A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 01 сарын 15 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, эрх зүйн байдал, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхойлох, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Монгол Улсын шүүхийн хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Монгол Улсын шүүхийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."дагнасан шүүх" гэж эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнан байгуулсан шүүхийг;

3.1.2."нөлөөллийн мэдүүлэг" гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан баримт бичгийг;

3.1.3."шүүгч" гэж хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдож, шүүгчийн тангараг өргөсөн, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Монгол Улсын иргэнийг;

3.1.4."шүүх" гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг.

4 дүгээр зүйл.Шүүхийн эрхэм зорилго

Хэвлэх

4.1.Шүүх дараах эрхэм зорилготой байна:

4.1.1.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлж, хамгаалах;

4.1.2.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх;

4.1.3.хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх;

4.1.4.шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧИМ

5 дугаар зүйл.Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал

Хэвлэх

5.1.Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ.

5.2.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг алдагдуулсан хууль тогтоомж болон хэм хэмжээний акт гаргахыг хориглоно.

5.3.Бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно.

5.4.Шүүх нь Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу нийлүүлэх эд хөрөнгө, зээл, тусламж, олон улсын болон хүмүүнлэгийн тусламжийн төсөл, хөтөлбөрөөс бусад хэлбэрээр хандив, санхүүгийн туслалцаа авахыг хориглоно.

5.5.Бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд хүрэлцээтэй байна.

5.6.Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд шүүхээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангана. Шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно.

5.7.Шүүхийн төсөв Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх, дагнасан шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид "Ерөнхий зөвлөл" гэх/, Шүүхийн сахилгын хороо /цаашид "Сахилгын хороо" гэх/-ны төсвөөс бүрдэнэ.

5.8.Шүүхийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах, дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдал болон судалгаа, мэдээллээр хангах үндсэн чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байх ба түүний эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

5.9.Шүүх өөрийн байртай байх бөгөөд шүүх, шүүхийн захиргааны байгууллагын байр төрийн хамгаалалтад байна.

5.10.Шүүхийн байранд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээс өөр үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

5.11.Шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх бөгөөд түүнийг Ерөнхий зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Улсын дээд шүүх, Засгийн газартай зөвшилцөн Улсын Их Хуралд уламжилна.

6 дугаар зүйл.Шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах

Хэвлэх

6.1.Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

6.2.Шүүхээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон харилцааг тухайлсан хуулиар зохицуулна.

6.3.Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.

6.4.Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй, эсхүл харшилсан гэж үзвэл тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, тухайн хууль, Монгол Улсын олон улсын гэрээний талаарх саналаа Улсын дээд шүүхэд гаргана.

7 дугаар зүйл.Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх

Хэвлэх

7.1.Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, түүнчлэн хуулийн этгээдийн өмчийн хэлбэр, төрлөөс үл хамаарч хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

8 дугаар зүйл.Мэтгэлцэх зарчим

Хэвлэх

8.1.Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна.

8.2.Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана.

8.3.Шүүх хуралдааны үеэр мэтгэлцэх журмыг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх холбогдох хуулиар зохицуулна.

9 дүгээр зүйл.Гэм буруутайд тооцож үл болох

Хэвлэх

9.1.Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.

10 дугаар зүйл.Шүүхийн үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоо

Хэвлэх

10.1.Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ ил тод байдал, шударга ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна.

11 дүгээр зүйл.Шүүн таслах ажиллагаа явуулах хэл

Хэвлэх

11.1.Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна.

11.2.Монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал хүн өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана.

12 дугаар зүйл.Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх

/Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Хэвлэх

12.1.Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нээлттэй, эсхүл хаалттай явуулах эсэх асуудлыг энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.2.Шүүхийн үйл ажиллагааг дараах байдлаар олон нийтэд нээлттэй, ил тод явуулна:

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.2.1.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийг энэ хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуульд заасны дагуу сонирхогч этгээд танилцах боломжийг бүрдүүлэх;

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.2.3.талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны бичлэгийн цахим мэдээллийн сантай байх, тус сангийн мэдээллийг сонирхогч этгээд нээлттэй ашиглах боломж бүрдүүлэх.

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.4.Сонирхогч этгээд энэ хуулийн 12.2.1-д заасан мэдээлэлтэй танилцах журмыг Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн батална.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.5.Сонирхогч этгээд болон хэвлэл мэдээллийн ажилтан, байгууллага энэ хуулийн 12.2.1-д заасан мэдээллийг бусдад түгээх бол эх сурвалжийг дурдаж, үнэн зөв, гуйвуулахгүйгээр түгээх үүрэг хүлээнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.6.Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст, эсхүл шүүхийн нээлттэй бусад цахим платформд байршуулахтай холбогдсон журмыг Ерөнхий зөвлөл батална.

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.7.Дараах шүүх хуралдааныг шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэнэ:

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.7.1.хяналтын шатны нээлттэй шүүх хуралдаан;

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.7.2.авлигын гэмт хэргийн анхан ба давж заалдах шатны нээлттэй шүүх хуралдаан.

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.8.Нээлттэй шүүх хуралдааны шууд дамжуулалт, дуу-дүрсний бичлэг дараах мэдээллийг агуулсан гарчиг, цахим холбоостой байна:

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.8.1.хуралдаанд оролцогч талуудын нэр;

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.8.2.хуралдаанаар хянан шийдвэрлэж байгаа асуудал, хэрэг, маргаан;

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.8.3.шүүхийн болон шүүх бүрэлдэхүүний нэр;

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.8.4.хуралдааны огноо.

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.9.Шүүх хуралдааныг дуу-дүрсний бичлэгээр дамжуулах тохиолдолд шүүхийн шийдвэрээр зарим хэсгийг хаахаас бусад тохиолдолд өөрчлөлт оруулах, хэсэгчлэн хасалт хийх, засварлахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.10.Хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдааны явцын дууны, дуу-дүрсний бичлэгийг зохих журмын дагуу баталгаажуулан архивт хадгална.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.11.Төрийн нууцад хамаарах хэрэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд хаалттай явуулахаар тусгайлан зааснаас бусад шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаан нээлттэй байна.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.12.Энэ хуулийн 12.11-д заасан шийдвэрийг гаргахдаа шүүгч захирамж, шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргана. Шүүхийн шийдвэрт шалтгаан, тайлбар, үндэслэлийг тодорхой дурдаж, шийдвэрийг шүүхийн цахим хуудаст байршуулж нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.15.Шүүхийн цахим хуудас, цахим мэдээллийн сангийн үйл ажиллагаа, түүнд мэдээлэл оруулах, байршуулах, шүүх хуралдааныг шууд дамжуулах болон олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэх, шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх журмыг Ерөнхий зөвлөл батална.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.16.Шүүхийн үйл ажиллагааг дараах байдлаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид цахимаар нээлттэй, ил тод байлгана:

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.16.1.хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхийн цахим платформд нэвтэрч, иргэний болон захиргааны хэргийн материал, талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, хүсэлт, түүнд холбогдох нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж, шийдвэртэй цахимаар танилцах боломжийг хангах, хуульд заасан мэдээллийн системээр дамжуулан мэдээлэл, баримт бичиг хүлээн авах, хүргүүлэх, харилцах боломжийг бүрдүүлэх;

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.16.2.зөрчил шалган шийдвэрлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагааны явцад хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт, гомдлын шийдвэрлэлт, шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэр, тогтоол, захирамж, шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагааны явцтай цахимаар танилцах боломжийг хангах, хуульд заасан мэдээллийн системээр дамжуулан мэдээлэл, баримт бичиг хүлээн авах, хүргэх, харилцах боломжийг бүрдүүлэх.

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ГУРАВДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО

13 дугаар зүйл.Шүүхийн тогтолцоо

Хэвлэх

13.1.Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулсан шүүх хэрэгжүүлнэ.

13.2.Монгол Улсын шүүхийн тогтолцоо зохион байгуулалтын хувьд бие даасан байх бөгөөд Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэнэ.

13.3.Шүүхийг шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнан байгуулж болох бөгөөд дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

13.4.Анхан болон давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг тойргийн зарчмаар байгуулахад энэ хуулийн 14.3-т заасныг харгалзахаас гадна шүүхэд хандах иргэний эрхийн баталгааг хангах, шүүхийн үйлчилгээг иргэнд хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн байна.

14 дүгээр зүйл.Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах

Хэвлэх

14.1.Шүүхийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасан журмын дагуу зөвхөн хуулиар байгуулж, өөрчлөн байгуулж, татан буулгана.

14.2.Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох асуудлыг Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

14.3.Шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтооход түүний харьяалан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, шийдвэрлэсэн хэрэг, маргааны төрөл, тоог харгалзан үзнэ.

14.4.Шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх энэ хуулийн 13.4, 14.3-т заасан шалгуур үзүүлэлтийг Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхтэй зөвшилцөн батална.

14.5.Тухайн шатны шүүхийн байрлаж байсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод шилжүүлсэнтэй холбоотойгоор тухайн шатны шүүхийн нэрийг өөрчилж, тухайн шүүхэд хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхээ хэвээр хадгална.

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

15 дугаар зүйл.Шүүхийн бүрэлдэхүүн

Хэвлэх

15.1.Бүх шатны шүүх Ерөнхий шүүгч, шүүгчээс бүрдэнэ.