- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦОЛ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦОЛ БАТЛАХ ТУХАЙ
2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 154
Улаанбаатар хот
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон гол-Их тамир чиглэлийн 63 км хатуу хучилттай авто зам, 220 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан солбицол бүхий талбайд тухайн чиглэлийн авто зам, гүүрийн барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгохыг Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд, авто зам, гүүрийн барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарт тус тус даалгасугай.
3. Авто зам, гүүрийн барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагад зохих ёсоор хүлээлгэн өгөхийг авто зам, гүүрийн барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд үүрэг болгосугай.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН
Текст томруулах
A
A
A
