A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 33

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам"-ын 6.4 дэх заалтын 1 дэх өгүүлбэрийн "нийцэж байгаа эсэхийг" гэсний дараа "хянан" гэж, 2 дахь өгүүлбэрийн "Хэрэв" гэсний дараа "энэ журмын 5.1.1-д заасан төрийн захиргааны төв байгууллагын аль нэг нь шийдвэрийн төслийг дэмжээгүй," гэж, 11.1, 11.2 дахь заалтын "… цаасан дээр" гэсний дараа "үг нэг бүрчлэн" гэж тус тус нэмсүгэй. 2. Мөн журмын 11.6 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

"11.6. Хуралдааны явцын хураангуй тэмдэглэлийг Хэрэг эрхлэх газрын хуулийн асуудал хариуцсан нэгжийн дарга хууль зүйн үндэслэл, томьёоллын хувьд хянаж, дэлгэрэнгүй тэмдэглэлийг Хэрэг эрхлэх газрын хуралдаан зохион байгуулах асуудал хариуцсан нэгжийн дарга ямар нэгэн зөрүүгүй, үнэн зөв бичигдсэн эсэхийг тулган баталгаажуулсны дараа Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга гарын үсэг зурна. Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын эзгүйд түүний нэрийн өмнөөс Хэрэг эрхлэх газрын дэд дарга гарын үсэг зурна."

3. Мөн журмын 2.2 дахь заалтын "10.00 цагаас" гэснийг "08.00 цагаас" гэж, 5.2 дахь заалтын "…эдийн засгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас" гэснийг "…үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас" гэж, 7.8 дахь заалтын 2 дахь өгүүлбэрийн "…бэлтгэл" гэснийг "…бүрдүүлэлт" гэж, "танилцуулсны" гэснийг "танилцуулж зөвшөөрөл авсны" гэж тус тус өөрчилсүгэй.

4. Мөн журмын 5.4 дэх заалтын "Засгийн газраас батлах хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 17.2-т заасны дагуу санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрлийг олгоно." гэсэн өгүүлбэрийг хассугай.

5. Мөн журмын 5.1.8, 5.1.9, 6.7 дахь заалт, дэд заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 351

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 339 дүгээр тогтоол, Засгийн газрын 2023 оны 256 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 17 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 207 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 385 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоол, "Журамд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142 дугаар тогтоол, "Сайд нарын Зөвлөлийн тогтоол, шийдвэрийн хуулбарт тогтоол ангийн тэмдгийг дарж байх тухай" Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 211 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 339 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)