- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ
2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 147
Улаанбаатар хот
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3, Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дэлхий нийтэд коронавируст халдвар "COVID-19"-ын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасугай. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 188, 234, 1, 31, 70, 103, 159 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг сонгуульд оролцох нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх намын Их Хурал, эсхүл намын төлөөллийн төв байгууллагын хурлыг 2020 оны 5 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулах нөхцөл боломжоор хангахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд даалгасугай.
3. Дипломат ажилтнууд, тэдний гэр бүл болон зайлшгүй шаардлагаар улсын хил нэвтрүүлэх иргэдийн асуудлыг тухай бүр шийдвэрлэх, олон улсын ачаа тээврийн галт тэрэг, зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, автомашины жолооч нарт хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай" Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоолын 1.1 дэх дэд заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолын 1 дэх заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 63 дугаар тогтоолын 1 дэх заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын 2020 оны 64 дүгээр тогтоолын 1 дэх заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын 2020 оны 102 дугаар тогтоолын 1, 3 дахь заалтын "4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл" гэснийг "5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
