- Нүүр
- Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
- Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 01
Улаанбаатар хот
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр танхим 12.00 цаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Г.Туулхүү, Ш.Солонго, Ц.Нанзаддорж /илтгэгч/, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Б.Мөнхгэрэлийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Д.Цэрэнбадам оролцов.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, мөн зүйлийн 4 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Ж.Эрхэмбаатар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд:
"Монгол Улсын Их Хурлаас 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдөр баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсан үндэслэлээр зөрчсөн байна.
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд "дээд" хяналт тавих эрх бүхий байгууллага. Үндсэн хуулийн биелэлтэд тавих хяналт нь хууль тогтоох дээд байгууллага болон бусад байгууллагаас гаргасан хууль, эрх зүйн актын хүрээнд хэрэгжих төрийн дээд хяналт юм.
Гэвч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь Цэц "дээд" хяналтаа хэрэгжүүлэх, маргааныг магадлан шийдвэрлэх эрхийг хязгаарласан буюу зөрчжээ. Учир нь Үндсэн хууль нь төрийн дээд хүчин чадал бүхий эрх зүйн акт бөгөөд бусад хууль тогтоомж түүнд нийцэж тохирсон байх ёстой. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино" гэж баталгаажуулсан байдаг. Гэтэл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн өдрөөс хойш гарсан маргааныг хянан шийдвэрлэхээр хуульчилжээ. Энэ нь Цэц 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө гарсан боловч Монгол Улсад үйлчилж, эрх бүхий албан тушаалтнаас хэрэглэж байгаа хууль, бусад шийдвэрийг хянахгүй үр дагаварт хүргэж байна.
2. Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн өдрөөс хойш гарсан маргааныг хянан шийдвэрлэхээр хуульчилсан тус заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу ... хянан шийдвэрлэнэ" гэж заасныг зөрчсөн. Иргэд Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй. Гэвч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь иргэдийн өргөдөл, мэдээлэл гаргах эрхийг хязгаарлаж байна.
Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн", Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу ... хянан шийдвэрлэнэ", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино" гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү." гэсэн байна.
Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Оросоо нар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд:
"Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага байхаас гадна Монгол Улсад Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болдог билээ.
Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих энэхүү Үндсэн хуулийн цэцийн онцгой бүрэн эрх нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж, нийгмийн харилцааг зохицуулж байгаа аливаа хууль тогтоомж Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар гаргасан иргэний мэдээлэл, эрх бүхий этгээдийн хүсэлтээр хянан шийдвэрлэх замаар хэрэгждэг.
1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийг баталснаар 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагаас эхэлж БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг Монголын ард түмэн дагаж мөрдөж эхэлсэн.
Гэтэл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэц зөвхөн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомжийн маргааныг хянан шийдвэрлэнэ, үүнээс өмнө гарсан хууль тогтоомж /хууль, тогтоол, олон улсын гэрээ/-ийг хянан шийдвэрлэхгүй гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн." гэж заасанд үл нийцэж байна.
Учир нь Монгол Улсад хүчин төгөлдөр аливаа хууль тогтоомж нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа дээд хүчин чадалтай Үндсэн хуульд нийцсэн байх шаардлагыг Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасан.
Ардын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хууль буюу БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийг мөн баталсан байдаг. Уг хуулийн Есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэхүү хавсралт хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийнхаа нэгэн адил хүчинтэй." гэж зааж өгсөн.
Хавсралт хуулиар Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөх, Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцох, хууль тогтоомжийг 1996 онд багтаан хийж дуусгах гэх мэт шилжилтийн үеийн харилцааг зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, 1996 онд багтаан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагууд хууль тогтоомжийг шинэчлэх, тодруулбал хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө гарсан хууль тогтоомж нь Үндсэн хуульд нийцсэн гэж үзвэл хэвээр үлдээх, гүйцэтгэх мэдлийн хүрээнд 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө гарсан хууль тогтоомж Үндсэн хуульд нийцсэн гэж үзвэл уг хуулийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг Хавсралт хууль олгосон.
Харин хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд Үндсэн хуульд нийцсэн гэж үзсэн боловч, шүүх эрх мэдэл буюу Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд БНМАУ-ын хууль тогтоомж Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцээс уг хууль тогтоомжид хяналт тавих бүрэн эрхийг маргаан бүхий хуулийн заалт хязгаарлаж байна гэж үзэн энэхүү мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргаж байна.
Мэдээлэл гаргагчийн зүгээс 1991 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр БНМАУ-ын Бага Хурлаас батлагдсан "Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай "хууль" Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан боловч Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу уг хууль Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлыг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзжээ.
Энэ нь Үндсэн хуулийн цэц 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө батлагдсан боловч одоо Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянах боломжгүй байгааг харуулж байна.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.", Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар ... хянан шийдвэрлэнэ.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:" гээд 1 дэх заалтад "хууль... Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;", 4 дэх заалтад "Хууль ... Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль ... хүчингүй болно.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага ... үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө." гэсэнд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэж өгнө үү" гэжээ.
Гурав. Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн Ц.Мөнгөнцацрал Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг гаргажээ. Үүнд:
"Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль батлагдсанаас хойш 1988 онд батлагдсан Газрын хэвлийн тухай, 1991 онд батлагдсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэтгэмжийн тухай, Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай, Өмчлөлийн тухай зэрэг 8 хуулийг одоог болтол Монгол Улсын Их Хурлаас хүчингүй болсонд тооцоогүй, хүчин төгөлдөр үйлчилж төрийн захиргааны байгууллага шийдвэр, үйл ажиллагаандаа мөрдлөг болгосоор байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн Есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэхүү Хавсралт хууль Монгол Улсын Үндсэн хуулийнхаа нэгэн адил хүчинтэй байна." гэж, Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө." гэж тус тус заасан байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:" гээд 1 дэх заалтад "… хууль … Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх" гэж тусгасан. Үүнээс үзэхэд Үндсэн хууль батлагдахаас өмнө батлагдсан дээрх хуулиуд одоог болтол хүчин төгөлдөр үйлчилж Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргах маргааны зүйлд хамаарч байхад Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ." гэж хуульчилсан байх тул Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргаж өгнө үү." гэжээ.
Дөрөв. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Цэрэнбадам Үндсэн хуулийн цэцэд хандаж:
"Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага. Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн", Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дугнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна гээд хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ ..." гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэжээ.
Хууль тогтоогч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ." гэсэн (цаашид "Батлагдсан цаг хугацааны хязгаарлалт" гэх) заалтыг оруулж, Үндсэн хуулийн хяналтыг батлагдсан цаг хугацаагаар хязгаарласан нь Үндсэн хуульд нийцэхгүй, зөрчсөн ердийн хууль, хуульчилсан акт нийгэмд хэрэгжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.
Хууль зүйн үндэсний хүрээлэн, Улсын Их Хурлын Тамгын газраас авсан мэдээллээр 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдан, хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Үндсэн хууль батлагдахаас өмнө БНМАУ-ын Их хурал болон БНМАУ-ын Бага Хурлаар батлагдсан 8 хууль, соёрхон баталсан буюу нэгдэн орсон 65 олон улсын гэрээ өнөөдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн агуулгаар эдгээр хуулиуд болон соёрхон баталсан буюу нэгдэн орсон Олон улсын гэрээнүүд нь Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байх учиртай бөгөөд Үндсэн хуульд нийцсэн эсэхэд Үндсэн хуулийн цэц хяналт тавих бүрэн боломжтой байх ёстой. Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй." гэж заасан бөгөөд дээрх соёрхон баталсан буюу нэгдэн орсон Олон улсын гэрээнүүдийн хувьд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд Үндсэн хуулийн цэц хяналт хийх боломжийг хууль тогтоогч батлагдсан цаг хугацааны хориглолт хийснээрээ хязгаарласан байна.
Мөн Үндсэн хуулийн Хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.", мөн 3 дахь хэсэгт "Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно." гэж зааснаас үзвэл хууль тогтоогч ердийн хууль соёрхон баталсан буюу нэгдэн орсон Олон улсын гэрээг Үндсэн хуульд нийцүүлэх үүрэгтэй бөгөөд Үндсэн хуульд нийцсэн эсэхэд Үндсэн хуулийн цэц хяналт хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэгтэй байхаар байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж тунхаглан заасан байдаг ба энэхүү зарчим шаардлага нь хууль тогтоох эрх мэдэл бүхий байгууллагын ажиллах үеийн нөхцөл байдал, нийгмийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлоос шалтгаалан түүний баталсан ердийн хуулийн хооронд зөрчил хийдлийг үүсгэсээр ирсэн нь Үндсэн хуулийн хяналтын байгууллага зайлшгүй орших шалтгаан нөхцөлийг бүрэлдүүлсэн байдаг.
Энэхүү зөрчил хийдлийг хууль дээдлэх зарчим, шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцүүлэн өнөөгийн эрх зүйн системд олсон ололтоос ухраахгүй суурь зарчимдаа нийцүүлэн шийдвэрлэх нь Үндсэн хуулийн хяналтын байгууллага буюу Үндсэн хуулийн цэцийн үндсэн зорилго болно.
Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн агуулгаар Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, соёрхон баталсан буюу нэгдэн орсон Олон улсын гэрээ нь Үндсэн хуульд бүрнээ нийцэх ёстой юм бол түүнийг нийцсэн эсэхийг хянах эрх Үндсэн хуулийн цэцэд олгогдсон байх нь зүй ёсны асуудал болно.
Өөрөөр хэлбэл, Хууль тогтоогч засаглалын салаа мөчрийн эрх, үүрэг, хариуцлагыг тогтоох, нийгмийн харилцааг зохицуулсан хэм хэмжээг хуулиар тодорхойлохдоо Үндсэн хуулийн агуулга зарчимд нийцүүлэхээс гадна Үндсэн хуульд хэрхэн нийцсэнийг хараат бус мэргэжлийн, дээд хяналт болох Үндсэн хуулийн цэц хяналт хийх боломж нөхцөлийг бүрдүүлсэн байх нь нэг талаар хууль тогтоогчид Үндсэн хуулиар оноосон үүрэг, нөгөө талаар Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх юм.
Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг тус тус зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэж өгнө үү." гэсэн мэдээлэл ирүүлсэн байна.
Тав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
"Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн болохыг дурдаад мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Цэцийн үйл ажиллагааны зарчим, арга хэлбэр, зохион байгуулалт, бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиар тодорхойлно." гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн үзэл санааны үүднээс, түүнд тусгагдсан зохицуулалтын агуулга, зарчмын хүрээнд шийдвэрээ гаргана.
Энэ хүрээнд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ." гэж тусгагдсан. Улсын Их Хурал хууль тогтоох, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль батлагдсаны дараа Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаас 1992 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гагцхүү хуулиар зохицуулж байхаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан харилцааг тэр тухай шинэ хууль батлан гаргах хүртэл хугацаанд уул харилцааг зохицуулж ирсэн хууль, эрх зүйн бусад актын заалтаар зохицуулна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиудыг Улсын Бага Хурлаас тогтоосон хуваарийн дагуу 199З онд багтаан батлан гаргана." гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлыг 1996 онд багтаан хийж дуусгана." гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурал өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн суурь зарчмуудыг хэрэгжүүлэхийн тулд нарийвчилсан зохицуулалт бүхий органик хууль батлан гаргах үүргийг хуулиар хүлээсэн байна.
Үндсэн хуулийн тулгуур зарчим, үзэл санааг гажуудуулахгүйгээр Үндсэн хуулийн заалтыг бусад хуулийн заалтаар баяжуулан, хөгжүүлж нийгмийн харилцааг нарийвчлан зохицуулснаар Үндсэн хууль өөрөө амьдрах чадвартай байж, нийгмийн харилцааг зохицуулах үүргээ гүйцэтгэдэг.
Үндсэн хуульчилсан дээрх асуудлыг Улсын Их Хурал органик хууль буюу Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тодруулан хуульчилсан нь Үндсэн хуулийн заалтад халдсан хэрэг бус харин Үндсэн хуулиар Улсын Их Хурлын бүрэн эрхэд онцгойлон хамааруулсан асуудлын эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэн тогтоосон гэж үзэж байна.
Мэдээлэл гаргагчдын мэдээлэлд "... Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д онцгой дэглэмийг тогтоохдоо БНМАУ-ын Бага хурлаас 1991 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай ... хуулийг үндэслэсэн байдаг ..." гэж дурдсан байна.
Тус агуулгын хүрээнд Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн, зөрчөөгүй эсэх талаар маргаан хянан шийдвэрлэх нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлтэй харшилдах нөхцөл бүрдэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай шийдвэрийг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэдэг. Харин Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар олгосон гол үүргээс хэтэрсэн гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл Цэцийн гол үүрэг бол 1992 оны Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах маргааныг магадлан шийдвэрлэх чиг үүрэгтэй буюу Үндсэн хуулийн суурь зарчмыг л хамгаалах үүрэг хүлээнэ. Ердийн хуулиуд бол хууль дээдлэх зарчмын дагуу Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцэн гарах ёстой ба Үндсэн хуулийг дэлгэрүүлж буй хэрэг гэж үздэг тул түүнээс өмнөх Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцсэн, дэлгэрүүлж буй хуулиудыг Цэц шууд өнөөгийн Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянах боломжгүй юм.
Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээ, харьяалан шийдвэрлэх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлээр тус тус зохицуулсан байна.
Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд дээд хяналт тавих субьект болохын хувьд түүний хяналтын цар хүрээг Үндсэн хуулиар тогтоодог учир тус маргааныг хянан шийдвэрлэх нь цэцийн харьяалан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байна." гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн." хэмээн хуульчилж Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг тодорхойлсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтцэд нийцүүлэн Үндсэн хуульт ёсыг хамгаалж, Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.", мөн зүйлийн 3 дахь хэсэгт "... Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно.", 4 дэх хэсэгт "Хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлыг 1996 онд багтаан хийж дуусгана." гэж тус тус заасан боловч Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас ирүүлсэн "Мэдээлэл хүргүүлэх тухай" албан бичигт Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнөх хугацаанд баталж, өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа 9 хууль байгаа талаар дурджээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн дагуу Үндсэн хуульд нийцүүлэх арга хэмжээг хууль тогтоогчийн зүгээс аваагүй, эсхүл Үндсэн хуульд нийцсэн гэж үзэж хэвээр үлдээсэн хууль тогтоомж, түүний хэм хэмжээг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.
2. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ." гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг цаг хугацааны хүчин зүйлээр үндэслэлгүй хязгаарлаж, үндэсний эрх зүйн нэгдмэл орон зайг үгүйсгэсэн байна.
Ийнхүү Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналтыг тавих бүрэн эрхийг хязгаарласан байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлд Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан, түүнийг хянан шийдвэрлэх нийтлэг журмыг, Далдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийг дагаж мөрдөх хугацааг тус тус тогтоосон байна. Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Жаран зургадугаар зүйлийн 4, Далдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтад Үндсэн хуулийн цэцээс Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх албан тушаалтныг нэрлэн заасан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасныг тус тус зөрчсөн байна.
2. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.", Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад "хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;", мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.", Далдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө." гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.
3. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ." гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
4. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ЦОГТОО
ГИШҮҮД Г.ТУУЛХҮҮ
Ш.СОЛОНГО
Ц.НАНЗАДДОРЖ
Г.БАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
МОНГОЛ УЛСЫН
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН
ДҮГНЭЛТ
2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Дугаар 01 Улаанбаатар хот
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх
ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн
4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох
заалтыг зөрчсөн эсэх маргааныг
хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
танхим 12.00 цаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Г.Туулхүү, Ш.Солонго, Ц.Нанзаддорж /илтгэгч/, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Б.Мөнхгэрэлийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Д.Цэрэнбадам оролцов.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, мөн зүйлийн 4 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Ж.Эрхэмбаатар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд:
“Монгол Улсын Их Хурлаас 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдөр баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсан үндэслэлээр зөрчсөн байна.
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд “дээд” хяналт тавих эрх бүхий байгууллага. Үндсэн хуулийн биелэлтэд тавих хяналт нь хууль тогтоох дээд байгууллага болон бусад байгууллагаас гаргасан хууль, эрх зүйн актын хүрээнд хэрэгжих төрийн дээд хяналт юм.
Гэвч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь Цэц “дээд” хяналтаа хэрэгжүүлэх, маргааныг магадлан шийдвэрлэх эрхийг хязгаарласан буюу зөрчжээ. Учир нь Үндсэн хууль нь төрийн дээд хүчин чадал бүхий эрх зүйн акт бөгөөд бусад хууль тогтоомж түүнд нийцэж тохирсон байх ёстой. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино” гэж баталгаажуулсан байдаг. Гэтэл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн өдрөөс хойш гарсан маргааныг хянан шийдвэрлэхээр хуульчилжээ. Энэ нь Цэц 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө гарсан боловч Монгол Улсад үйлчилж, эрх бүхий албан тушаалтнаас хэрэглэж байгаа хууль, бусад шийдвэрийг хянахгүй үр дагаварт хүргэж байна.
2. Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн өдрөөс хойш гарсан маргааныг хянан шийдвэрлэхээр хуульчилсан тус заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу ... хянан шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн. Иргэд Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй. Гэвч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь иргэдийн өргөдөл, мэдээлэл гаргах эрхийг хязгаарлаж байна.
Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн”, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу ... хянан шийдвэрлэнэ”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэсэн байна.
Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Оросоо нар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага байхаас гадна Монгол Улсад Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болдог билээ.
Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих энэхүү Үндсэн хуулийн цэцийн онцгой бүрэн эрх нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж, нийгмийн харилцааг зохицуулж байгаа аливаа хууль тогтоомж Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар гаргасан иргэний мэдээлэл, эрх бүхий этгээдийн хүсэлтээр хянан шийдвэрлэх замаар хэрэгждэг.
1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийг баталснаар 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагаас эхэлж БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг Монголын ард түмэн дагаж мөрдөж эхэлсэн.
Гэтэл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэц зөвхөн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомжийн маргааныг хянан шийдвэрлэнэ, үүнээс өмнө гарсан хууль тогтоомж /хууль, тогтоол, олон улсын гэрээ/-ийг хянан шийдвэрлэхгүй гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.” гэж заасанд үл нийцэж байна.
Учир нь Монгол Улсад хүчин төгөлдөр аливаа хууль тогтоомж нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа дээд хүчин чадалтай Үндсэн хуульд нийцсэн байх шаардлагыг Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасан.
Ардын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хууль буюу БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийг мөн баталсан байдаг. Уг хуулийн Есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэхүү хавсралт хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийнхаа нэгэн адил хүчинтэй.” гэж зааж өгсөн.
Хавсралт хуулиар Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөх, Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцох, хууль тогтоомжийг 1996 онд багтаан хийж дуусгах гэх мэт шилжилтийн үеийн харилцааг зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, 1996 онд багтаан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагууд хууль тогтоомжийг шинэчлэх, тодруулбал хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө гарсан хууль тогтоомж нь Үндсэн хуульд нийцсэн гэж үзвэл хэвээр үлдээх, гүйцэтгэх мэдлийн хүрээнд 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө гарсан хууль тогтоомж Үндсэн хуульд нийцсэн гэж үзвэл уг хуулийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг Хавсралт хууль олгосон.
Харин хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд Үндсэн хуульд нийцсэн гэж үзсэн боловч, шүүх эрх мэдэл буюу Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд БНМАУ-ын хууль тогтоомж Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцээс уг хууль тогтоомжид хяналт тавих бүрэн эрхийг маргаан бүхий хуулийн заалт хязгаарлаж байна гэж үзэн энэхүү мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргаж байна.
Мэдээлэл гаргагчийн зүгээс 1991 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр БНМАУ-ын Бага Хурлаас батлагдсан “Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай “хууль” Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан боловч Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу уг хууль Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлыг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзжээ.
Энэ нь Үндсэн хуулийн цэц 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө батлагдсан боловч одоо Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянах боломжгүй байгааг харуулж байна.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.”, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар ... хянан шийдвэрлэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:” гээд 1 дэх заалтад “хууль... Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;”, 4 дэх заалтад “Хууль ... Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль ... хүчингүй болно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага ... үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.” гэсэнд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гурав. Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн Ц.Мөнгөнцацрал Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг гаргажээ. Үүнд:
“Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль батлагдсанаас хойш 1988 онд батлагдсан Газрын хэвлийн тухай, 1991 онд батлагдсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэтгэмжийн тухай, Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай, Өмчлөлийн тухай зэрэг 8 хуулийг одоог болтол Монгол Улсын Их Хурлаас хүчингүй болсонд тооцоогүй, хүчин төгөлдөр үйлчилж төрийн захиргааны байгууллага шийдвэр, үйл ажиллагаандаа мөрдлөг болгосоор байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн Есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэхүү Хавсралт хууль Монгол Улсын Үндсэн хуулийнхаа нэгэн адил хүчинтэй байна.” гэж, Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.” гэж тус тус заасан байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:” гээд 1 дэх заалтад “… хууль … Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэж тусгасан. Үүнээс үзэхэд Үндсэн хууль батлагдахаас өмнө батлагдсан дээрх хуулиуд одоог болтол хүчин төгөлдөр үйлчилж Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргах маргааны зүйлд хамаарч байхад Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж хуульчилсан байх тул Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ.
Дөрөв. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Цэрэнбадам Үндсэн хуулийн цэцэд хандаж:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага. Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн”, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дугнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна гээд хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ ...” гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэжээ.
Хууль тогтоогч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэсэн (цаашид “Батлагдсан цаг хугацааны хязгаарлалт” гэх) заалтыг оруулж, Үндсэн хуулийн хяналтыг батлагдсан цаг хугацаагаар хязгаарласан нь Үндсэн хуульд нийцэхгүй, зөрчсөн ердийн хууль, хуульчилсан акт нийгэмд хэрэгжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.
Хууль зүйн үндэсний хүрээлэн, Улсын Их Хурлын Тамгын газраас авсан мэдээллээр 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдан, хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Үндсэн хууль батлагдахаас өмнө БНМАУ-ын Их хурал болон БНМАУ-ын Бага Хурлаар батлагдсан 8 хууль, соёрхон баталсан буюу нэгдэн орсон 65 олон улсын гэрээ өнөөдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн агуулгаар эдгээр хуулиуд болон соёрхон баталсан буюу нэгдэн орсон Олон улсын гэрээнүүд нь Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байх учиртай бөгөөд Үндсэн хуульд нийцсэн эсэхэд Үндсэн хуулийн цэц хяналт тавих бүрэн боломжтой байх ёстой. Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй.” гэж заасан бөгөөд дээрх соёрхон баталсан буюу нэгдэн орсон Олон улсын гэрээнүүдийн хувьд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд Үндсэн хуулийн цэц хяналт хийх боломжийг хууль тогтоогч батлагдсан цаг хугацааны хориглолт хийснээрээ хязгаарласан байна.
Мөн Үндсэн хуулийн Хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.”, мөн 3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно.” гэж зааснаас үзвэл хууль тогтоогч ердийн хууль соёрхон баталсан буюу нэгдэн орсон Олон улсын гэрээг Үндсэн хуульд нийцүүлэх үүрэгтэй бөгөөд Үндсэн хуульд нийцсэн эсэхэд Үндсэн хуулийн цэц хяналт хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэгтэй байхаар байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж тунхаглан заасан байдаг ба энэхүү зарчим шаардлага нь хууль тогтоох эрх мэдэл бүхий байгууллагын ажиллах үеийн нөхцөл байдал, нийгмийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлоос шалтгаалан түүний баталсан ердийн хуулийн хооронд зөрчил хийдлийг үүсгэсээр ирсэн нь Үндсэн хуулийн хяналтын байгууллага зайлшгүй орших шалтгаан нөхцөлийг бүрэлдүүлсэн байдаг.
Энэхүү зөрчил хийдлийг хууль дээдлэх зарчим, шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцүүлэн өнөөгийн эрх зүйн системд олсон ололтоос ухраахгүй суурь зарчимдаа нийцүүлэн шийдвэрлэх нь Үндсэн хуулийн хяналтын байгууллага буюу Үндсэн хуулийн цэцийн үндсэн зорилго болно.
Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн агуулгаар Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, соёрхон баталсан буюу нэгдэн орсон Олон улсын гэрээ нь Үндсэн хуульд бүрнээ нийцэх ёстой юм бол түүнийг нийцсэн эсэхийг хянах эрх Үндсэн хуулийн цэцэд олгогдсон байх нь зүй ёсны асуудал болно.
Өөрөөр хэлбэл, Хууль тогтоогч засаглалын салаа мөчрийн эрх, үүрэг, хариуцлагыг тогтоох, нийгмийн харилцааг зохицуулсан хэм хэмжээг хуулиар тодорхойлохдоо Үндсэн хуулийн агуулга зарчимд нийцүүлэхээс гадна Үндсэн хуульд хэрхэн нийцсэнийг хараат бус мэргэжлийн, дээд хяналт болох Үндсэн хуулийн цэц хяналт хийх боломж нөхцөлийг бүрдүүлсэн байх нь нэг талаар хууль тогтоогчид Үндсэн хуулиар оноосон үүрэг, нөгөө талаар Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх юм.
Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдээлэл ирүүлсэн байна.
Тав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн болохыг дурдаад мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Цэцийн үйл ажиллагааны зарчим, арга хэлбэр, зохион байгуулалт, бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиар тодорхойлно.” гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн үзэл санааны үүднээс, түүнд тусгагдсан зохицуулалтын агуулга, зарчмын хүрээнд шийдвэрээ гаргана.
Энэ хүрээнд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж тусгагдсан. Улсын Их Хурал хууль тогтоох, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль батлагдсаны дараа Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаас 1992 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гагцхүү хуулиар зохицуулж байхаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан харилцааг тэр тухай шинэ хууль батлан гаргах хүртэл хугацаанд уул харилцааг зохицуулж ирсэн хууль, эрх зүйн бусад актын заалтаар зохицуулна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиудыг Улсын Бага Хурлаас тогтоосон хуваарийн дагуу 199З онд багтаан батлан гаргана.” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлыг 1996 онд багтаан хийж дуусгана.” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурал өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн суурь зарчмуудыг хэрэгжүүлэхийн тулд нарийвчилсан зохицуулалт бүхий органик хууль батлан гаргах үүргийг хуулиар хүлээсэн байна.
Үндсэн хуулийн тулгуур зарчим, үзэл санааг гажуудуулахгүйгээр Үндсэн хуулийн заалтыг бусад хуулийн заалтаар баяжуулан, хөгжүүлж нийгмийн харилцааг нарийвчлан зохицуулснаар Үндсэн хууль өөрөө амьдрах чадвартай байж, нийгмийн харилцааг зохицуулах үүргээ гүйцэтгэдэг.
Үндсэн хуульчилсан дээрх асуудлыг Улсын Их Хурал органик хууль буюу Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тодруулан хуульчилсан нь Үндсэн хуулийн заалтад халдсан хэрэг бус харин Үндсэн хуулиар Улсын Их Хурлын бүрэн эрхэд онцгойлон хамааруулсан асуудлын эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэн тогтоосон гэж үзэж байна.
Мэдээлэл гаргагчдын мэдээлэлд “... Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онцгой дэглэмийг тогтоохдоо БНМАУ-ын Бага хурлаас 1991 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай ... хуулийг үндэслэсэн байдаг ...” гэж дурдсан байна.
Тус агуулгын хүрээнд Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн, зөрчөөгүй эсэх талаар маргаан хянан шийдвэрлэх нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлтэй харшилдах нөхцөл бүрдэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай шийдвэрийг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэдэг. Харин Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар олгосон гол үүргээс хэтэрсэн гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл Цэцийн гол үүрэг бол 1992 оны Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах маргааныг магадлан шийдвэрлэх чиг үүрэгтэй буюу Үндсэн хуулийн суурь зарчмыг л хамгаалах үүрэг хүлээнэ. Ердийн хуулиуд бол хууль дээдлэх зарчмын дагуу Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцэн гарах ёстой ба Үндсэн хуулийг дэлгэрүүлж буй хэрэг гэж үздэг тул түүнээс өмнөх Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцсэн, дэлгэрүүлж буй хуулиудыг Цэц шууд өнөөгийн Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянах боломжгүй юм.
Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээ, харьяалан шийдвэрлэх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлээр тус тус зохицуулсан байна.
Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд дээд хяналт тавих субьект болохын хувьд түүний хяналтын цар хүрээг Үндсэн хуулиар тогтоодог учир тус маргааныг хянан шийдвэрлэх нь цэцийн харьяалан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.” хэмээн хуульчилж Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг тодорхойлсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтцэд нийцүүлэн Үндсэн хуульт ёсыг хамгаалж, Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “... Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно.”, 4 дэх хэсэгт “Хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлыг 1996 онд багтаан хийж дуусгана.” гэж тус тус заасан боловч Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас ирүүлсэн “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичигт Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнөх хугацаанд баталж, өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа 9 хууль байгаа талаар дурджээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн дагуу Үндсэн хуульд нийцүүлэх арга хэмжээг хууль тогтоогчийн зүгээс аваагүй, эсхүл Үндсэн хуульд нийцсэн гэж үзэж хэвээр үлдээсэн хууль тогтоомж, түүний хэм хэмжээг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.
2. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг цаг хугацааны хүчин зүйлээр үндэслэлгүй хязгаарлаж, үндэсний эрх зүйн нэгдмэл орон зайг үгүйсгэсэн байна.
Ийнхүү Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналтыг тавих бүрэн эрхийг хязгаарласан байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлд Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан, түүнийг хянан шийдвэрлэх нийтлэг журмыг, Далдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийг дагаж мөрдөх хугацааг тус тус тогтоосон байна. Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Жаран зургадугаар зүйлийн 4, Далдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтад Үндсэн хуулийн цэцээс Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх албан тушаалтныг нэрлэн заасан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
2. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.”, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад “хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.”, Далдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.
3. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.