- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ
2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр
Дугаар 170
Улаанбаатар хот
Газрын тухай хуулийн 16.1.13, 18.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Сайншанд сумдын нутаг дэвсгэрийг дамнан баригдах Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 километр төмөр замын зурвас газар болох 5802 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж байгаа газар, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, эсхүл солиход гарах зардлын хэмжээ, нүүлгэн шилжүүлэх хугацааг тохиролцох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нарт даалгасугай.
3. Улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг зохих журмын дагуу газрын кадастрын улсын мэдээллийн санд бүртгэж, газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (Ц.Ганхүү)-т даалгасугай.
4. Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт, хамгаалалтад хяналт тавьж, соёлын биет өв илэрсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч ажиллахыг Өмнөговь аймгийн Засаг дарга, Дорноговь аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A
