- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 65
Улаанбаатар хот
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Харилцаа холбооны тухай хуулийн 5.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан "Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм"-д дор дурдсан агуулгатай 4.3.2, 5.3.9, 5.3.10, 5.5.15, 5.8 дахь дэд заалт нэмсүгэй:
1/ Дүрмийн 4.3.2. дахь дэд заалт:
"4.3.2. Хорооны төсөв, ажлын албаны жилийн төлөвлөгөөг батлах;"
2/ Дүрмийн 5.3.9. дэх дэд заалт:
"5.3.9. домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдсон зохицуулалт хийх, домэйн нэрийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, эдгээртэй холбоотой зохицуулалтын журам, баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;"
3/ Дүрмийн 5.3.10. дахь дэд заалт:
"5.3.10. интернэтэд суурилсан үйлчилгээ, цахим орчин дахь контентын талаар зохицуулалтын арга хэмжээ авах, судалгаа хийх, заавар, зөвлөмж боловсруулах."
4/ Дүрмийн 5.5.15. дахь дэд заалт:
"5.5.15. олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын үнэ тарифын үндэслэлийг хянах, зохицуулалт хийх."
5/ Дүрмийн 5.8 дахь дэд заалт:
"5.8. Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын асуудал хариуцсан нэгж дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.8.1. өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрлийг олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт гаргах;
5.8.2. хуульд заасан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ (төлбөртэй радио, телевизийн үйлчилгээнээс бусад)-ний тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;
5.8.3. өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, хяналт, шалгалт хийх, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх баримт материалыг зохих нэгжид хүргүүлэх, баяжуулах;
5.8.4. хуульд заасан дүрэм, журам, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага боловсруулах, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
5.8.5. өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, гэрээний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хяналт, шалгалттай холбоотойгоор хууль тогтоомжид заасан арга хэмжээ авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг заавар, зөвлөмжөөр хангах;
5.8.6. өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх зорилгоор хууль, эрх зүйн зохицуулалтын арга хэмжээ авах, хяналт тавих, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийг ил тод болгох;
5.8.7. хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор орон тооны бус зөвлөл байгуулах, хуралдуулах, хурлаас гарсан зөвлөмжийг үйлчилгээ эрхлэгч, олон нийтэд мэдээлэх, сурталчлах;
5.8.8. хуульд заасан чиг үүргийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, жил бүр үнэлгээ, дүгнэлт гаргах;
5.8.9. өргөн нэвтрүүлгийн чиглэлээр шинэ технологи, үйлчилгээний талаар судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах;
5.8.10. стандарт, норматив баримт бичигт санал гаргах, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулах;
5.8.11. радио, телевизийн хөтөлбөрт болон дуу, дүрсийн стандартын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;
5.8.12. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг."
2. Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 1.2 дахь дэд заалтын "Цахим гарын үсгийн тухай хууль," гэсний дараа "Өргөн нэвтрүүлгийн тухай хууль" гэж, 2.1 дэх дэд заалтын "Цахим гарын үсгийн тухай хуулийн 34 дүгээр" гэсний дараа "зүйл, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйл, Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар" гэж, 5.1. дэх дэд заалтын "радио давтамжийн зохицуулалт, хяналтын;" гэсний дараа "өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын;" гэж, 5.3.1, 5.4.1, 5.5.1, 5.6.2, 5.7.1 дэх дэд заалтын "сэргээх," гэсний дараа "хугацааг сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулах," гэж, 5.8.1 дэх дэд заалтын "Радио долгионы тухай хуулийн" гэсний дараа "51.1.2," гэж тус тус нэмсүгэй.
3. Дүрмийн 5.2 дахь дэд заалтыг "5.2. Хорооны дэргэд радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий "төв" ажиллана." гэж, 5.3.8 дахь дэд заалтыг "5.3.8. дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх;" гэж, 5.4.3 дахь дэд заалтыг "5.4.3. харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын журам, холбогдох баримт бичгийн төсөл боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх;" гэж тус тус өөрчлөн найруулсугай.
4. Дүрмийн 3.1.9-д "эрхэлсэн төрийн захиргааны төв" гэснийг "хариуцсан төрийн захиргааны" гэж, 4.1-д "Хорооны гишүүдийн хуралдааны" гэснийг "Хорооны хуралдаанд гишүүдийн" гэж, дугаарлалтын "4.3.2" гэснийг "4.3.3" гэж, "4.3.3" гэснийг "4.3.4" гэж, "5.4.13" гэснийг "5.4.12" гэж, "5.4.14" гэснийг "5.4.13" гэж, "5.4.15" гэснийг "5.4.14" гэж, "5.7.3-5.7.7" гэснийг "5.7.2-5.7.6" гэж, "5.8" гэснийг "5.9" гэж, "5.8.1-5.8.7" гэснийг "5.9.1-5.9.7" гэж, "5.8.14" гэснийг "5.9.8" гэж, "5.8.16" гэснийг "5.9.9" гэж, 5.8.9 дэх дэд заалтын "Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрийн (контент) болон радио, телевизийн техникийн стандартын хэрэгжилтийг хангуулах хүрээнд:" гэснийг "Радио, телевизийн хөтөлбөр, техникийн стандартын хэрэгжилтийг хангуулах хүрээнд:" гэж тус тус өөрчилсүгэй.
5. Дүрмийн 4.3.1 дэх дэд заалтын "төсвийн төсөл болон" гэсэн хэсэг, 5.8.7. дахь дэд заалтын "Дугаартайгаа шилжих үйлчилгээний удирдлага, ашиглалт, үйлчилгээний хүрээнд:" болон 5.8.1 дэх дэд заалтын "Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.10 болон" гэснийг тус тус хассугай.
6. Дүрмийн 5.4.12, 5.7.2, 5.8.8-5.8.13, 5.8.15, 5.8.17 дахь дэд заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
