A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 01 сарын 30 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БYЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино.

2 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."18 нас хүрсэн" гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг;

3.1.2."нэр дэвшигч" гэж 18 нас хүрсэн, энэ хуульд заасан журмын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг;

3.1.3."итгэмжлэгдсэн ажилтан" гэж улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг;

3.1.4."итгэмжилсэн хүн" гэж сонгогч өөрөө тухайлан сонгож, санал өгөхөд нь унших, бичих хэлбэрээр туслалцаа үзүүлэх чадвартай, насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;

3.1.5."сонгогч" гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугчаар бүртгэгдэн оршин сууж байгаа сонгуулийн эрх бүхий иргэнийг;

3.1.6."сонгуулийн эрх бүхий иргэн" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг;

3.1.7."сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон" гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг;

3.1.8."цахим хуудас" гэж бүх төрлийн контентыг интернэтийн домэйн нэр болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээг ашиглан хэрэглэгчид хүргэдэг программ хангамжийг;

3.1.9."ял эдэлж байгаа" гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг.

4 дүгээр зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль

Хэвлэх

4.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль /цаашид "орон нутгийн Хурлын сонгууль" гэх/ нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх үндсэн арга мөн.

4.2.Орон нутгийн Хурлын сонгуулиар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны орон нутгийн Хурлын Төлөөлөгчийг сонгоно.

4.3.Орон нутгийн Хурлын сонгууль нь ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль гэсэн төрөлтэй байна.

4.4.“Ээлжит сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил тутам явагдаж байгаа сонгуулийг ойлгоно.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.5.“Ээлжит бус сонгууль” гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд явагдах сонгуулийг ойлгоно.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.6.“Нөхөн сонгууль” гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41, 42 дугаар зүйлд зааснаар Хурлын Төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.7.“Дахин сонгууль” гэж төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол тухайн тойрогт энэ хуульд заасны дагуу шинээр явагдах сонгуулийг ойлгоно.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.8.Орон нутгийн Хурлын сонгууль олонхын /мажоритар/ тогтолцоотой байна.

4.9.Орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалт дараах төрөлтэй байна:

4.9.1.нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тохиолдолд явагдах нэмэлт санал хураалт;

4.9.2.энэ хуулийн 79 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд явагдах дахин санал хураалт.

5 дугаар зүйл.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх

Хэвлэх

5.1.Тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн /цаашид "иргэн" гэх/ үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, тухайн шатны Хурлын Төлөөлөгчийг сонгох эрхтэй.

5.2.18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.3.Ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд 18 нас хүрсэн, тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

5.4.Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих ял эдэлж байгаа иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.

/Энэ хэсгийн дугаарт 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.5.Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

/Энэ хэсгийн дугаарт 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6 дугаар зүйл.Төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрх

Хэвлэх

6.1.Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг Хурлын төлөөлөгчид /цаашид “төлөөлөгч” гэх/ нэр дэвшүүлэх эрхтэй.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.2.Орон нутгийн Хурлын сонгуульд намууд эвсэл байгуулан оролцож, төлөөлөгчид нэр дэвшүүлж болно.

6.3.Эвсэлд нэгдсэн бүх нам энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна.

6.4.Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн орон нутгийн Хурлын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэх эрхтэй.

6.5.Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно.

7 дугаар зүйл.Сонгуулийн зарчим

Хэвлэх

7.1.Сонгуулийн зарчим нь иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ.

7.2.Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд түүнд сонгогч бүр оролцох эрхтэй.

7.3.Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа нууцаар гаргана.

7.4.Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална:

7.4.1.хууль дээдлэх;

7.4.2.ил тод байдлыг хангах;

7.4.3.шударга ёсыг сахих.

7.5.Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зарчим нь сонгогч саналаа нууцаар гаргахад хамаарахгүй.

7.6.Сонгогч саналаа нууцаар өөрөө гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа өгөх боломжоор хангагдсан байна.

8 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах

Хэвлэх

8.1.Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахтай холбогдсон харилцааг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиар зохицуулна.

9 дүгээр зүйл.Орон нутгийн Хурлын сонгууль товлон зарлах

Хэвлэх

9.1.Монгол Улсын Их Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.

9.2.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна.

9.3.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна.

9.4.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас орон нутгийн Хурлын ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно.

9.5.Сонгууль товлон зарласны дараа энэ хуулийн 9.4-т заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Монгол Улсын Их Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.

9.6.Энэ хуулийн 9.4, 9.5-д заасан онцгой нөхцөл арилсны дараа Монгол Улсын Их Хурал ажлын долоон өдөрт багтаан, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлана.

9.7.Бүрэн эрх нь дуусгавар болж байгаа тухайн орон нутгийн Хурал ээлжит бус сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 10 өдрийн дотор, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн ээлжит бус сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.8.Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш 60 хоногт багтаан товлон зарлана.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.9.Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.

9.10.Энэ хуулийн 9.9-д заасан хугацаанд тухайн шатны сонгуулийн хороо дахин сонгуулийг санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлах, нөхөн болон дахин сонгуулийг энэ хуульд нийцүүлэн зохион байгуулах үүрэгтэй.

9.11.Дахин сонгууль зохион байгуулах тухайн шатны сонгуулийн хороо нь татан буугдсан, эсхүл бүрэлдэхүүнгүй болсон бол Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд нийцүүлэн тухайн шатны сонгуулийн хороог байгуулна.

9.12.Орон нутгийн Хурлын сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хороо батална.

9.13.Энэ хуулийн 9.10-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасны дагуу төрийн албанаас хална.

10 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа

Хэвлэх

10.1.Орон нутгийн Хурлын сонгууль зохион байгуулахтай холбогдсон доор дурдсан зардлыг Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт тусгаж, улсын төсвөөс санхүүжүүлнэ:

10.1.1.сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны зардал;

10.1.2.нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, менежер, ухуулагч болон сонгуулийн ажиглагчийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн таних тэмдэг, саналын хуудас, сонгуулийн дүн, мэдээний маягт, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хороод /цаашид "сонгуулийн хороо" гэх/-ын албан бичгийн хэвлэмэл хуудас, үнэмлэх, батламж хэвлүүлэх, төрийн далбаа, тэмдэг хийлгэх, бэлтгэх, хүргэх зардал;

10.1.3.санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаанд хэрэглэх техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, программ хангамж, санал тэмдэглэх хэрэгсэл худалдан авах, түрээслэх, ашиглах, хамгаалах, хадгалах, засвар үйлчилгээ хийх, тээвэрлэх, даатгал, лицензийн төлбөр, санал хураалтын дүнгийн мэдээ дамжуулах зардал;

10.1.4.саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтас, брайль хавтас, дугтуй, саналын хуудасны уут, лац болон тэдгээрийг худалдан авах, тээвэрлэх зардал;

10.1.5.саналын хайрцаг хийх, хүргэх, сонгуулийн хэсгийн хороодын ажиллах болон санал авах байр бэлтгэх зардал;

10.1.6.сонгуулийн хууль тогтоомж болон сонгууль зохион байгуулахтай холбогдсон эрх зүйн бусад акт, гарын авлага, сургалт, сурталчилгааны материал боловсруулах, хэвлэх, хүргэх, архивын баримт үүсгэх, устгах зардал;

10.1.7.сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах болон сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажлын явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах арга хэмжээний зардал;

10.1.8.байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнуудад гэрчилгээ олгох сургалт зохион байгуулах зардал;

10.1.9.сонгууль зохион байгуулахтай холбогдсон сургалтын зардал;

10.1.10.сонгуулийн хорооны ажилтан, мэдээллийн технологийн багийн болон ажлын хэсгийн гишүүн, даамал, нөөц даамлын ажилласан хугацааны мөнгөн урамшуулал, хоолны зардал;

10.1.11.сонгуулийн хорооны бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;

10.1.12.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал;

10.1.13.дахин болон нэмэлт санал хураалт явуулах зардал;

10.1.14.энэ хуулийн 45, 46 дугаар зүйл, 47.10-т заасан сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулахтай холбогдон гарах зардал;

10.1.15.сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах бусад зардал.

10.2.Орон нутгийн Хурлын сонгууль зохион байгуулахтай холбогдсон доор дурдсан зардлыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тухайн жилийн төсөвт тусгаж, улсын төсвөөс санхүүжүүлнэ:

10.2.1.сонгогчийг бүртгэх, түүнийг таньж оруулах техник хэрэгсэл, сэлбэг, программ хангамж худалдан авах, түрээслэх, ашиглах, хадгалах, хамгаалах, засвар үйлчилгээг хийх, тээвэрлэх, даатгал хийлгэх зардал, лицензийн төлбөр;

10.2.2.сонгогчийн нэрийн жагсаалт үйлдэх, түүнийг цахим хуудаст байршуулах, хэвлэх, хүргэх, мэдээлэл, сурталчилгаа явуулах, түүнтэй холбогдон гарах бусад зардал;

10.2.3.улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн болон гэрээт ажилтны мөнгөн урамшуулал, хоол, холбоо, унаа, томилолтын зардал;

10.2.4.улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн болон гэрээт ажилтны сургалт зохион байгуулах, түүнтэй холбогдон гарах бусад зардал;

10.2.5.сонгогчийг бүртгэх техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын ажилтны томилолт, унааны зардал, техник тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн шуурхай багийн ажилтны мөнгөн урамшуулал, хоолны зардал;

10.2.6.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал;

10.2.7.сонгуулийг зохион байгуулахтай холбогдон гарах бусад зардал.

10.3.Орон нутгийн Хурлын сонгууль зохион байгуулахтай холбогдсон доор дурдсан зардлыг цагдаагийн байгууллагын тухайн жилийн төсөвт тусгаж, улсын төсвөөс санхүүжүүлнэ:

10.3.1.саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хамгаалах, хүргүүлэх үеийн хамгаалалт, санал авах байр болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, дүн дамжуулах үеийн хамгаалалт, техник хэрэгсэл, шатахууны зардал;

10.3.2.цагдаагийн алба хаагчийн томилолт, унаа, мөнгөн урамшуулал, хоолны зардал.

10.4.Төрийн аудитын дээд байгууллага, онцгой байдлын, тагнуулын, төрийн тусгай хамгаалалтын болон шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын орон нутгийн Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдон гарах улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг тухайн жилийн төсөвт тусгана.

10.5.Орон нутгийн Хурлын сонгууль зохион байгуулахтай холбогдсон нэмэлт зардал шаардлагатай тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Төсвийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.

10.6.Орон нутгийн Хурлын ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах энэ хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан байгууллагуудын зардлыг Монгол Улсын Их Хурал баталж улсын төсвөөс санхүүжүүлнэ.

10.7.Монгол Улсын Их Хурлаас баталсан орон нутгийн Хурлын ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

10.8.Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4, 10.5, 10.6, 10.7-д заасан зардлын төлөвлөлт, зарцуулалт, гүйцэтгэлд төрийн аудитын байгууллага хяналт тавьж, аудит хийж, дүгнэлт гаргана.

10.9.Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо батлагдсан төсвийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулах, сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл болон программ хангамж худалдан авахтай холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдтэй сонгон шалгаруулалтгүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах ба үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

10.10.Санал хураалт дууссанаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 10.1-д заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо тайланг нэгтгэж, 60 хоногийн дотор Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

10.11.Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн хороодын тайланд тухайн орон нутаг дахь төрийн аудитын салбар байгууллагаар дүгнэлт гаргуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

11 дүгээр зүйл.Орон нутгийн Хурлын сонгуулийн нутаг дэвсгэрийн хуваарь

Хэвлэх

11.1.Орон нутгийн Хурлын сонгуулийн нутаг дэвсгэр нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн нутаг дэвсгэр байна.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.2.Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана.

11.3.Сонгогчийн саналыг авах, тоолох зорилгоор тойрог нь хэсэгт хуваагдана.

12 дугаар зүйл.Орон нутгийн Хурлын сонгуулийн тойрог байгуулах

Хэвлэх

12.1.Тухайн шатны Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Хурлын төлөөлөгчийн тоонд үндэслэн тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

12.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид "аймгийн Хурал" гэх/-ын сонгуулийг явуулахад аймгийн төвийн баг болон сум тус бүр нь сонгуулийн тойрог болно. Сумын хүн амын тоо нь 5000-аас дээш бол нэмж сонгуулийн тойрог байгуулж болно.

12.3.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид "нийслэлийн Хурал" гэх/-ын сонгуулийг явуулахад хоёр буюу хэд хэдэн хороог нэгтгэн нэг тойрог болгон зохион байгуулж болно.

12.4.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид "дүүргийн Хурал" гэх/-ын сонгууль явуулахад дүүргийн хороог дангаар нь, эсхүл хэд хэдэн хороог нэгтгэн сонгуулийн тойрог болгон зохион байгуулж болно.

12.5.Сумын баг бүр нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид "сумын Хурал" гэх/-ын сонгуулийн тойрог болно.

12.6.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан сонгуулийн тойргийг дараагийн ээлжит сонгууль хүртэл хугацаанд өөрчлөхийг хориглоно.

12.7.Тойрог нь аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.8.Тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна.

13 дугаар зүйл.Орон нутгийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулах

Хэвлэх

13.1.Сонгогчийн санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.2.Сонгуулийн хэсэг байгуулахдаа улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгогчийн тоог үндэслэнэ.

13.3.Хэсэг нь суманд 2000-аас дээшгүй, аймгийн төвийн сум болон дүүрэгт 3000-аас илүүгүй сонгогчтой байх бөгөөд нэг хэсэгт байх сонгогчийн тоо 200-аас доошгүй байна.

13.4.Сонгогчийн тооноос хамааран баг, хороог хувааж сонгуулийн хэсэг байгуулж болох бөгөөд хороог бусад хороотой нэгтгэж хэсэг байгуулахыг хориглоно.

13.5.Энэ хуулийн 13.1-д заасны дагуу байгуулагдсан хэсгийн сонгогчдыг онцгой нөхцөл байдлын улмаас зохион байгуулалттайгаар тухайн хэсгээс тусгаарлах, хэсгийг нэгтгэх, шинээр байгуулах асуудлыг санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлөөр шийдвэрлэж болно.

13.6.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг байгуулсан өдрөөс хойш тав хоногийн дотор энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.7.Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс энэ хуулийн 13.6-д заасан мэдээллийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн тав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

13.8.Энэ хуулийн 13.7-д заасан мэдээллийг үндэслэн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэсгийн дугаарыг улсын хэмжээнд давхардахгүй байхаар тогтооно.

13.9.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн бүтэц, нэр, дугаарт өөрчлөлт оруулахыг хориглоно.

13.10.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан хэсгийг энэ хуульд зааснаас бусад тохиолдолд дараагийн ээлжит сонгууль хүртэл хугацаанд өөрчлөхгүй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

14 дүгээр зүйл.Сонгуулийн байгууллага

Хэвлэх

14.1.Орон нутгийн Хурлын сонгуулийг аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сум, дүүргийн сонгуулийн хороо, сонгуулийн хэсэгт хэсгийн хороо зохион байгуулж явуулна.

14.2.Сонгуулийн ерөнхий хороо нь орон нутгийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

14.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хороо нь байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага /цаашид "сонгуулийн хороо" гэх/ бөгөөд хэсгийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд хамаарна.

14.4.Сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулна.

14.5.Сонгуулийн хороонд ажиллах ажилтны сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

14.6.Сургалтад хамрагдаж, гэрчилгээ аваагүй төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг сонгуулийн хороонд томилохыг хориглоно.

14.7.Сонгуулийн хорооны үйл ажиллагаа түүнийг байгуулсан этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргаснаар дуусгавар болно.

14.8.Сонгуулийн хороо шатлан захирагдах зарчмаар ажиллах ба дээд шатны сонгуулийн хорооны бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг доод шатны сонгуулийн хороо заавал биелүүлнэ.

14.9.Дээд шатны сонгуулийн хороо нь доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.

14.10.Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь; сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна.

14.11.Дээд шатны сонгуулийн хорооноос бүрэн эрхийн хүрээнд өгсөн үүргийг биелүүлээгүй нь тухайн доод шатны сонгуулийн хороо, түүний бүрэлдэхүүнийг өөрчлөх үндэслэл болно.

14.12.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нь сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар байр сууриа илэрхийлэх, сурталчилгаа явуулах, энэ зорилгоор сонгогчоос сонгох эрхээ эдлэхэд болон санал авах, тоолох, дүн дамжуулах ажиллагаанд саад учруулах, бусдыг төлөөлж санал өгөх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, зохион байгуулах, бусад хэлбэрээр дэмжихийг хориглоно.

14.13.Тухайн шатны сонгуулийн хорооноос санал хураалтын дүнгийн талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй байхад аливаа этгээд санал хураалтын дүнгийн талаар мэдэгдэл хийхийг хориглоно.

14.14.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нь Монгол Улсын Их Хурлаас баталсан сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрмийг баримтлан ажиллана.

14.15.Сонгуулийн хорооноос сонгууль зохион байгуулах, сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад төрийн албан хаагч, нэр дэвшигч, сонгуульд оролцож байгаа нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагч болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно.

14.16.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, бусад байгууллага нь сонгууль зохион байгуулахад энэ хууль болон холбогдох бусад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцож, сонгуулийн зохих шатны байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, тэдгээрийн ажилд туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

14.17.Сонгуулийн хорооны ажиллах болон санал авах байрыг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгнө.

14.18.Сонгуулийн хорооны аюулгүй байдлыг хангасан ажиллах байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны Засаг дарга хариуцна.

14.19.Сонгуулийн хороо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

14.20.Энэ хуулийн 14.12-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасна.

14.21.Төрийн албан хаагч энэ хуулийн 14.12-т заасныг зөрчсөн нь түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

15 дугаар зүйл.Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрх

Хэвлэх

15.1.Сонгуулийн ерөнхий хороо нь орон нутгийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахад энэ хууль болон Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

16 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэн эрх

Хэвлэх

16.1.Аймаг, нийслэлийн Хурал санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.2.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.2.1.сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;

16.2.2.аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох;

16.2.3.саналын хуудаст бичигдэх нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тулган нягталж, баталгаажуулан үнэн зөвийг хариуцах;

16.2.4.аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх;

16.2.5.аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн мэдүүлэх;

16.2.6.аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалт, ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль зохион байгуулж явуулах ажлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд заасны дагуу зохион байгуулах;

16.2.7.сум, дүүргийн сонгуулийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалтын хувьд нэгдсэн удирдлагаар хангах;

16.2.8.сум, дүүргийн сонгуулийн хорооны ээлжит, ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль, нэмэлт санал хураалтын үеийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

16.2.9.сонгууль зохион байгуулахтай холбогдсон асуудлаар тухайн нутаг дэвсгэр дэх зохих шатны төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрийн удирдах албан тушаалтны мэдээллийг сонсож, шаардлагатай арга хэмжээ авах;

16.2.10.Сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, зохих журмын дагуу харьяалах сонгуулийн хороонд хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих;

16.2.11.саналын хуудас болон сонгуульд ашиглах техник хэрэгслийг хүргүүлэх, хадгалах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих;

16.2.12.аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд харьяалах сонгуулийн хороодын шийдвэрийн талаарх өргөдөл, гомдлыг бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэх, хариуг бичгээр өгөх, доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох;

16.2.13.санал хураалтын дүн, холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу хүргүүлэх;

16.2.14.энэ хуулийн 9.7, 9.10-т заасны дагуу сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулах, дахин сонгуулийг товлон зарлах;

16.2.15.сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд өгсөн үүргийг биелүүлэх;

16.2.16.бусад.

17 дугаар зүйл.Сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэн эрх

Хэвлэх

17.1.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.

17.2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус, нөхөн сонгуулиар тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.3.Сум, дүүргийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.3.1.сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;

17.3.2.сум, дүүргийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох;

17.3.3.сум, дүүргийн Хурлын сонгуулийн саналын хуудаст бичигдэх нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тулган нягталж, баталгаажуулан үнэн зөвийг хариуцах;

17.3.4.сум, дүүргийн Хурлын сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх;

17.3.5.сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн мэдүүлэх;

17.3.6.нутаг дэвсгэртээ явагдсан аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн дүнг нэгтгэж, дээд шатны сонгуулийн хороонд хүргэх;

17.3.7.сум, дүүргийн Хурлын нэмэлт санал хураалт, ээлжит бус, дахин болон нөхөн сонгууль зохион байгуулж явуулах ажлыг эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;

17.3.8.харьяалах хэсгийн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

17.3.9.аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, харьяалах хэсгийн хорооны үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах зардлыг гаргах, зарцуулалтад хяналт тавих;

17.3.10.өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж, хариуг бичгээр өгөх;

17.3.11.харьяалах хэсгийн хорооноос ирүүлсэн санал хураалтын дүнг нэгтгэж, харьяалагдах аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргэх;

17.3.12.дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;

17.3.13.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу гаргаж, харьяалагдах аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх;

17.3.14.саналын хуудас болон сонгуульд ашиглах техник хэрэгслийг хүргүүлэх, хадгалах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих;

17.3.15.энэ хуулийн 9.10-т заасны дагуу дахин сонгуулийг товлон зарлах;

17.3.16.хуульд заасан бусад.

18 дугаар зүйл.Хэсгийн хорооны чиг үүрэг

Хэвлэх

18.1.Сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон зургаа, эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ.

18.2.Хэсгийн хороо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.2.1.хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;

18.2.2.санал авах байр, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох, дүн гаргах, дамжуулах төхөөрөмж /цаашид "санал тоолох төхөөрөмж" гэх/ зэрэг санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;

18.2.3.санал хураалтын дүнг танилцуулах, нэн даруй дамжуулах;

18.2.4.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу гаргаж, сум, дүүргийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх;

18.2.5.дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;

18.2.6.хуульд заасан бусад чиг үүрэг.

18.3.Хэсгийн хорооны дарга нь хэсгийн хорооны чиг үүрэгт хамаарах ажлыг удирдан зохион байгуулж, хууль зүйн хариуцлагыг хүлээнэ.

18.4.Хэсгийн хороо нь санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэхгүй.

19 дүгээр зүйл.Сонгуулийн хорооны ажлын зохион байгуулалт

Хэвлэх

19.1.Сонгуулийн хороод энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.

19.2.Хуралдаанд сонгуулийн хорооны бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол тухайн хуралдааныг хүчинтэйд тооцно.

19.3.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонгуулийн хорооны үйл ажиллагаанд оролцохгүй байх, хуралдаанд ирэхгүй байх, таслах, хуралдааныг орхих, хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзахыг хориглоно.

19.4.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхисон тохиолдолд түүнийг хуралдаанд оролцож тухайн асуудлаар татгалзсан санал өгсөнд тооцно.

19.5.Сонгуулийн хорооны тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

19.6.Тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын аль нэг нь тогтоолд гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.

19.7.Сонгуулийн хороод нь шаардлагатай тохиолдолд ажлын бус өдөр болон илүү цагаар ажиллаж болно.

19.8.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийг долоо хоног бүрээр гаргаж, тухайн сонгуулийн хорооны мэдээллийн самбарт ил тод тавина.

19.9.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сонгуулийн хорооны үйл ажиллагаа болон хуралдаанд оролцох боломжгүй болсон бол энэ тухайгаа бичгээр болон бусад хэлбэрээр урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.

19.10.Энэ хуулийн 19.3, 19.9-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах асуудлыг тухайн сонгуулийн хороог байгуулсан дээд шатны сонгуулийн хороо гурав хоногийн дотор шийдвэрлэж, нэн даруй нөхөн томилно.

19.11.Сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан хуралдааны дэг, тэмдэглэл хөтлөх журмыг баримтлах ба сонгуулийн хорооны дарга гишүүний ажил үүргийн хуваарийг тогтооно.

19.12.Сонгуулийн хорооны хуралдаанд сонгуульд оролцож байгаа нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, ажиглагчдыг байлцуулж болно. Хуралдааныг ажиглах, дуу болон дүрс бичлэг хийх боломжоор хангах асуудлыг хуралдааны дэгээр зохицуулна.

19.13.Сонгуулийн хорооны хуралдааныг ажиглаж байгаа этгээд нь тухайн сонгуулийн хорооны бүрэн эрхийн асуудалд хөндлөнгөөс оролцох, даргалагчийн зөвшөөрөлгүй үг хэлэх зэргээр хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно. Хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан этгээдийг хуралдаанаас нэн даруй гаргана.

19.14.Сонгуулийн хорооны хуралдааны шийдвэрийг нэн даруй нийтэд, ил тод мэдээлнэ.

19.15.Сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу бүртгэнэ.

19.16.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргана.

19.17.Сонгуулийн хорооны ажилтныг энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, халах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.

19.18.Төрийн албан хаагчийг сонгуулийн хороонд ажиллах хугацаанд харьяалах байгууллага нь цалинтай чөлөө олгоно.

19.19.Хуульд өөрөөр заагаагүй бол доод шатны сонгуулийн хорооны шийдвэр, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргаж болох бөгөөд зохих шатны сонгуулийн хороо гомдлыг хүлээж авснаас хойш гурван хоногийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид хариуг бичгээр мэдэгдэнэ.

19.20.Сонгуулийн хороо сонгууль зохион байгуулахтай холбогдсон, түүнчлэн хууль зөрчсөн тухай асуудлыг шалгуулах, эсхүл зөрчлийг таслан зогсоох асуудлаар сонгуулийн тухай хууль тогтоомжоор үүрэг хүлээсэн аливаа байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих эрхтэй. Уг шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан ажлын гурван өдрийн дотор шийдвэрлэж, хариуг бичгээр мэдэгдэнэ.

19.21.Сонгуулийн хорооноос бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрийн бүх байгууллага, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

20 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх

Хэвлэх

20.1.Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, эдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана.

20.2.Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар бичнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.3.Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс нь тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулсан нутаг дэвсгэр, төвийн мэдээллийг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь тухайн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчдын бүртгэлтэй тулган шалгаж улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.4.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс эхэлж орон нутгийн Хурлын сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.5.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчийг энэ хуулийн 20.4-т заасан цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангана.

20.6.Доор дурдсан байгууллага дараах иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс болон бусад шаардлагатай мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ:

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.6.1.эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Улсын дээд шүүх;

20.6.2.хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;

20.6.3.60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг хил хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;

20.6.4.тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч санал авах өдөр харьяа тусгай анги, салбарт нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг хил хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;

20.6.5.тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага;

20.6.6.тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, дотоодын цэргийн анги, нэгтгэлд нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг цагдаагийн төв байгууллага;

20.6.7.тухайн жилд Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага.

20.7.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 20.6-д заасан мэдээллийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

20.8.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.6.1, 20.6.2, 20.6.3, 20.6.4, 20.6.5, 20.6.6-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалгүйгээр "Тайлбар" хэсэгт "Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийх бөгөөд нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй.

20.9.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.4-т заасны дагуу цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ:

20.9.1.сонгогчоос энэ хуулийн 20.4-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;

20.9.2.энэ хуулийн 24.3-т заасан хугацаанаас өмнө хийгдсэн сонгогчийн байнга оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт;

20.9.3.сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хүйс, иргэний бүртгэлийн дугаар зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;

/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.9.4.нас барсан иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;

20.9.5.энэ хуулийн 20.6-д заасан иргэдийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлт.

20.10.Хэсгийн хороо нь сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, байргүй бол сум, хорооны Засаг даргын тамгын газрын байранд сонгогчийн өөрт нь холбогдох мэдээлэлтэй чөлөөтэй танилцах бололцоо олгоно.

20.11.Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.

20.12.Сонгогчдын нэрийн жагсаалт нь зөвхөн нэг нэрийн жагсаалтаас бүрдэх бөгөөд энэ хуульд заасныг зөрчин сонгогчдын нэрийн жагсаалт шинээр үйлдэх, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.

20.13.Сонгогчдын нэрийн жагсаалт цаасан болон цахим хэлбэртэй байх бөгөөд сонгогчийг зөвхөн сонгуулийн нэг хэсэгт бүртгэнэ.

20.14.Сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.

20.15.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах, давхардал, зөрчлийг арилгах, танилцуулах журам болон маягт, загварыг энэ хуульд нийцүүлэн батална.

20.16.Энэ хуулийн 20.1-д заасан үйл ажиллагааг зохион байгуулахад төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, холбогдох бусад байгууллага энэ хууль болон бусад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцож, улсын бүртгэлийн байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

21 дүгээр зүйл.Ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх

Хэвлэх

21.1.Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгогчийн тоог үндэслэн сонгуулийн хэсгийг ээлжит бус сонгууль товлон зарласнаас хойш 15 хоногийн дотор байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.2.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг ээлжит бус сонгууль товлон зарласнаас хойш 50 хоногийн дараагаас эхлэн сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна.

21.3.Энэ хуулийн 20.6-д заасан байгууллага холбогдох мэдээллийг санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.

21.4.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 21.3-т заасны дагуу ирүүлсэн мэдээллийг хүлээн авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

21.5.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад энэ хуулийн 20.9-д заасан өөрчлөлтийг тусгана.

21.6.Энэ хуулийн 21.5-д заасны дагуу өөрчлөлтийг тусгасан сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ.

21.7.Ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэхэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

22 дугаар зүйл.Итгэмжлэгдсэн ажилтан

Хэвлэх

22.1.Итгэмжлэгдсэн ажилтан улсын бүртгэлийн байгууллагын сургалтад хамрагдсан төрийн албан хаагч байна.

22.2.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга итгэмжлэгдсэн ажилтны ажиллах орон тооны хязгаарыг батална.

22.3.Итгэмжлэгдсэн ажилтныг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсийн дарга энэ хуулийн 22.2-т заасан хязгаарт багтаан томилно.

22.4.Итгэмжлэгдсэн ажилтан холбогдох хууль тогтоомжийн дагуу нууцын баталгаа гаргаж сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлсэн өдрөөс эхлэн ажиллана.

22.5.Итгэмжлэгдсэн ажилтан энэ хуульд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтын цаасан болон цахим хувилбартай танилцах, өөрчлөлт оруулах, сонгогчийн бүртгэлийг тулган шалгах, санал авах өдөр сонгогчдыг бүртгэх, таньж оруулах, техник хэрэгсэл, программ хангамжийг хариуцан ажиллана.

23 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдлыг шийдвэрлэх журам

Хэвлэх

23.1.Сонгогч сонгогчийн нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.

23.2.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн энэ хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлагаа гаргах ба сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.

23.3.Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно.

23.4.Итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад "Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, холбогдох нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгож, тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээн, энэ тухай тэмдэглэл үйлдэн хэсгийн хороонд мэдэгдэнэ.

23.5.Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах талаар энэ хуульд заасан хугацаа дууссанаас хойш ажиглагч нь сонгогчдын нэрийн жагсаалт болон түүнд оруулсан өөрчлөлттэй танилцах эрхтэй.

23.6.Энэ хуулийн 23.5-д заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалттай танилцахдаа зураг авах, бичлэг хийх зэргээр сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж, олшруулахыг хориглоно.

23.7.Энэ хуулийн 23.5-д заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг танилцуулах үйл ажиллагааг итгэмжлэгдсэн ажилтан болон хэсгийн хорооны дарга хамтран зохион байгуулж, хяналт тавина.

24 дүгээр зүйл.Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх

Хэвлэх

24.1.Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

24.2.Энэ хуулийн 24.1-д заасан иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.

24.3.Нэмэлт болон дахин санал хураалт явагдах нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуулийн 24.1, 24.2-т заасан иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг тухайн нэмэлт болон дахин санал хураалт явагдаж дуустал үргэлжлүүлж, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

24.4.Орон нутгийн Хурлын ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль явуулахаар товлон зарласан эрх бүхий байгууллага тухайн шийдвэрийг ажлын гурван өдрийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

НАМ, ЭВСЭЛ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ

25 дугаар зүйл.Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх

Хэвлэх

25.1.Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.2.Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтэд тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн намын дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулсан байна. Эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон бүх нам тамгаа /тэмдэг/ даран баталгаажуулсан байна.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.3.Намын сонгуульд оролцох хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

25.3.1.сонгуульд оролцох тухай тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын байгууллагын шийдвэр, намын даргыг томилсон шийдвэр;

/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.3.2.намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

25.3.3.намын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн хуулбар;

25.3.4.сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт;

25.3.5.энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам;

25.3.6.орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн болон дахин сонгуульд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан;

25.3.7.намын сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл.

25.4.Эвслийн сонгуульд оролцох хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

25.4.1.сонгуульд оролцох тухай эвслийг төлөөлөх байгууллагын шийдвэр;

25.4.2.эвсэлд нэгдсэн намуудын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

25.4.3.эвсэлд нэгдсэн намуудын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн хуулбар;

25.4.4.эвслийг төлөөлөх байгууллагаар батлагдсан сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт;

25.4.5.энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх эвслийн дотоод журам;

25.4.6.орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн болон дахин сонгуульд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан;

25.4.7.эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл;

25.4.8.эвслийн гэрээний хуулбар;

25.4.9.эвсэл байгуулах тухай нам тус бүрийн шийдвэр.

26 дугаар зүйл.Намуудын эвсэл

Хэвлэх

26.1.Орон нутгийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрх бүхий намууд орон нутгийн Хурлын сонгуульд эвсэл байгуулж оролцох бол түүнд нэгдэн орох нам тус бүр дараах асуудлыг шийдвэрлэсэн байна:

26.1.1.эвслийн нэр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах;

26.1.2.нам тус бүрд ногдох нэр дэвшигчдийн тоог тогтоох;

26.1.3.нам тус бүрд ногдсон тоонд багтаан нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигчийн нэр, нэр дэвших тойргийг шийдвэрлэх;

26.1.4.цаашид сонгуультай холбоотой асуудлаар эвсэлд тухайн намыг төлөөлөн шийдвэр гаргах эрхтэй оролцох эрх бүхий төлөөлөгчид /цаашид "намыг төлөөлөх байгууллага" гэх/-ийг томилох;

26.1.5.эвслийн гэрээг хэлэлцэн батлах.

26.2.Эвсэлд нэгдэж байгаа намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага нэр дэвшүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

26.3.Эвсэлд нэгдсэн намууд тус бүрдээ эвсэлд нэгдэн орох талаарх энэ хуульд заасан асуудал бүрийг хэлэлцэн шийдвэрлэж, нэгдсэн тохиролцоонд хүрсэн бол эвслийн гэрээ байгуулж, намын дарга нар гарын үсэг зурж, тамгаа /тэмдэг/ дарж баталгаажуулснаар эвсэл байгуулагдсанд тооцно.

26.4.Эвсэл албан ёсны нэр, бэлэгдэлтэй байх бөгөөд түүнийг хувь хүн, улс, үндэстэн, овгийн нэрээр болон өмнөх сонгуульд хэрэглэсэн өөр намын эвслийн нэрээр нэрлэхийг хориглоно.

26.5.Эвслийн нэрийг сонгуулийн явцад болон шинээр сонгогдсон тухайн шатны Хурлын бүрэн эрхийн хугацаанд өөрчлөхийг хориглоно.

26.6.Нэгэнт байгуулагдсан эвсэлд дараагийн сонгууль хүртэл аль нэг нам, эвсэл шинээр нэгдэн орохыг хориглоно.

26.7.Эвслийг төлөөлөх байгууллага эвсэлд нэгдэн орсон нам тус бүрээс томилогдсон төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд дараах эрхтэй:

26.7.1.эвслийн мөрийн хөтөлбөр батлах;

26.7.2.эвслийн гэрээнд өөрчлөлт оруулах;

26.7.3.нөхөн сонгуульд эвслээс нэр дэвшүүлэх;

26.7.4.эвслийн гэрээг цуцлах.

26.8.Эвслийг төлөөлөх байгууллага тухайн эвсэлд нэгдэн орсон нам тус бүрд ногдсон суудлын тоог өөрчлөх эрхгүй.

26.9.Эвсэлд нэгдэн орсон намууд нь орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгууль, түүнчлэн шинээр сонгогдсон орон нутгийн Хурлын үйл ажиллагаанд нэг этгээд болж оролцоно.

26.10.Эвслийн аль нэг нам дангаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн зардлын данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан нөхөн, дахин сонгуульд оролцохыг хориглох бөгөөд хэрэв намуудын олонх нь ийм шийдвэр гаргасан бол эвслийг тарсан гэж үзнэ.

26.11.Эвслийн гэрээнд дараах зүйлийг тусгана:

26.11.1.эвслийн нэр;

26.11.2.талуудын нийтлэг болон харилцан хүлээх эрх үүрэг;

26.11.3.эвслийг төлөөлөх байгууллага болон түүний удирдах бүрэлдэхүүнд орсон иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ажил, албан тушаал;

26.11.4.эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүнийг төлөөлөх албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

26.11.5.харилцан тохиролцсон бусад асуудал.

26.12.Эвслийн гэрээ нь тухайн сонгууль, түүний үр дүнд байгуулагдсан Хурлын бүрэн эрхийн хугацаанд хамаарна.

27 дугаар зүйл.Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх

Хэвлэх

27.1.Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгана.

27.2.Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

27.3.Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ:

27.3.1.нам, эвсэлд нэгдэн орсон намууд нь энэ хуулийн 9.1-д заасны дагуу тухайн сонгуулийг товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;

27.3.2.сонгуульд оролцох хүсэлтийг хуульд заасан хугацаанд ирүүлсэн;

27.3.3.сонгуульд оролцох хүсэлтэд хавсаргах баримт бичгийг бүрэн гүйцэд хавсаргасан;

27.3.4.сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан шаардлага хангасан тухай төрийн аудитын байгууллагын дүгнэлт гарч хавсаргасан;

27.3.5.эвсэл байгуулах тухай энэ хуульд заасан журам, шаардлагыг хангасан;

27.3.6.эвсэлд нэгдэн орсон намуудын олонх нь бүртгэсэн тухай шийдвэр гарахаас өмнө энэ хуульд заасны дагуу эвслээс гарахаа илэрхийлээгүй.

27.4.Энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзана.

27.5.Сонгуулийн хороод энэ хуульд заасны дагуу нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах баримт, лавлагааг холбогдох этгээдээс гаргуулан авах эрхтэй.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ТӨЛӨӨЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ

28 дугаар зүйл.Нэр дэвшүүлэх нийтлэг журам

Хэвлэх

28.1.Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

28.2.Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

28.3.Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

28.3.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;

28.3.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх.

28.3.3.сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй.

/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

28.4.Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:

28.4.1.төрийн жинхэнэ албан хаагч;

28.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;

28.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн;

28.4.4.Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн.

28.5.Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно.

28.6.Энэ хуулийн 6.5-д зааснаас бусад тохиолдолд нэр дэвшигч нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглоно.

28.7.Гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.

28.8.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.

29 дүгээр зүйл.Нам, эвслээс нэр дэвшүүлэх

Хэвлэх

29.1.Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ тухайн орон нутгийн Хурлын сонгуулийн тойрог тус бүрд ногдсон мандатын тооноос илүүгүй хүнийг нэр дэвшүүлнэ.

29.2.Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна.

29.3.Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын аймаг, сум, нийслэл, дүүргийн байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30 дугаар зүйл.Бие даан нэр дэвшүүлэх

Хэвлэх

30.1.Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн бие даан нэрээ дэвшүүлж болно.

30.2.Бие даан нэр дэвшигч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн дараах тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна:

30.2.1.аймаг, дүүргийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч 201-ээс доошгүй;

30.2.2.нийслэлийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч 501-ээс доошгүй;

30.2.3.сумын Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч 51-ээс доошгүй.

30.3.Тухайн шатны сонгуулийн хороо Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг тэмдэг дарж баталгаажуулан бие даан нэр дэвшигчид энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөс олгоно.

30.4.Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад тухайн нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зурж байгаа сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна.

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

31 дүгээр зүйл.Нэр дэвшигчийг бүртгэх

Хэвлэх

31.1.Нэр дэвшигчийг тухайн шатны сонгуулийн хороо бүртгэж, үнэмлэх олгоно.

31.2.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ:

31.2.1.нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт;

31.2.2.нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл;

31.2.3.энэ хуулийн 28.4-т заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар;

31.2.4.энэ хуулийн 28.3.1-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа;

31.2.5.энэ хуулийн 28.3.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт;

31.2.6.нэр дэвшигчийн намтар;

31.2.7.нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар;

31.2.8.ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа;

31.2.9.нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг;

31.2.10.авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.

31.3.Бие даан нэр дэвшигч нь хуульд заасан бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ:

31.3.1.нэрээ дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл;

31.3.2.сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт;

31.3.3.энэ хуулийн 28.4-т заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар;

31.3.4.энэ хуулийн 28.3.1-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа;

31.3.5.энэ хуулийн 28.3.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт;

31.3.6.нэр дэвшигчийн намтар;

31.3.7.нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар;

31.3.8.бие даан нэр дэвшигчийг төлөөлж сонгуулийн төв байгууллагатай харилцах хоёр хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, харилцах утасны дугаар;

31.3.9.энэ хуульд заасны дагуу төрийн аудитын дээд байгууллагаар хянуулсан бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, аудитын дүгнэлт;

31.3.10.ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа;

31.3.11.нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг;

31.3.12.авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.

31.4.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоотой баримт бичгийн маягт, загварыг батална.

31.5.Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах бөгөөд уг баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд багтаан нөхөн ирүүлж болно.

31.6.Сонгуулийн хороо бие даан нэр дэвшигчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгана.

31.7.Сонгуулийн хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно.

31.8.Энэ хуулийн 31.7-д заасан эрх бүхий этгээд холбогдох лавлагаа, мэдээллийг сонгуулийн хорооноос тогтоосон хугацаанд хүргүүлэх үүрэгтэй.

31.9.Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

31.10.Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.

31.11.Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно.

31.12.Нэр дэвшигчийн эрх нь үнэмлэх авснаар эхэлж, санал хураалтын албан ёсны дүн гарснаар дуусгавар болно.

32 дугаар зүйл.Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах

Хэвлэх

32.1.Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана:

32.1.1.энэ хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй;

32.1.2.энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй;

32.1.3.өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн;

32.1.4.нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу;

32.1.5.энэ хуульд заасны дагуу бүрдүүлсэн нэр дэвшигчийн баримт бичиг хуурамч болохыг шүүх тогтоосон;

32.1.6.энэ хуулийн 6.5-д зааснаас бусад тохиолдолд давхар нэр дэвшсэн;

32.1.7.энэ хуулийн 47.1-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;

32.1.8.бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцээгүй;

32.1.9.ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

32.2.Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлж болно.

32.3.Тухайн шатны сонгуулийн хороо дахин бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 31.10-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

32.4.Сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн мэдээлэлтэй холбоотой зөрчил илэрсэн бөгөөд зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 30.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй.

33 дугаар зүйл.Нөхөн нэр дэвшүүлэх

Хэвлэх

33.1.Дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно:

33.1.1.нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан;

33.1.2.нэр дэвшигч нас барсан;

33.1.3.нэр дэвшигч шүүхээр ял шийтгүүлсэн.

33.2.Тухайн шатны сонгуулийн хороо нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 31.10-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

34 дүгээр зүйл.Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа

Хэвлэх

34.1.Нэр дэвшигч өөрт шаардлагатай мэдээлэл, лавлагааг холбогдох байгууллагаас зохих журмын дагуу гаргуулан авч болно.

34.2.Гэмт хэрэг болон зөрчил үйлдэх явцад, эсхүл гэмт хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно:

34.2.1.эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих;

34.2.2.орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх.

34.3.Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараахыг хориглоно.

ДОЛДУГААР БҮЛЭГ

СОНГУУЛЬ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГА, СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГАА

35 дугаар зүйл.Сонгууль эрхэлсэн байгууллага

Хэвлэх

35.1.Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгогчидтой уулзах, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах зэрэг сонгуулийн сурталчилгааны ажлыг нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллага эрхлэн явуулна.

35.2.Сонгууль эрхэлсэн байгууллагыг дараах этгээд удирдан зохион байгуулж, энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

35.2.1.аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд тухайн шатны нам, эвслийн дарга, эсхүл түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан;

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

35.2.2.тойргийн хэмжээнд нэр дэвшигч, эсхүл түүний итгэмжлэл олгосон менежер.

35.3.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь нам, эвслийн болон нэр дэвшигчдийнхээ сонгуулийн сурталчилгааг эрхлэн явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна.

36 дугаар зүйл.Сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн

Хэвлэх

36.1.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүнд нам, эвслийн дарга, эсхүл түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан болон нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч хамаарна.

36.2.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах 20 хүртэл, аймаг, дүүрэгт 50 хүртэл, сум, хороонд 20 хүртэл ажилтантай байж болно.

36.3.Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, баг тус бүрд нэг, аймгийн төвийн баг болон хороо тус бүрд хоёр шадар туслагч, 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно.

36.4.Аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэхийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах ажилтны үнэмлэхийг сум, дүүргийн сонгуулийн хороо олгоно.

36.5.Нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэхийг тухайн шатны сонгуулийн хороо олгоно.

36.6.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах хүсэлтийг тухайн нам, эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэх авах хүсэлтийг тухайн нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш холбогдох сонгуулийн хороо хүлээн авч Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу олгоно.

36.7.Бие даан нэр дэвшигчид нэгдэж сонгууль эрхэлсэн байгууллага байгуулахыг хориглоно.

37 дугаар зүйл.Сонгуулийн мөрийн хөтөлбөр

Хэвлэх

37.1.Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна.

37.2.Нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно.

37.3.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно:

37.3.1.мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;

37.3.2.уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;

37.3.3.зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;

37.3.4.иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх;

37.3.5.ажлын байранд зуучлах, ажилд оруулах;

37.3.6.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал.

37.4.Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийн агуулгад нийцсэн уриатай байж болно.

37.5.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагаар хянуулж, дүгнэлт гаргуулсан байна.

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.6.Нам, эвсэл нь орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 07 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.

37.7.Нам, эвсэл нь орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө энэ хуулийн 25.3.6, 25.4.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.

37.8.Орон нутгийн Хурлын ээлжит бус, нөхөн, дахин сонгуулиар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон энэ хуулийн 25.3.6, 25.4.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.

37.9.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ.

37.10.Төрийн аудитын байгууллага нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.

37.11.Төрийн аудитын байгууллага бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.

37.12.Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага нь энэ хуульд заасан нам, эвслийн хандивын тайлан, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнөөс эхлэн энэ хуульд заасны дагуу нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал өөрийн байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт нээлттэйгээр байршуулна.

38 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаа

Хэвлэх

38.1.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

38.2.Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна:

38.2.1.сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;

38.2.2.нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;

38.2.3.хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;

38.2.4.сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;

38.2.5.ухуулах байр ажиллуулах;

38.2.6.радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;

38.2.7.цахим орчин ашиглах;

38.2.8.өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх.

38.3.Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хандивын талаар сонгогчдод зар, урилга явуулсныг сурталчилгааны хэвлэмэл материалд оруулан тооцохгүй. Зар, урилга нь А5 хэмжээнээс илүүгүй байна.

38.4.Сонгуулийн сурталчилгааны аливаа материалын баруун доод хэсэгт сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих бөгөөд энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарна. Радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг дурдана.

38.5.Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага нь сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ.

38.6.Энэ хуулийн 38.1-д заасныг зөрчсөн радио, телевизийн байгууллагын олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороо зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана.

39 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгаанд тээврийн хэрэгсэл ашиглах

Хэвлэх

39.1.Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны зорилгоор нэг хэсэгт хоёроос илүүгүй тээврийн хэрэгсэл ашиглаж болно. Тээврийн хэрэгслийн таних тэмдгийн загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

39.2.Сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлэн, таних тэмдгийг авч, ил харагдахуйц байрлуулна.

39.3.Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан таних тэмдэггүй авто машин, автобус, мопед, мотоцикль болон бусад тээврийн хэрэгслийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно.

39.4.Сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байгаа тээврийн хэрэгсэлд сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас, зурагт самбар, дэлгэц, уриа, намын далбаа, чанга яригч байрлуулж болно.

40 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх

Хэвлэх

40.1.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгогчдод тараах эрхтэй:

40.1.1.гурван хэвлэлийн хуудас сонин;

40.1.2.гурван хэвлэлийн хуудас сэтгүүл;

40.1.3.нэг хэвлэлийн хуудас ухуулах хуудас.

40.2.Нэг нам, эвслийн нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалаа нэгдмэл байдлаар хамтран гаргаж болно.

40.3.Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

40.4.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 40.3-т заасан байршил тогтоохдоо аливаа нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр заахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

40.5.Энэ хуулийн 40.3-т заасны дагуу тогтоосон байршлаас өөр газарт зурагт самбар, ухуулах хуудас байршуулахыг хориглоно.

40.6.Ухуулах хуудсыг нэг хэсэгт 20-оос илүүгүй байршуулах бөгөөд гудамж талбайд байршуулахдаа цавуу, цавуулаг эд зүйл ашиглан тогтоож, орчин бохирдуулахыг хориглоно.

40.7.Ухуулах хуудас нэг хэвлэлийн хуудас хүртэлх хэмжээнээс илүүгүй байна.

40.8."Нэг хэвлэлийн хуудас" гэж А4 бичгийн цаасны найман нүүрийг ойлгоно.

40.9.Сурталчилгааны хэвлэмэл материалыг шуудангаар хүргүүлж болно.

40.10.Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж, талбайд байрлуулсан нам, эвсэл, нэр дэвшигчийн зурагт болон ухуулах хуудсыг гэмтээх, устгахыг хориглоно.

40.11.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нэр дэвшигчийн танилцуулга, намтар, нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг нэг