A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 99

Улаанбаатар хот

ЗАРИМ БҮСИЙН ТУЛГУУР ТӨВ ХОТУУДЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАХ ТУХАЙ

Хот байгуулалтын тухай хуулийн 6.1.4, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 12.1.4, Монгол Улсын Их Хурлын 2003 оны 1 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Баруун бүсийн тулгуур төв Улиастай хотыг 2038 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1 дүгээр хавсралт, Зүүн бүсийн тулгуур төв Өндөрхаан хотыг 2038 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2 дугаар хавсралт, Төвийн бүсийн тулгуур төв Дархан хотыг 2035 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 3 дугаар хавсралтад заасан бүрдэлтэйгээр тус тус баталсугай.

2. Энэ тогтоолоор баталсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн Баруун бүсийн тулгуур төв Улиастай, Зүүн бүсийн тулгуур төв Өндөрхаан, Төвийн бүсийн тулгуур төв Дархан хотыг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тус тус боловсруулж, батлуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Бүсийн тулгуур төв хотуудыг 2020 он хүртэл хөгжүүлэх хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 201 дүгээр тогтоолын 2, 5, 7 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР