- Нүүр
- Эрх зүйн акт
- ТАРИФТ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ - ЭХЗХорооны 2021 оны 487 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4900 дүгээрт бүртгэв.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ТОГТООЛ
2020 оны 10 дугаар сарын 16-ний өдөр
Дугаар 481
Улаанбаатар хот
ТАРИФТ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Засгийн Газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэг, Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 115 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 2020 оны 11 дүгээр 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувиар хөнгөлөхийг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай.
2.Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосугай.
3.Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлсүгэй.
4.Цахилгаан шугам сүлжээний тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, гэр хорооллын өрхөд цахилгааны ашиглалтын аюулгүй байдалтай холбоотой сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.
ДАРГА А.ТЛЕЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ Б.БАТТУЛГА
ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН
ЗОХИЦУУЛАГЧ Э.САМДАН
Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд 2020 оны 31-д нийтлэгдсэн.
Текст томруулах
A
A
A