- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ҮЗЛЭГИЙН МӨРӨӨР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 106
Улаанбаатар хот
УЛСЫН ҮЗЛЭГИЙН МӨРӨӨР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Архивын тухай хуулийн 9.2.1, 9.2.3 дахь заалт, Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн дүнг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг" үр дүнтэй болсныг тэмдэглэж, үзлэгийн явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээ авч, архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг яам, Засгийн газрын агентлаг, байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
2. Төрийн байгууллагын архивын баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, хадгаламжийн санг стандартын дагуу бүрдүүлэхэд шаардагдах арга хэмжээг жил бүрийн батлагдсан төсвийн багцдаа багтаан санхүүжүүлж, хэрэгжүүлэхийг төсвийн захирагч үүрэг болгосугай.
3. "Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг шинэчлэн боловсруулж, зохих журмын дагуу батлуулан хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (Б.Чинбат), Архивын ерөнхий газар (С.Энхбаатар)-т тус тус даалгасугай.
4. Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд албан хэрэг хөтлөлтийн програм хангамж нэвтрүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (Б.Чинбат), Архивын ерөнхий газар (С.Энхбаатар)-т тус тус даалгасугай.
5. Удирдлагын академийн сургалтын хөтөлбөрт албан хэрэг хөтлөлтийн хичээлийг тусгаж хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, их, дээд сургуулиудын төгсөх ангийн оюутнуудад 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн албан хэрэг хөтлөлтийн хичээл оруулах асуудлыг судлан шийдвэрлэж, албан хэрэг хөтлөлтийн сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг боловсруулж, мөрдүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нарт тус тус даалгасугай.
6. Нийслэл, дүүргийн прокурорын газрын архивын нэгдсэн байр барих асуудлыг судалж, шийдвэрлүүлэхийг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
