- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 39
Төрийн ордон,Улаанбаатар хот
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:
1/бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, төсвийн орлого нэмэгдүүлэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж, бүх салбарын төсвийн шинэчлэлийг эрчимжүүлэх;
2/төсвийн ерөнхийлөн захирагчдын жилийн төсвийн гүйцэтгэл, үр дүнд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах чиглэлээр тодорхой шийдвэр гарган, хэрэгжилтийг хангаж ажиллах;
3/нийгмийн халамжийн хамрах хүрээг оновчтой болгож, төрийн зүгээс тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх, олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг нэгтгэх, зарим үйлчилгээг бусад салбарт шилжүүлэх замаар давхардлыг арилган халамжийн үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр Нийгмийн халамжийн багц хуулийн төслийг Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх;
4/Монгол Улсын 2021 оны төсвийн төслөөс хасагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашгийг тооцон эрэмбэлж, төсвийн тухай хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн дараа оны төсвийн төсөлд тусгах асуудлыг шийдвэрлэх;
5/төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг "Эрдэнэт" ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
6/аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг хагас бие даасан удирдлагын тогтолцоонд шилжүүлж байгаатай холбогдуулан төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын боловсон хүчнийг чадавхжуулах, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад шаардагдах багаж, тоног төхөөрөмжийг худалдан авах зардлыг 2021 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөөс санхүүжүүлэх.
2.Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Б.Жавхлан/-нд даалгасугай:
1/төсвийн шинэчлэлийг бүх түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулан Улсын Их Хурлаар батлуулж, төсвийн шинэчлэлийг өргөн хүрээнд эрчимжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, хяналт тавих ажлыг зохион байгуулах;
2/төсвийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн 2019, 2020 оны үйл ажиллагааг хамруулан шалгаж, дүгнэлт гаргах, "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5.1.3, 8.3.15 дахь дэд заалтын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллуулах.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Б.Жавхлан/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
