- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ТӨСВИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ТӨСВИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 168
Улаанбаатар хот
Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан зарим үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээг хязгаарласан, зогсоосонтой холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2020 оны батлагдсан төсөвт бий болсон дараахь арга хэмжээний санхүүжилт, зардлын хэмнэлтийг эдийн засгийг идэвхжүүлэх, ажлын байрыг хадгалах, иргэдийн амьжиргааг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай бусад арга хэмжээ, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулан төсвийн зохицуулалт хийж зарцуулсугай: 1.1. бүх шатны сургалтын үйл ажиллагаа, хурал семинар, баяр ёслол, урлаг, соёл, спортын арга хэмжээний зарим зардал;
1.2. Боловсролын зээлийн сан, Соёл, урлагийг дэмжих сан, Кино урлагийг дэмжих сан, Спортыг дэмжих сан зэрэг зарим тусгай сангийн зардал;
1.3. цалин, нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжээс бусад зарим урсгал зардлыг 20 хүртэл хувиар бууруулснаас бий болох хэмнэлт;
1.4. гүйцэтгэл нь удаашралтай байгаа хөрөнгө оруулалтын зарим төсөл арга хэмжээний хэмнэгдсэн санхүүжилт;
1.5. гадаадын зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлэх зарим зардал;
1.6. коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах талаар "Их-20"-ын улсуудаас гаргасан "Өр хойшлуулах санаачилга"-ын дагуу тухайн улсуудад төлөх гадаадын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс хойшлуулсан зардал.
2. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулах замаар энэ тогтоолын 1 дэх заалтад заасан төсвийн зохицуулалтыг тусган баталж мөрдүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.
3. Энэ тогтоолын 2 дахь заалтад заасан төсвийн сар, улирлын хуваарийн дагуу төрийн үйлчилгээг тасалдуулахгүй, өр, авлага үүсгэхгүй байхаар үйл ажиллагааг зохион байгуулж төсвийн сахилга хариуцлагыг өндөржүүлэн ажиллахыг бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A