A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүнийудирдлагын тухай хуулийн хэрэгжилтийгхангуулах талаар Монгол УлсынЗасгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн шинэчлэн баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт дүн шинжилгээ хийж, энэ хуульд нийцүүлж шинэчлэн батлах шаардлагатай хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлыг эрчимжүүлэх;

2/хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг тайлагнах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх талаар салбар болон орон нутгийг нэгдсэн удирдлага, арга зүй болон шаардлагатай системчлэл, загварчлал, аргачлал, гарын авлага, программаар хангах ажлыг яаралтай зохион байгуулах;

3/Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан холбогдох журмыг 2021 оны 3 дугаар сарын дотор баталж, тайлбарлан таниулах;

4/Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд төсвийн болон холбогдох бусад хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд боловсруулсан хуулийн төслүүдийг 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

5/хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог сайжруулах, хариуцсан байгууллагын эрх зүйн байдал, зохион байгуулалт, чиг үүрэг болон тогтолцооны дотоод үйл ажиллагааг хангах хүчин зүйлийг оновчтой тогтоож, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дэд бүтэц хоорондын хамаарал, төр-хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг тодорхойлон, төрийн захиргааны төв байгууллага байгуулах талаарх зураглал гарган, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Л.Энх-Амгалан/, Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо /Б.Чойжилсүрэн/-нд тус тус даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР