A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ

2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 213

Улаанбаатар хот

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Энэ тогтоолын хавсралтад заасан 62 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд 2020 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг Улсын онцгой комиссын шийдвэрт үндэслэн эхний ээлжинд зайлшгүй шаардлагатай удирдах болон инженер, техникийн ажилтанд, дараагийн ээлжинд гүйцэтгэх, туслах ажилчдад зохих журмын дагуу үе шаттайгаар олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй.

2. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг үзлэг, шинжилгээнд хамруулах, ажлын байранд нь тусгаарлах, өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм, нөхцөл шаардлага, тусгай горимыг чанд мөрдүүлэх, эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газар (Т.Бадрал), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, холбогдох зардлыг зохих журмын дагуу хариуцахыг ажил олгогч нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын дагуу хөдөлмөр эрхлүүлэхээр оруулсан, буцаан гаргасан ажиллах хүч, мэргэжилтний тоо, мэдээг нэгтгэн танилцуулж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ