A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН СПОРТЫН НОГООН НААДАМ, 2023 ОНЫ ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН СПОРТЫН НААДМЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 154

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН СПОРТЫН НОГООН НААДАМ, 2023 ОНЫ ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН СПОРТЫН НААДМЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

(Энэ тогтоолын нэрэнд Засгийн газрын 2019 оны 376 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2021 онд зохион байгуулагдах Олон улсын залуучуудын спортын ногоон наадам, 2023 онд зохион байгуулагдах Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн "Шинэ яармаг" хороололд "Нью яармаг хаусинг прожект" ХХК-ийн хөрөнгөөр хийгдсэн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламж (цахилгаан, дулаан, цэвэр ус хангамжийн түгээх шугам сүлжээ, цахилгааны эх үүсвэр, бохир ус зайлуулах шугам, харилцаа, холбооны шугам сүлжээний барилга байгууламж)-ийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн өмчид авах асуудлыг судалж, зохих арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай. 

(Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 376 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 147 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон.)

2. Олон улсын залуучуудын спортын ногоон наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалт, шаардлагатай зарим барилга байгууламжийг барих, техникийн шаардлага хангасан спортын хэрэглэл, тоног төхөөрөмж авах хөрөнгийг төвлөрүүлэн зохицуулах үүрэг бүхий нийслэлийн өмчит компанийг байгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгасугай. 

(Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 376 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон.)

3. Олон улсын залуучуудын спортын ногоон наадмыг өндөр түвшинд зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар ханган, шаардлагатай зардлын тооцоог гаргаж, аж ахуйн нэгж болон гадаад, дотоодын байгууллагын хөнгөлөлттэй зээл, тусламжийн эх үүсвэрээс санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтын зарим зардлыг 2021 оны улсын төсөвт тусгаж шийдвэрлүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 376 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 200 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон.)

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ