A

A

A

Бүлэг: 1979

Байгаль орчин, аялал жуулчлалын

сайдын 2020 оны 12 дугаар сарын 15-ны

өдрийн А/684 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт

ОЙД АРЧИЛГАА, ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Ойд хийгдэх арчилгаа, цэвэрлэгээ /цаашид “арчилгаа, цэвэрлэгээ” гэх/-ний арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2.Ойн арчилгаа гэдэгт ойн хэвийн өсөлт хөгжилтийг хангах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор моддын титэм нийлэх үеэс эхлэн үйлдвэрлэлийн ашиглалтын огтлолтын нас хүртэлх хугацаанд модыг үе шаттайгаар огтлох арга хэмжээ хамаарна.

1.3.Ойн цэвэрлэгээ гэдэгт Ойн тухай хуулийн 3.1.15-т заасан арга хэмжээ хамаарна.

1.4.Улсын тусгай хэрэгцээний газрын ойд арчилгаа, цэвэрлэгээ хийхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө.

Хоёр. Арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг төлөвлөх, хуваарилах

2.1.Ойн арчилгааны огтлолтыг хэлбэр тус бүрээр төлөвлөнө. Үүнд:

2.1.1.Шигүү ургасан зулзаган ойд гэрлийн хэмжээг нэмэгдүүлж, модны өсөлт, хөгжилтийг түргэтгэх зорилго бүхий гэрэлжүүлэх;

2.1.2.Өсвөр залуу модны байршлыг талбайд жигд болгох, тэжээлийн талбайг нэмэгдүүлэх зорилго бүхий тохируулах;

2.1.3.Залуу модны титэм, ишний хэлбэрийг сайжруулж, модны өндөр болон бүдүүний өсөлтийг нэмэгдүүлэх тохиромжтой нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий сийрэгжүүлэх;

2.1.4.Дунд насны модны өсөлтийг түргэтгэж, болцын насыг богиносгох зорилго бүхий завсрын.

2.2. Ойд хийгдэх цэвэрлэгээг хэлбэр тус бүрээр төлөвлөнө. Үүнд:

2.2.1.Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчин болон хүчтэй салхи, их цасны нөлөөгөөр унасан мод, гишүү, мод бэлтгэлийн үлдэгдлийг ойгоос гаргах цэвэрлэгээний ажил;

2.2.2.Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар ойг цэвэрлэж, эрүүлжүүлэхэд чиглэсэн цэвэрлэгээний огтлолт.

2.3.Дунд эрчимтэй түймэрт өртсөн болон хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон ой доторх модыг түүвэрлэн огтлолт хийхээр төлөвлөж, хэрэгжүүлнэ.

2.4.Хүчтэй эрчимтэй түймэрт өртсөн болон иш, холтос, модлогийн хөнөөлт шавжид нэлэнхүйдээ нэрвэгдэж ургах чадваргүй болсон ойд эхний ээлжинд ойн нөөцийн 70 хүртэл хувийн эрчимтэй огтлолт явуулахаар төлөвлөж, хэрэгжүүлнэ.

2.5.Ой зохион байгуулалтын судалгааны ажил хийгдсэнээс хойш ойн түймэр, хөнөөлт шавж, өвчин болон хүчтэй салхи, их цасны нөлөөгөөр өөрчлөлт орсон ойн санд энэ журмын 2.2-т заасан арга хэмжээг төлөвлөх тохиолдолд сумын болон сум дундын Ойн анги /цаашид “Ойн анги” гэх/ дүгнэлт гаргана.

2.6.Арчилгаа, цэвэрлэгээг төлөвлөхөд хэмжих үзүүлэлт нь талбай /га/, нөөц /м3/ байна.

2.7.Сум, дүүргийн Засаг дарга болон Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа /цаашид “Хамгаалалтын захиргаа” гэх/ дараа жилд хийх арчилгаа, цэвэрлэгээний хэмжээний талаарх саналаа ойн менежментийн төлөвлөгөөнд үндэслэн гаргаж, ойн санг харьяалах Ойн ангид тухайн оны 04 дүгээр сарын 20-ны дотор ирүүлнэ. Ойн анги ирүүлсэн саналыг ой зохион байгуулалтын баримт бичиг, ойн менежментийн төлөвлөгөөтэй тулган, хянан баталгаажуулж, харьяа аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт тухайн оны 05 дугаар сарын 01-ний дотор хүргүүлнэ.

2.8.Улсын тусгай хамгаалалттай газраас бусад улсын тусгай хэрэгцээний газрын ойд хэрэгжүүлэх арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг харьяалах аймаг, сумын ойн менежментийн төлөвлөгөөнд төлөвлөсний дагуу тусгай хэрэгцээний газрын эзэмшигч, ашиглагчид мэдэгдсэний үндсэн дээр хэрэгжүүлнэ.

2.9.Аймаг, нийслэлийн Засаг дарга дараа жилд хэрэгжүүлэх арчилгаа, цэвэрлэгээний хэмжээний талаарх саналаа Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад тухайн жилийн 06 дугаар сарын 01-ний дотор ирүүлнэ.

2.10.Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага Ойн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг даргын санал, ой зохион байгуулалтын баримт бичиг, “Ойн менежментийн төлөвлөгөө”-г үндэслэн аймаг, нийслэл, улсын тусгай хамгаалалттай газар нутаг тус бүрээр дараа жилд арчилгаа, цэвэрлэгээ хийх талбай, бэлтгэх модны хэмжээг модны төрлөөр тогтоосон шийдвэр гаргаж, аймаг, нийслэлийн Засаг даргад болон хамгаалалтын захиргаанд тухайн жилийн 07 дугаар сарын 10-ны дотор хүргүүлнэ.

2.11.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ журмын 2.10-т заасан байгууллагаас тогтоосон хэмжээнд багтаан, Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасны дагуу дараа жилд хийх арчилгаа, цэвэрлэгээний хэмжээг сум, дүүрэг тус бүрээр тухайн оны 12 дугаар сарын 05-ны дотор тогтооно.

2.12.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ журмын 2.11-т заасан байгууллагаас тогтоосон хэмжээнд багтаан, Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.2-т заасны дагуу тухайн жилд ойд хийх арчилгаа /энэ журмын 2.1.3, 2.1.4-т заасан/, цэвэрлэгээний огтлолтын хэмжээг ойд арчилгаа, цэвэрлэгээ явуулах эрх бүхий аж ахуйн нэгж бүрээр, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3-т заасны дагуу иргэдийн ахуйн хэрэглээнд ашиглах модыг баг тус бүрээр тухайн оны 12 дугаар сарын 25-ны дотор тогтооно.

2.13.Хамгаалалтын захиргаа нь энэ журмын 2.10-т заасан байгууллагаас тогтоосон хэмжээнд багтаан, тухайн сум, Ойн ангийн төлөөллийг оролцуулан, арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээний гүйцэтгэгчийг тухайн оны 12 дугаар сарын 25-ны дотор сонгоно.

Гурав. Арчилгаа, цэвэрлэгээг зохион байгуулах

3.1.Энэ журмын 2.1.3, 2.1.4-т заасан арчилгааны огтлолт, 2.2.2-т заасан цэвэрлэгээний огтлолтыг Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.2-т заасны дагуу арчилгаа, цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулах эрх бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

3.2. Энэ журмын 2.2.1-т заасан цэвэрлэгээний ажлыг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасны дагуу арчилгаа, цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулах эрх бүхий мэргэжлийн байгууллагаас гадна ойн нөхөрлөл, иргэн гэрээ байгуулан гүйцэтгэж болно.

3.3.Хамгаалалтын захиргаа нь арчилгаа, цэвэрлэгээ хийхээр сонгосон ойн мэргэжлийн байгууллага, тухайн сумыг харьяалсан Ойн ангийг оролцуулан, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх гурвалсан гэрээ байгуулна.

3.4.Сум, улсын тусгай хамгаалалттай газрын ойн менежментийн төлөвлөгөөнд арчилгаа, цэвэрлэгээ хийхээр төлөвлөсөн талбайд Ойн анги [U1]мод бэлтгэх талбай тусгаарлах ажлыг гүйцэтгэнэ.

3.5.Мод бэлтгэх талбай тусгаарлах ажлыг арчилгаа, цэвэрлэгээ хийхээс нэг жилийн өмнө ургамал ургалтын хугацаанд [U2]хийнэ.

3.6.Арчилгааны сийрэгжүүлэх, завсрын болон цэвэрлэгээний түүвэрлэх огтлолтын талбай тусгаарлаж, тооллого хийх үед огтлох[U3] бүх модыг үндэсний хүзүүний түвшинд будаж тэмдэглэнэ.

3.7.Арчилгааны гэрэлжүүлэх, тохируулах огтлолт хийхээр тусгаарласан талбайн 2-оос багагүй хувьд жишиг талбай [U4]байгуулж, огтлох шаардлагатай модыг сонгон тэмдэглэж, үүнээс гарах нөөцийг жишиг болгон, тусгаарласан талбайгаас гарах нийт нөөцийг тодорхойлсон байна.

3.8.Арчилгаа, цэвэрлэгээ хийсэн тухай бүртгэлийг Ойн анги, хамгаалалтын захиргаа хөтөлж, ойн мэдээллийн санд өөрчлөлтийг оруулан, гүйцэтгэлийг тайлагнах ажлыг хариуцна.

3.9.Арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод бэлтгэх эрхийн бичиг, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих, талбай тусгаарлах ажилд холбогдох журам, стандартыг мөрдөж ажиллана.

Дөрөв. Арчилгаа, цэвэрлэгээ хийх иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг

4.1.Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага арчилгаа, цэвэрлэгээний журмаар мод бэлтгэх тохиолдолд Ойн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу мод бэлтгэх гэрээг Ойн ангитай байгуулна.

4.2.Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойн сангаас арчилгаа, цэвэрлэгээний журмаар мод бэлтгэх аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага Ойн анги болон хамгаалалтын захиргаатай гурвалсан гэрээ байгуулна.

4.3.Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага мод бэлтгэх гэрээ байгуулахын өмнө талбай тусгаарлах ажлыг энэ журмын 3.4-т заасан байгууллагаар хийлгэнэ.

4.4.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага арчилгаа, цэвэрлэгээний журмаар мод бэлтгэх тохиолдолд ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг бүрэн төлсний дараа Ойн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу мод бэлтгэх эрхийн бичгийг ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-аас авсан байна.

4.5.Иргэн өөрийн хэрэгцээнд ахуйн зориулалтаар энэ журмын 2.2.1-т заасан ойн цэвэрлэгээгээр мод бэлтгэхдээ ойн мэргэжлийн байгууллага, албан тушаалтны хяналт, зааварчилгааны дагуу гүйцэтгэнэ.

4.6.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт амьдардаг өрхийн нэг иргэний хамгаалалтын захиргаанд гаргасан хүсэлтийг үндэслэн жилд нэг удаа ахуйн зориулалтаар, энэ журмын 2.2.1-т заасан ойн цэвэрлэгээг хийлгэж болно.

4.7.Иргэн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасны дагуу зохих зөвшөөрөл авч ойн цэвэрлэгээгээр зөвхөн өөрийн хэрэгцээнд ахуйн зориулалтаар мод бэлтгэсэн байна.

4.8.Арчилгаа, цэвэрлэгээ хийхээр гэрээ байгуулсан ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага технологийн картыг загварын[1] дагуу боловсруулан, Ойн ангиар хянуулан баталж, мөрдөн ажиллах бөгөөд түүний гүйцэтгэлийг тухайн гэрээг баталсан этгээдийн ойн инженер эсвэл ойн техникч хариуцаж ажиллана.

4.9.Арчилгаа, цэвэрлэгээгээр бэлтгэсэн модыг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдах тохиолдолд Ойн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг Ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-аас авсан байна.

4.10.Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийж дууссаны дараа талбайг хүлээн авсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн, хариуцсан байгаль хамгаалагчид актаар хүлээлгэн өгнө.

Тав. Арчилгаа, цэвэрлэгээнд тавих хяналт

5.1.Байгаль хамгаалагч мод бэлтгэх гэрээ, технологийн карт, талбай тусгаарлалтын баримт бичиг зэргийг үндэслэн, мод бэлтгэх эхлэлийн акт үйлдэж, эрхийн бичгийг олгон, мод бэлтгэгч этгээдэд талбайг хүлээлгэн өгнө.

5.2.Байгаль хамгаалагч мод бэлтгэлийн технологийн картын мөрдөлтөд байнгын хяналт тавина.

5.3.Байгаль хамгаалагч бэлтгэсэн модны тээвэрлэлтэд бүртгэлийн дэвтэр хөтөлж, дээд агуулахаас тээвэрлэж буй модонд хяналтын хуудсаар хяналт тавих бөгөөд тухайн талбайгаас бэлтгэх модны хэмжээнд хүрмэгц ажлыг зогсоож, гүйцэтгэлийг тооцон, Ойн анги, Хамгаалалтын захиргаанд мэдэгдэн, энэ журмын 5.4-т заасны дагуу талбайг хүлээн авна.

5.4.Тухайн сумын Засаг даргын захирамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг ойд арчилгаа, цэвэрлэгээ хийсэн талбайг хүлээн авч, дүгнэлт гаргана. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн хариуцсан байгаль хамгаалагч акт үйлдэнэ.

5.5.Байгаль орчны хяналтын улсын байцаагч мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний олголт, ашиглалт, мод бэлтгэх, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавина.

5.6.Ойн анги мод бэлтгэлийн технологийн горимд тогтмол хяналт тавина.

5.7.Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, Ойн анги, хамгаалалтын захиргаа нь ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх ажлын явцад технологийн хяналт шалгалт хийж, холбогдох хууль тогтоомж, журам, зааврыг сурталчилан таниулах, технологийн зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээг авч ажиллана.

Зургаа. Арчилгаа, цэвэрлэгээний гүйцэтгэлийг шалгах, хүлээн авах, тайлагнах

6.1.Ойн анги арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээний гүйцэтгэлийг энэ журмын 5.4-т заасан дүгнэлт, актыг үндэслэн хүлээж авна.

6.2. Арчилгааны огтлолтын гүйцэтгэлийг шалган, хүлээн авахад дараах шалгуурыг баримтална. Үүнд:

6.2.1.Арчилгаа хийх ойг зөв сонгосон эсэх, ойн өтгөрөл, модны нас, огтлох модны сонголт, гэмтлийн байдал, тооллого, тэмдэглэл, холбогдох журам, стандартад заасантай тохирч байгаа эсэх болон талбай тусгаарласан байдлыг шалгаж, ажлын чанарт үнэлгээ өгнө.

6.2.2.Арчилгааны огтлолт хийсэн нийт талбайн 2 хувиас багагүй талбайд жишиг талбай байгуулан, шалгах тооллого хийнэ.

6.3.Ойн цэвэрлэгээний гүйцэтгэлийг хүлээж авахдаа ойд сөрөг нөлөө үзүүлэхгүй, өсвөр модыг хамгаалах технологийг сонгосон эсэх, огтлох тэмдэглэгээ тавьсан модыг огтолсон эсэхийг шалгаж хүлээж авна.

6.4.Хамгаалалтын захиргаа өөрийн ойн санд хэрэгжүүлсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээний тухайн жилийн тайлан, мэдээг хагас, бүтэн жилээр гаргах бөгөөд хагас жилийн тайлан, мэдээг 07 дугаар сарын 05-ны дотор, жилийн тайлан, мэдээг дараа оны 01 дүгээр сарын 05-ны дотор гаргаж, тухайн ойн санг харьяалсан Ойн ангид хүргүүлнэ.

6.5.Ойн анги нь тухайн жилд харьяа сумдынхаа болон Тусгай хамгаалалттай газрын ойн санд хэрэгжүүлсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээний гүйцэтгэлийн тайланг хагас, бүтэн жилээр гаргах бөгөөд хагас жилийн тайлан, мэдээг 07 дугаар сарын 15-ны дотор, жилийн тайлан, мэдээг дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор гаргаж, холбогдох аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлнэ.

6.6.Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар нь тухайн жилд хийсэн арчилгаа, цэвэрлэгээний тайланг нэгтгэн байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад дараа оны 01 дүгээр сарын 20-ны дотор хүргүүлж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасан улсын мэдээллийн санд оруулна.

6.7.Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийсэн арчилгаа, цэвэрлэгээний гүйцэтгэлийг шалгаж, хүлээн авсан актад үндэслэн эцсийн санхүүжилтийг олгоно.

6.8.Энэ журмын 6.7-д заасан эцсийн санхүүжилтийг олгохдоо арчилгаа, цэвэрлэгээний талбайн хэмжээг гэрээнд зааснаас дутуу гүйцэтгэсэн тохиолдолд нормативт зардлыг хувь тэнцүүлэн бууруулж, санхүүжүүлнэ.

Долоо. Бусад

7.1.Арчилгаа, цэвэрлэгээний технологи зөрчсөнтэй холбогдон гарсан гомдол, маргааныг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бусад зөрчил болон гэмт хэргийн шинжтэй асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ.

[1]Ойн арчилгааны огтлолтын технологийн карт, Ойд цэвэрлэгээ хийх технологийн карт

[U1]Зөвхөн ОА талбайг тусгаарлах уу?

[U2]Ёстой зөв

[U3]хамрагдах

[U4]проб талбайг байгаагаар нь үлдээх үү? Эсвэ огтлолт явуулчих уу%