүд-Эрээний төмөр замын боомтоор хуваарийн дагуу хил нэвтэрч байгаа ачаа тээврийн галт тэрэг, зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдийг зохих журмын дагуу шалгаж улсын хил нэвтрүүлсүгэй.
1.5. Монгол, Хятадын хилийн Булган-Такашикэн, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг авто замын боомтоор хил нэвтэрч байгаа ачаа тээврийн авто машин болон тэдгээрийн жолооч нарыг зохих журмын дагуу шалгаж улсын хил нэвтрүүлсүгэй.
2. Энэ тогтоолын 1.4, 1.5-д заасан этгээдийн эрүүл мэндийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү)-т тус тус даалгасугай.
3. Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу албан ажлын зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлөөр улсын хил нэвтрүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн)-т даалгасугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 64 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон.)
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 67
Улаанбаатар хот
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсантай холбогдуулан "Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 386 дугаар тогтоол, "Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай" Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
2. Энэ шийдвэрийг Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад дипломат шугамаар мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт, тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн)-т даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
