- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ, ХӨРӨНГӨ ГАРГАХ ТУХАЙ (түр журам)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ, ХӨРӨНГӨ ГАРГАХ ТУХАЙ
2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 124
Улаанбаатар хот
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.24, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26.1.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам"-ыг 1 дүгээр хавсралт, тус сонгуулийг зохион байгуулах явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх хувийн хамгаалах хэрэгслийн жагсаалт, тэдгээрийг худалдан авах зардалд шаардагдах хөрөнгийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан 483.247.300 (дөрвөн зуун наян гурван сая хоёр зуун дөчин долоон мянга гурван зуун) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.
3. Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан барааг худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу зохион байгуулж, Сонгуулийн ерөнхий хороонд шилжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт даалгасугай.
4. "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам"-ыг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт тус тус даалгаж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранд зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын Шадар сайд Я.СОДБААТАР
Текст томруулах
A
A
A
