A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 93

Улаанбаатар хот

Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг нийлүүлэх замаар "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсугай.

2. "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

3. 2020 оны батлагдсан төсвийн багц, орон тооны хязгаартаа багтаан зохицуулалт хийх замаар "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд үүрэг болгосугай.

4. "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

5. Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулсантай холбогдуулан хууль тогтоомжийн дагуу комисс томилж, эд хөрөнгөд тооллого хийж, үндсэн болон бусад эд хөрөнгө, албан хэрэг, архивыг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолын 31 дэх заалт, "Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 370 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН