A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 05 сарын 13 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурал /цаашид "Улсын Их Хурал" гэх/-ын чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

3 дугаар зүйл.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үндсэн зарчим

Хэвлэх

3.1.Улсын Их Хурлын чуулганы хуралдаан хууль дээдлэх, нээлттэй, ил тод байх, асуудлыг хэлэлцэхэд чөлөөтэй, эрх тэгш оролцоог хангах, цөөнхийн эрхийг хүндэтгэх, хэлэлцүүлгийн горим ойлгомжтой, тодорхой байх, олонхын саналаар шийдвэр гаргах зарчимд үндэслэнэ.

3.2.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг /цаашид "хуралдааны дэг" гэх/-ээр тусгайлан зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх дэгийг Улсын Их Хурал өөрөө тогтооно.

3.3.Хялбаршуулсан хуралдааны дэгийг энэ хуульд заасны дагуу Улсын Их Хурал батална.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."чуулганы хуралдаан" гэж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг;

4.1.2."Зөвлөл" гэж Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан Улсын Их Хурлын даргын дэргэд ажиллах зөвлөлийг;

4.1.3."горимын санал" гэж Улсын Их Хурлын гишүүнээс зөвхөн хэлэлцэж байгаа асуудлаар болон тухайн асуудлыг хэлэлцэх дараалал, журмын талаар гаргасан саналыг;

4.1.4."зарчмын зөрүүтэй санал" гэж хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд өөрчлөлт оруулахтай холбоотой бичгээр гаргасан саналыг;

4.1.5."найруулгын санал" гэж хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн үзэл баримтлал, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр зүйл, хэсэг, заалтыг уялдуулан дэс дараалал, бүтцэд өөрчлөлт оруулах, нэр томьёог жигдлэх, үг, өгүүлбэр, хэллэгийг монгол хэлний дүрэмд нийцүүлэхтэй холбоотой саналыг;

4.1.6."хуулийн төслийг эцэслэн батлах" гэж энэ хуульд заасан хуулийн төсөл хэлэлцэх дөрөв дэх үе шатанд төслийг эцэслэн батлах санал хураалтыг.

5 дугаар зүйл.Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам

Хэвлэх

5.1.Тухайн асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг хуулиар зохицуулаагүй бол уг асуудлыг хэлэлцэх дэгийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, саналаа нэгдсэн хуралдаанд оруулна.

5.2.Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосон тухайн асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд /цаашид "гишүүд" гэх/-ийн олонхын саналаар батална.

5.3.Энэ хуулийн 5.1-д заасан хуралдааны дэгийг зөвхөн тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд мөрдөнө.

6 дугаар зүйл.Онцгой нөхцөлд хэрэглэх хуралдааны дэг

Хэвлэх

6.1.Онц байдал, дайн бүхий болон дайны байдал зарласан, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн, энэ хуульд заасан зарчмыг баримтлан асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдааны дэгээр хэлэлцэж болно.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл хэлэлцэх үе шатыг тогтоох, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдааны дэгээр хэлэлцэх талаар зарчмын зөрүүтэй санал гарсан бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

6.3.Энэ хуулийн 6.1-д заасан нөхцөлд чуулганы хуралдааны байршлыг өөрчилж болно.

7 дугаар зүйл.Цахим хуралдааны дэг

Хэвлэх

7.1.Чуулганы хуралдаан /цаашид "хуралдаан" гэх/-ыг цахим хуралдааны программ ашиглан зохион байгуулах бөгөөд цахим хуралдааны программ нь Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсгийн гишүүд байршлаасаа үл хамааран дүрсээ харан нэгэн зэрэг сонсох болон ярих, санал өгөх боломжтой байна.

7.2.Хуралдааны зарыг албан ёсны цахим шуудан болон холбооны хэрэгсэл ашиглан Улсын Их Хурлын гишүүн /цаашид "гишүүн" гэх/-д мэдэгдэнэ.

7.3.Гишүүн товлосон цагт цахим хуралдааны программын ирцэд бүртгүүлэн хуралдаанд оролцох үүрэгтэй. Гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол энэ хуулийн 18.1-д заасан хариуцлага хүлээлгэнэ.

7.4.Хэлэлцэх асуудлын материалыг албан ёсны цахим шуудангаар илгээж, Улсын Их Хурлын цахим хуудсанд байршуулна.

7.5.Хуралдаанд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.4-т заасан Зөвлөлийн гишүүд биечлэн хуралдааны танхимд, бусад гишүүд хуралдааны танхим, эсхүл албан өрөөнөөсөө, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн бол тухайн байгаа газраасаа цахим хуралдааныг хэвийн явуулахад саад учруулахгүйгээр оролцоно.

7.6.Хуралдаанд тухайн хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газар /цаашид "Тамгын газар" гэх/-ын холбогдох ажилтан оролцож болно.

7.7.Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд цахим хуралдааны программд бүртгүүлсэн гишүүнийг хуралдаанд хүрэлцэн ирснээр тооцож, хуралдааны ирцэд бүртгэнэ.

7.8.Хуралдааны үед нам, эвслийн бүлэг тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авахаар бол хуралдаан даргалагч тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан завсарлагын хугацааг тогтооно.

7.9.Гишүүн хуралдаанд үг хэлж, байр сууриа илэрхийлэх, тайлбар хийх, асуулт асуухдаа цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт бичвэр томьёоллоор мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр чанга яригч нээгдэхэд үг хэлж, асуулт асууна.

7.10.Онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар нэг удаа 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах бөгөөд үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байхаар тогтооно. Нам, эвслийн бүлэг, гишүүд шаардлагатай гэж үзвэл саналаа нэгтгэн асуулт асууж, саналаа илэрхийлж болно.

7.11.Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хуралдаан даргалагч санал хураалтын цагийг урьдчилан мэдэгдэнэ.

7.12.Санал хураалтыг цахим хэлбэрээр, эсхүл гар өргөж явуулна. Санал хураалтын дүнг хуралдаан даргалагч нэгтгэн танилцуулна.

7.13.Нууц санал хураалтыг зөвхөн санал хураах хуудсаар явуулна.

7.14.Энэ хуулийн 6.1-д заасан нөхцөлд хаалттай хуралдаан явуулах дэгийг тусгайлан зохицуулна.

7.15.Хуралдааны дэг зөрчсөн болон цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй үг бичих, цахим хуралдааныг хэвийн явуулахад саад учруулсан үйлдэл гаргавал гишүүнд хуралдаан даргалагч сануулах, сануулга авсан гишүүн дахин зөрчил гаргавал түүний тухайн өдрийн хуралдааны туршид, эсхүл тухайн хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асуух, үг хэлэх эрхийг нь хасах, цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт бичих, үг хэлэх эрхийг нь 3 цаг хүртэл хугацаагаар хасаж, энэ тухайгаа мэдэгдэнэ.

7.16.Цахим хуралдаанд энэ хуулийн 11.5, 14.3 дахь хэсгийг баримтлахгүй.

7.17.Хуралдааны явцыг дуу, дүрс бичлэг, мэдээллийн бусад техник хэрэгсэл ашиглан энэ хуульд заасны дагуу Тамгын газраас баримтжуулна.

7.18.Энэ хуульд заасны дагуу ирц, санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүний саналаа илэрхийлсэн талаарх баримтыг тухайн асуудлыг хэлэлцсэн хувийн хэрэгт хавсаргана.

8 дугаар зүйл.Хуралдааны дэгд өөрчлөлт оруулах

Хэвлэх

8.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38.1-д заасны дагуу хуралдааны дэгд өөрчлөлт оруулах хуулийн төслийг зөвхөн гишүүн санаачлах эрхтэй.

8.2.Хуралдааны дэгд өөрчлөлт оруулах хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр хуулийн төсөл хэлэлцэх журмын дагуу хэлэлцэнэ.

9 дүгээр зүйл.Хуралдааны зохион байгуулалтын нийтлэг журам

Хэвлэх

9.1.Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 9.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.2.Ажлын зайлшгүй шаардлага гарвал Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдааныг энэ хуулийн 9.1-д зааснаас бусад ажлын өдөр зарлан хуралдуулж болно.

9.3.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нам, эвслийн бүлгийн хуралдааныг долоо хоногийн Даваа гарагт, Байнгын, дэд, түр хороодын хуралдааныг Мягмар, Лхагва гарагт, шаардлагатай бол энэ хуулийн 9.2-т заасныг баримтлан бусад ажлын өдөрт зохион байгуулж болно.

9.4.Байнгын хорооны хуралдааны санал хураалтыг бусад Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны санал хураалттай давхцуулахгүйгээр зохион байгуулна.

9.5.Тухайн долоо хоногт нэгдсэн, Байнгын, дэд, түр хороо, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга батална.

9.6.Нам, эвслийн бүлэг энэ хуулийн 9.5-д заасан тов, дарааллыг харгалзан тухайн долоо хоногт хуралдаанаараа хэлэлцэх асуудлаа өөрсдөө тогтооно.

9.7.Төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд гишүүд оролцох, хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан нам, эвслийн бүлэгт саналаа зөвшилцөх боломж олгох зорилгоор хуралдаан даргалагч нэгдсэн хуралдааны эхлэх цагийг энэ хуулийн 9.1-д зааснаас өөрөөр тогтоож болно.

10 дугаар зүйл.Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг тогтоох журам

Хэвлэх

/Энэ зүйлийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.1.Төрийн байгуулалтын байнгын хороо нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо, хууль санаачлагчийн саналыг үндэслэн дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл /цаашид "тогтоолын төсөл" гэх/-ийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална.

10.2.Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл болон батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан хууль, тогтоолын төслийг оруулна. Хэрэв нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж болно.

10.3.Нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо, хууль санаачлагч нь дараагийн ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын талаарх саналаа чуулган дуусахаас ажлын 10 өдрийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн байна.

10.4.Нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо, хууль санаачлагч нь энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд санал ирүүлээгүй бол ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын талаар тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ.

10.5.Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан Улсын Их Хурлын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийн хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар батална.

10.6.Энэ хуулийн 10.5-д заасан дарааллыг үндэслэн хэлэлцэх асуудлын цаглаврыг Байнгын хороод баталж, мөрдүүлнэ.

10.7.Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах асуудлыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга шийдвэрлэнэ.

11 дүгээр зүйл.Хуралдааны ирц

Хэвлэх

11.1.Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.

11.2.Гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй бол хуралдаан даргалагчид энэ хуулийн 11.3-т заасан шалтгаан, үндэслэлээ урьдчилан мэдэгдэнэ.

11.3.Гишүүн өвчтэй буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, зөвлөгөөнд зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй бол хуралдаан тасалсанд тооцно.

11.4.Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар нам, эвслийн бүлэг, гишүүн хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно.

11.5.Гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэхдээ биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхжих систем бүхий цахим тоолуурыг ашиглана.

11.6.Хуралдаан даргалагч хуралдааны ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр дараах дарааллаар танилцуулна:

11.6.1.хүрэлцэн ирсэн гишүүн;

11.6.2.хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирээгүй гишүүн, түүний шалтгаан, үндэслэл;

11.6.3.хуралдаан тасалсан гишүүн.

11.7.Нэгдсэн хуралдаанаар асуудал хэлэлцэхэд холбогдох Байнгын хорооны дарга, эсхүл түүнийг орлож байгаа гишүүн хуралдаанд заавал оролцоно.

12 дугаар зүйл.Нээлттэй, хаалттай хуралдаан

Хэвлэх

12.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдааныг нээлттэйгээр зохион байгуулна.

12.2.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.2-т заасан асуудлыг нууцын горимоор хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ.

12.3.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.3-т заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно.

12.4.Энэ хуулийн 12.2-т заасан хаалттай хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, тухайн асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүн болон холбогдох төрийн бусад байгууллагын дарга, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга /цаашид "Ерөнхий нарийн бичгийн дарга" гэх/, Тамгын газрын нууцын асуудал хариуцсан ажилтан, түүнчлэн тухайн асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг оролцуулж болно.

12.5.Шаардлагатай бол энэ хуулийн 12.4-т зааснаас бусад хүнийг хаалттай хуралдаанд оролцуулж болох бөгөөд тэднээр нууц задруулахгүй байх баталгааг урьдчилан гаргуулна.

12.6.Хаалттай хуралдаанд дуу, дүрс бичлэг хийх, гар утас, бусад хөдөлгөөнт төхөөрөмж авч орох, утсаар ярихыг хориглоно.

12.7.Хаалттай хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцын тухай хууль тогтоомжид заасны дагуу хөтөлнө.

12.8.Энэ хуулийн 12.3-т заасан хаалттай хуралдааныг зохион байгуулахад энэ хуулийн 12.4, 12.5, 12.6, 12.7-д заасан журам үл хамаарна.

12.9.Энэ хуулийн 12.3-т заасан хаалттай хуралдаанд асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Тамгын газрын ажилтнууд оролцож болох бөгөөд хуралдааны явцыг энэ хуулийн 129.1-д заасны дагуу тэмдэглэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13 дугаар зүйл.Гишүүн хуралдаанд асуулт асуух, үг хэлэх журам

Хэвлэх

13.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол гишүүн хуралдаанд асуулт асуухдаа дараах журмыг баримтална:

13.1.1.нэгдсэн хуралдаанд асуулт асуухаа урьдчилан мэдэгдэж асуулт асуух дараалалд орох;

13.1.2.гишүүний асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах;

13.1.3.хуралдаан даргалагч зөвшөөрөл өгөөгүй байхад асуулт асуухгүй байх.

13.2.Гишүүний асуултад хариулах хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт тайлбар өгөх хугацаа 2 хүртэл удаа тус бүр 1 минутаас илүүгүй байна.

13.3.Гишүүн хуралдаанд байр сууриа илэрхийлж үг хэлэх /цаашид "үг хэлэх" гэх/-дээ дараах журмыг баримтална:

13.3.1.нэгдсэн хуралдаанд үг хэлэхээ урьдчилан мэдэгдэж үг хэлэх дараалалд орох;

13.3.2.үг хэлэх хугацаа 5 минутаас илүүгүй байх.

13.4.Гишүүн энэ хуулийн 9.5-д заасан нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлнэ.

13.5.Хуралдаан даргалагч тухайн өдрийн хуралдааныг нээж, хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүнээс ирүүлсэн горимын саналыг танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Энэ талаар хэлэлцүүлэг явуулахгүй.

13.6.Тодорхой асуудлыг хэлэлцэхэд энэ хуулийн 13.1.2, 13.2, 13.3.2-т зааснаас өөр хугацаа заасан бол тусгайлан заасан хугацааг баримтална.

13.7.Хуралдаан даргалагч урьдчилан мэдэгдэж, дараалалд орсон гишүүдийн нэрсийн дагуу асуулт асуух, үг хэлэх зөвшөөрөл өгнө.

13.8.Хуралдаан даргалагч асуулт асуух, үг хэлэх зөвшөөрөл өгөхийн өмнө энэ хуулийн 13.1, 13.2, 13.3-т заасан журмыг баримтлахыг сануулна.

13.9.Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэгдсэн хуралдаанд өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлж үг хэлнэ.

13.10.Гишүүн асуулт асуух, үг хэлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, гүтгэхийг хориглоно.

13.11.Гишүүн үнэн, бодитой, судалгаанд суурилсан мэдээлэлд тулгуурлаж үг хэлнэ.

13.12.Гишүүн асуулт асуух, үг хэлэх эрхээ бусад гишүүнд шилжүүлэхгүй.

13.13.Хууль, тогтоолын төсөл хэлэлцэхэд гишүүний асуултад хууль санаачлагч хариулж тайлбар хийнэ.

13.14.Хууль, тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон, түүнчлэн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдон уригдаж ирсэн хүн хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр тайлбар хийж, асуултад хариулна.

13.15.Тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад товч, тодорхой хариулах үүрэгтэй бөгөөд гишүүн хариултыг хангалтгүй, эргэлзээтэй гэж үзвэл тухайн асуултын хариуг 2 хоногийн дотор бичгээр өгөхийг шаардах эрхтэй.

13.16.Гишүүн хуралдаанд асуулт асуух, үг хэлэхдээ бүртгүүлж, асуулт асуух, үг хэлэх дараалалд орно.

13.17.Хэлэлцүүлгийн явцад гарсан асуудлыг тодруулах зорилгоор гишүүн асуулт асуух, үг хэлэх хүсэлт гаргасан бол хуралдаан даргалагч энэ хуульд заасан дарааллыг харгалзахгүйгээр асуулт, асуух үг хэлэх зөвшөөрөл өгнө.

14 дүгээр зүйл.Санал хураалт явуулах ерөнхий журам

Хэвлэх

14.1.Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг ил санал хураалтаар шийдвэрлэнэ. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар санал хураалтыг нууцаар явуулна.

14.2.Ил санал хураалтыг цахимаар, эсхүл гар өргөж, нууц санал хураалтыг цахимаар, эсхүл санал хураах хуудсаар явуулна.

14.3.Санал хураалтыг цахимаар явуулахад биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхжих систем бүхий цахим тоолуур ашиглана.

14.4.Ил санал хураалтыг явуулахад техникийн гэмтэл гарсан, цахилгаан тасарсан зэрэг санал хураалтын систем ажиллахгүй болсон тохиолдолд санал хураалтыг гар өргөж явуулна.

14.5.Гар өргөж явуулсан ил санал хураалтын дүнг хуралдаан даргалагч нэгтгэн зарлана.

14.6.Нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулах бол гишүүдээс бүрдсэн тооллогын комисс байгуулна. Нууц санал хураалт явуулах, дүнг гаргах журмыг тооллогын комисс боловсруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална.

14.7.Нууц санал хураалтыг цахимаар явуулахад эзгүй гишүүний картыг сугалан бүртгэлээс хасаж, санал хураалтыг явуулах бөгөөд санал өгсөн гишүүдийн нэрс хуралдааны цахим системд хадгалагдахгүй.

14.8.Гишүүн санал хураалтад оролцохдоо "зөвшөөрсөн" буюу "татгалзсан" саналын аль нэгийг өгнө.

14.9.Санал хураалт явуулах үед гишүүн санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусад гишүүнд шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглоно.

14.10.Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ тухай хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж санал хураалтад оролцохгүй.

14.11.Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 11.4-т заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд оруулж тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно.

14.12.Хуралдаан даргалагч тухайн асуудлаар санал хураалт явуулах цагийг тухай бүрд нь урьдчилан зарлаж болно.

14.13.Нууц санал хураалт явуулахад энэ хуулийн 14.11 дэх хэсэг хамаарахгүй.

15 дугаар зүйл.Хуралдаанаас завсарлага авах

Хэвлэх

15.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нам, эвслийн бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33.1.4-т заасны дагуу завсарлага авах эрхтэй. Завсарлага авах хугацаа ажлын 5-аас илүүгүй өдөр байх бөгөөд шаардлагатай бол нам, эвслийн бүлгийн хүсэлтээр хуралдаан даргалагч завсарлагын хугацааг 1 удаа ажлын 3-аас илүүгүй өдрөөр сунгаж болно.

15.2.Нам, эвслийн бүлгийн дарга, эсхүл түүнийг албан ёсоор орлож байгаа гишүүн энэ хуулийн 15.1-д заасны дагуу завсарлага авахдаа завсарлага авах үндэслэл, хугацааг тодорхой хэлж, энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулна.

15.3.Завсарлага авсан нам, эвслийн бүлэг тухайн асуудлаар дахин завсарлага авахыг хориглоно.

15.4.Шийдвэрлэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч завсарлагын хугацааг тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэх боломжтой байхаар тогтооно.

15.5.Завсарлага авсан хугацаанд тухайн асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.

16 дугаар зүйл.Хуралдаан даргалагчийн эрх, үүрэг

Хэвлэх

16.1.Хуралдааныг зохион байгуулах талаар хуралдаан даргалагч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

16.1.1.хуралдааны бэлтгэлийг хангах;

16.1.2.хуралдааныг товлосон цагт эхлүүлж, хуралдааны дэгийн дагуу зохион байгуулах;

16.1.3.саналаа ирүүлсэн дарааллыг баримтлан гишүүдэд асуулт асуух, үг хэлэх зөвшөөрөл өгөх;

16.1.4.гишүүдээс гаргасан горимын саналаар санал хураалт явуулах;

16.1.5.энэ хуулийн 13.14-т заасан хүмүүст гишүүдийн асуултад хариулах, тайлбар хийх зөвшөөрөл өгөх;

16.1.6.санал хураалт явуулж, дүнг мэдээлэх;

16.1.7.хуралдааны шийдвэрийг хэлбэржүүлэх, ёсчлох ажлыг зохион байгуулах;

16.1.8.хүндэтгэн үзэх шалтгаантай гишүүнд чөлөө өгөх;

16.1.9.илтгэл, танилцуулга сонсох, асуулт, хариулт явуулах, санал, дүгнэлт танилцуулах, санал хураах цагийг тогтоох;

16.1.10.хуралдааны дэгийн биелэлтэд хяналт тавьж, гишүүдээс түүнийг биелүүлэхийг шаардах;

16.1.11.хуралдааны дэг зөрчигчид энэ хуульд заасан арга хэмжээ авах;

16.1.12.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

16.2.Хуралдаан даргалагч горимын саналаар нэг удаа санал хураалт явуулна. Хуралдааны хэлэлцэх асуудалд ороогүй асуудлаар, мөн тухайн санал нь хуулиар тогтоосон журмыг зөрчиж байгаа бол санал хураалт явуулахыг хориглоно.

16.3.Хуралдаанаар нэг асуудлыг хэлэлцэж эхэлсэн боловч түүний хэлэлцүүлгийг горимын саналаар хойшлуулсан тохиолдолд хуралдаан даргалагч дараагийн асуудлыг хэлэлцүүлнэ.

17 дугаар зүйл.Хуралдааны дэг сахиулах

Хэвлэх

17.1.Хуралдаан даргалагч энэ хуульд заасан хуралдааны дэгийг сахиулна.

17.2.Гишүүн хуралдааны дэг зөрчсөн, хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хуралдаан даргалагч түүнээс уг үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй.

17.3.Энэ хуулийн 17.2-т заасан шаардлагыг гишүүн биелүүлээгүй бол хуралдаан даргалагч түүнд энэ хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

17.4.Хуралдаанд оролцогч, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай урилгаар танилцаж байгаа зочид, төлөөлөгчид хуралдааны дэгийг сахин мөрдөх үүрэгтэй бөгөөд хуралдааны дэгийг зөрчсөн бол түүнийг хуралдаан даргалагчийн шийдвэрээр танхимаас гаргана.

17.5.Хуралдаан даргалагч хуралдааны танхимд хуралдааны дэг, журмыг сахиулах боломжгүй гэж үзсэн тохиолдолд тухайн өдрийн хуралдааныг түр завсарлуулах, эсхүл тухайн асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэр гаргана.

18 дугаар зүйл.Хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

18.1.Гишүүн хуралдааны дэг зөрчсөн бол дараах хариуцлага хүлээлгэнэ:

18.1.1.сануулах;

18.1.2.хуралдаанд үг хэлэх эрхийг хасах;

18.1.3.хуралдааны танхимыг орхин гарахыг үүрэг болгох;

/Энэ заалтыг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

18.1.4.хуралдаанд оролцох эрхийг хасах.

/Энэ заалтын дугаарт 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.2.Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуулт асуух, үг хэлэх, зөвшөөрөл өгөөгүй байхад үг хэлсэн бол хуралдаан даргалагч түүний үгийг тасалж, эхний удаа сануулж, дараагийн авах арга хэмжээний талаар анхааруулна.

18.3.Гишүүн эхний удаа өгсөн сануулгыг биелүүлээгүй бол хуралдаан даргалагч гишүүний үг хэлэх эрхийг хасаж, тухайн асуудлын хэлэлцүүлгийн явцад дахин үг хэлэх эрх олгохгүй.

18.4.Гишүүн бусдад саад учруулсан, асуулт асуух, үг хэлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, гүтгэсэн шинжтэй үг хэлсэн бол хуралдаан даргалагч түүнд урьдчилан сануулахгүйгээр тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг хасна.

18.5.Гишүүн хуралдаан даргалагчийн хуралдааны дэг сахихыг сануулсан шаардлагыг үл биелүүлж, бусад гишүүний асуулт асуух, үг хэлэх, саналаа өгөх эрхэд саад учруулах зэргээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц нөхцөл байдал үүсгэсэн бол түүнийг тухайн асуудлыг хэлэлцэж дуустал хуралдааны танхимаас гаргана.

/Энэ хэсэгт 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.6.Энэ хуулийн 18.5-д заасан хариуцлага хүлээсэн гишүүн хуралдааны танхимыг нэн даруй орхин гарах үүрэгтэй бөгөөд гишүүн хуралдааны танхимыг нэн даруй орхин гараагүй нь тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах хариуцлага оногдуулах үндэслэл болно.

/Энэ хэсэгт 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.7.Гишүүн хуралдаанд оролцох эрхээ хасуулсан хугацаанд хуралдаанд оролцох эрхгүй.

/Энэ хэсгийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

18.8.Энэ хуулийн 18.6-д заасны дагуу тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн Улсын Их Хурлын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хуралдаан даргалагч тухайн зөрчилтэй нь холбогдуулан уг гишүүний хуралдаанд оролцох эрхийг 3 хүртэл удаа хасаж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

18.9.Зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь нэгдсэн болон тухайн Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд хамаарна.

/Энэ хэсгийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19 дүгээр зүйл.Өргөн мэдүүлсэн төслийн талаар мэдээлэх

Хэвлэх

19.1.Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол холбогдох болон бусад Байнгын хороог Зөвлөлтэй зөвшилцөн тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ.

20 дугаар зүйл.Хууль санаачлагч төслөө татан авах журам

Хэвлэх

20.1.Хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд санаачилсан хууль, тогтоолын төслөө татан авч болно.

20.2.Хэд хэдэн гишүүн хамтарч төсөл санаачилсан бол олонхын саналаар төслөө татан авч болно.

20.3.Энэ хуулийн 20.1, 20.2-т заасны дагуу хууль, тогтоолын төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авах үндэслэлээ тусгасан албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авсанд тооцно.

21 дүгээр зүйл.Улсын Их Хурлын чуулганаар төслийг нэн яаралтай хэлэлцүүлэх

Хэвлэх

21.1.Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хууль, тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга өмнө баталсан хэлэлцэх асуудлын тов, дараалалд өөрчлөлт оруулж, чуулганаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргана.

21.2.Энэ хуулийн 21.1-д заасан хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын даргын захирамжийн хамт холбогдох Байнгын хороо Улсын Их Хурлын нийт гишүүнд яаралтай хүргүүлж, хэлэлцүүлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

АНХДУГААР ЧУУЛГАН

22 дугаар зүйл.Улсын Их Хурлын анхдугаар чуулган

Хэвлэх

22.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн товлосон өдөр анхдугаар чуулганы үйл ажиллагаа эхэлнэ.

22.2.Анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлнэ.

22.3.Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална. Насаар хамгийн ахмад гишүүн даргалах боломжгүй бол хуралдаанд оролцсон насаар ахмад дараагийн гишүүн даргална.

22.4.Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл тавина. Илтгэлтэй холбогдуулан гишүүн асуулт асууж, хариулт авч болно.

22.5.Сонгуулийн ерөнхий хорооны дарга илтгэл тавьж, асуулт, хариулт явуулсны дараа насаар хамгийн ахмад гишүүн эхэлж, бусад гишүүн цагаан толгойн үсгийн дарааллын дагуу Улсын Их Хурлын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурна.

22.6.Гишүүн тангараг өргөснөөр Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол баталсанд тооцно.

22.7.Анхдугаар чуулганы нээлтийн хуралдаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөнө. Тангараг өргөхтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэхгүй.

22.8.Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөд энэ хуулийн 22.4, 22.5, 22.6-д заасан журмыг баримтална.

23 дугаар зүйл.Улсын Их Хурлын даргыг сонгох

Хэвлэх

23.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11.1-д заасан нам, эвсэл Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.

23.2.Аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11.2-т заасан нам, эвсэл зөвшилцөн Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.

23.3.Улсын Их Хурлын даргыг сонгоход хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно.

23.4.Нэр дэвшигч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг аваагүй бол энэ хуулийн 23.1, 23.2-т заасны дагуу өөр гишүүний нэрийг дэвшүүлж сонгоно.

24 дүгээр зүйл.Улсын Их Хуралд нам, эвслийн бүлэг байгуулагдсан тухай мэдээлэх

Хэвлэх

24.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31.1-д заасан суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлэг байгуулсанд тооцно.

24.2.Улсын Их Хурлын дарга нам, эвслийн бүлэг байгуулсан тухай шийдвэр, түүний бүрэлдэхүүнд орсон гишүүдийн нэрсийг нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулна.

25 дугаар зүйл.Улсын Их Хурлын дэд даргыг сонгох

Хэвлэх