A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • БҮХ ШАТНЫ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ СУРАЛЦАГЧИЙН ОНЦЛОГТ ТОХИРОХ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, СУРГАЛТЫН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020

оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/184

дүгээр тушаалын хавсралт

БҮХ ШАТНЫ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ХӨГЖЛИЙН

БЭРХШЭЭЛТЭЙ СУРАЛЦАГЧИЙН ОНЦЛОГТ ТОХИРОХ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН,

СУРГАЛТЫН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургууль /цаашид “Сургалтын байгууллага” гэх/-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, суралцагч /цаашид суралцагч гэх/-ийн хэрэгцээнд нийцсэн тохирох хэрэглэгдэхүүн бүхий сургалтын орчин бүрдүүлэх ажлыг зохион байгуулахтай холбогдох харилцааг зохицуулна.

1.2.“Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчин” гэдэгт хөгжлийн бэрхшээлтэй суралцагч бусдын адил суралцахад шаардагдах нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, материал, хэрэгсэл, программ хангамж, орчин нөхцөл, үйлчилгээг ойлгоно.

1.3.Сургалтын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн сургалтын орчин бүрдүүлэх ажлыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэн, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоотой зохион байгуулж болно.

1.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үйлчилгээ нь энэ журамд хамаарахгүй.

Хоёр. Сургалтын орчин, тохирох хэрэглэгдэхүүнд тавих шаардлага

2.1.Сургалтын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн хэрэгцээнд тохируулж сургалтын орчин бүрдүүлэхэд дор дурдсан стандарт шаардлагыг баримтална:

2.1.1.Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин MNS 6055:2009;

2.1.2.Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдал. Ерөнхий шаардлага MNS:6782:2019;

2.1.3.Сургалт, хүмүүжлийн орчны эрүүл ахуйн шаардлага MNS:6799:2019;

2.1.4.Сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчин. Ерөнхий шаардлага MNS:6558:2015;

2.1.5.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрын орчин, үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS:6781:2019 стандарт.

2.2.Тохирох хэрэглэгдэхүүн нь дараах шаардлагыг хангасан байна:

2.2.1.суралцагчийн хэрэгцээнд нийцсэн, бусад суралцагчийн адил тэгш нөхцөлөөр сургалтын үйл ажиллагаанд оролцох боломжийг хангахад чиглэсэн;

2.2.2.суралцагчийн нас, бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн онцлог, хэрэгцээнд нийцсэн, хэрэглэгчийн онцлогт тохируулан өөрчлөх боломжтой, ашиглахад хялбар байх;

2.2.3.мэдээлэл харилцааны технологи, тоног төхөөрөмж, программ хангамж, нэмэлт болон туслах үйлчилгээ нь суралцагчийн онцлог, хэрэгцээг хангахуйц байх.

Гурав. Тохирох хэрэглэгдэхүүн бүхий сургалтын орчин бүрдүүлэх

3.1.Бүх шатны сургалтын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагч суралцахад дэмжлэг болох зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.3-т заасан тохирох хэрэглэгдэхүүн бүхий хүртээмжтэй орчин бүрдүүлнэ.

3.2.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага нь дараагийн хичээлийн жилд хэрэглэгдэх сургалтын тохирох хэрэглэгдэхүүний хэрэгцээг жил бүрийн 1 дүгээр сард багтаан тодорхойлж, байгууллагын түвшинд шийдвэрлэх боломжгүй тохирох хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн судалгааг аймаг, нийслэлийн боловсролын газарт тухайн оны 2 дугаар сард багтаан хүргүүлэх;

3.3.Аймаг, нийслэлийн боловсролын газар нь энэхүү журмын 3.2-т заасан судалгааг нэгтгэж, жил бүрийн 3 дугаар сард багтаан аймаг, нийслэлийн Засаг даргад болон Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.

3.4.Энэхүү журмын 3.3-д заасан судалгаанд үндэслэн төрийн өмчийн цэцэрлэг сургуулийг сургалтын тохирох хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангах, нөхөн хангалт хийх ажлыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.

3.5.Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчийн онцлог хэрэгцээнд нийцсэн сургалтын тохирох хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг харьяалах төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.

3.6.Ерөнхий боловсролын сургуульд ашиглах сурах бичгийн агуулгыг алдагдуулахгүйгээр хэлбэрийг өөрчлөх, шаардлагатай бол хялбаршуулан аудио, видео /хадмал орчуулгатай/, цахим хэлбэрт хувиргах, хэвлэн нийлүүлэхэд шаардагдах зардлыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн төсөвт тусган шийдвэрлэнэ.

3.7.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн бэлтгэх зардлыг тухайн байгууллагын хичээл практикийн зардлаас шийдвэрлэнэ.

3.8.Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд энэхүү журмын 3.1-д заасан орчин, тохирох хэрэглэгдэхүүн бүрдүүлэх xүрээнд дараах ажлыг зохион байгуулна:

3.8.1.сургалт /лекц, семинар, дадлага ажил/-ын үндсэн болон нэмэлт материал, сурах бичиг нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид хүртээмжтэй, шаардлагатай тохиолдолд аудио, видео, цахим, брайл хэлбэрт шилжүүлэх, ашиглах зааврыг хүртээмжтэй хэлбэрээр бэлтгэх;

3.8.2.тухайн жилийн шинээр элсэгчдийн судалгаанд үндэслэн тохирох хэрэглэгдэхүүнийг баяжуулах, нөхөн хангалт хийх арга хэмжээг хичээлийн жил эхлэхээс өмнө зохион байгуулах.

3.9.Энэхүү журмын 3.8-д заасан тохирох хэрэглэгдэхүүн бүхий сургалтын орчин бүрдүүлэхтэй холбоотой гарах зардлыг тухайн байгууллага хариуцна.

Дөрөв. Суралцах үйлийг дэмжих

4.1.Бүх шатны сургалтын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тухайн орчинд дасан зохицох, суралцах үйлийг дэмжсэн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.1.багш, ажилтныг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн хэрэгцээ, онцлогийг судлах, суралцагчийн онцлогт нийцсэн сургалтын арга зүйг төлөвлөн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

4.1.2.суралцагчдын оролцоонд тулгуурлан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ойлгох, хүндлэх, нөхөрлөх, дэмжлэг үзүүлэх үзэл санааг хэвшүүлэх, тогтмол таниулан сурталчлах;

4.1.3.суралцагч болон эцэг эх, асран хамгаалагчдад тэгш хамран сургахтай холбоотой зөвлөгөө өгч, суралцагчийн сургалт, хөгжлийн явц, ахицыг тогтмол мэдээлж байх;

4.1.4.сургалтын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид өөрийгөө илэрхийлэх боломж бүрдүүлэх, олон нийтэд зориулан тэгш хамран сургахтай холбоотой сургалт, сурталчилгааг зохион байгуулах.

Тав. Сургалтын хэрэглэгдэхүүний бүртгэл, ашиглалт

5.1.Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн хэрэгцээнд нийцүүлэн бүрдүүлсэн сургалтын тоног төхөөрөмж, хэрэгслийг байгууллагын эргэлтийн хөрөнгөд бүртгэж, ашиглалтыг дараах байдлаар зохицуулна:

5.1.1.цэцэрлэгийн арга зүйч сургалтын тоног төхөөрөмж, хэрэгслийг хариуцан ашиглалт, хадгалалт, хамгаалалт, нөхөн хангалтын захиалга хийх ажлыг хариуцан зохион байгуулна.

5.1.2.ерөнхий боловсролын сургуулийн тоног төхөөрөмж, хэрэгслийн ашиглалт, нөхөн хангалт хийх захиалгыг сургуулийн Дэмжлэгийн баг “Ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори байгуулах, ашиглах журам”-д заасны дагуу зохион байгуулж, хариуцна.

5.1.3.их, дээд, сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд тоног төхөөрөмж, хэрэгслийг суралцагчид ашиглуулах болон хадгалалт, хамгаалалт, нөхөн хангалтын захиалга өгөх асуудлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэний суралцах боломж, эрхийг хангах, туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий албан хаагч хариуцан зохион байгуулна.

Зургаа. Бусад

6.1.Сургалтын байгууллага нь суралцагч болон эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан мэдээлэл, сурталчилгаа бэлтгэх, түгээх арга хэмжээ зохион байгуулахдаа тусгай хэрэгцээтэй хүний онцлогийг харгалзан тэдэнд тэгш, хүртээмжтэй байдлыг хангана.

6.2.Сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогт тохирсон сургалтын орчин бүрдүүлэх үйл ажиллагаанд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон олон улсын байгууллага, иргэдийг оролцуулахад орон нутгийн захиргааны байгууллага дэмжлэг үзүүлнэ.