A

A

A

Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 30

Улаанбаатар хот

Барилгын төсөв зохиох дүрэм шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалт, салбарын Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2019 оны 11 дугаар сарын 22-ний өдрийн хуралдааны 04/2019 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Зураг төслийн шатанд барилгын бүтээц ажлын төрлөөр тооцсон төсвийн суурь нормыг үндэслэн барилгын бүтээгдэхүүний өртгийг тодорхойлоход хэрэглэгдэх "Барилгын төсөв зохиох дүрэм" /БНбД 81-95-12*/2020/-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Шинэчлэн баталсан "Барилгын төсөв зохиох дүрэм" /БНбД 81-95-12*/2020/-ийг хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч болон төсөвчид 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдлөг болгосугай.

3. "Барилгын төсөв зохиох дүрэм" /БНбД 81-95-12*/2020/-ийг шинэчлэн баталсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл барилга байгууламжийн зураг төсөл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн төсөл, арга хэмжээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтыг хэвээр мөрдөж ажилласугай.

4. Батлагдсан норм, дүрмийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/-т, мөрдүүлэх, хэвлэх, сурталчлах, сургалт зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т тус тус даалгасугай.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Барилгын норм ба дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт, "Барилгын норм ба дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаар тушаал, "Барилгын норм ба дүрэм шинэчлэн батлах тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 185 дугаар тушаалын 2 дахь заалт, "Барилгын норм, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр тушаал, "Төсвийн нүүр хуудас, тайлбар бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар тушаалыг тус тус 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болгосугай.

САЙД Х.БАДЕЛХАН