- Нүүр
- Эрх зүйн акт
- ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЯВУУЛАХ БОЛОН МАЛЫН ЭМЧИД ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ЦУЦЛАХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
сайдын 2020 оны А-385 дугаар тушаалын хавсралт
ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЯВУУЛАХБОЛОН МАЛЫН ЭМЧИД ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ,
ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ЦУЦЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь мал эмнэлгийн төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт /цаашид “төгсөлтийн дараах сургалт” гэх/ явуулах болон малын эмчид мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх итгэмжлэл /цаашид “итгэмжлэл” гэх/ олгох, түдгэлзүүлэх, цуцлахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх малын эмч нь итгэмжлэл авах бөгөөд улс, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагад ажиллаж буй малын эмч шаардлагатай тохиолдолд итгэмжлэл авч болно.
1.3. Төгсөлтийн дараах болон итгэмжлэлийн сургалт зохион байгуулах, малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлахтай холбогдох ажлыг орон тооны бус сургалтын комисс гүйцэтгэнэ.
1.4. Сургалтын комисс нь мал эмнэлгийн боловсон хүчний мэдлэг, ур чадварын төвшин тогтоох бөгөөд хараат бусаар үйл ажиллагаа явуулна.
Хоёр. Сургалтын комисс, түүний эрх үүрэг
2.1. Сургалтын комисс нь мал эмнэлгийн мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх ба дарга, нарийн бичгийн дарга, гишүүн бүхий 9-өөс доошгүй гишүүнтэй байна.
2.2. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар сургалтын комиссын бүрэлдэхүүн, дүрмийг батална.
2.3. Комиссын нарийн бичгийн дарга нь Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын итгэмжлэлийн сургалтын асуудал хариуцсан мэргэжилтэн байна.
2.4. Сургалтын комиссын эрх, үүрэг:
2.4.1. Төгсөлтийн дараах сургалт болон мэргэжлийн итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах асуудлаар санал боловсруулж, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэх;
2.4.2. Төгсөлтийн дараах болон итгэмжлэлийн сургалтын хөтөлбөр, багийг сонгон шалгаруулж Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргаар батлуулж, цахим санд тухай бүр байршуулах;
2.4.3. Төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг мал эмнэлгийн үйл ажиллагааны чиглэл тус бүрээр батлуулах;
2.4.4. Мал эмнэлгийн төгсөлтийн дараах сургалт болон малын эмчид итгэмжлэл олгох асуудлаар баримтлах бодлогын чиглэл, сургалтын төлөвлөгөө, багц цаг, сургалтын хөтөлбөртэй уялдуулан сургалтын төлбөрийг тогтоон, шийдвэрлүүлэх;
2.4.5. Малын эмчид мэргэжлийн итгэмжлэл олгох санал, дүгнэлт гаргаж, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэр гаргуулах;
2.4.6. Итгэмжлэл бүхий малын эмчийн алдаа гаргасныг эрх бүхий этгээд тогтоосон бол малын эмчийн итгэмжлэлийг түдгэлзүүлэх, цуцлах санал, дүгнэлт гаргаж, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргаар шийдвэрлүүлэх;
2.4.7. Итгэмжлэлийн сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих;
2.4.8. Энэхүү журмын 2.4.5-д заасан асуудлаар сургалтын комисс дүгнэлт гаргаж, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргаар баталгаажуулах;
2.4.9. Мэргэжлийн итгэмжлэлтэй болон итгэмжлэлийг цуцалсан малын эмчийн мэдээлэл, холбогдох зөвлөмжийг тухай бүр цахим мэдээллийн санд байршуулах
2.4.10. Төгсөлтийн дараах сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох судалгаа хийх, судалгааг мэргэжлийн баг, судлаачдаар гүйцэтгүүлэх;
2.4.11. Малын эмчийн төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалтын багц цагийг бүртгэх, тооцох;
2.4.12. Итгэмжлэлийн сургалтад хамрагдах хүсэлт ирүүлсэн малын эмч нарыг холбогдох мэдээлэл, чиглэл, заавар, зөвлөмжөөр хангах, итгэмжлэлийн сургалтад хамруулах шаардлага хангасан эсэхийг тогтоох, хариу мэдэгдэх;
2.4.13. Сургалтын шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргаар батлуулж, комиссыг арга зүй, удирдлагаар хангах;
2.4.14. Сургалтын хөтөлбөрүүдээр шалгалтын сорилын тест боловсруулах, цахимд байршуулах;
2.4.15. Тухайн жилийн ажлын тайланг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын зөвлөлд жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор танилцуулах;
2.4.16. Малын бага эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан, малчин, мал бүхий иргэдэд зохион байгуулах сургалтын хөтөлбөрийг батлах;
2.4.17. Төгсөлтийн дараах сургалт болон малын эмчид итгэмжлэлийн сургалтад хамрагдсан малын их, бага эмч, мал эмнэлгийн техникийн ажилтны мэдээллээр цахим мэдээллийн сан бүрдүүлж тогтмол хөтлөх ба энэхүү мэдээллийн сан нь мал эмнэлгийн нэгдсэн мэдээллийн сангийн нэг хэсэг байна.
Гурав. Сургалтын байгууллага, түүний эрх үүрэг, сургалт
3.1. Сургалт хийх байгууллага, багт тавигдах шаардлага:
3.1.1. Байгууллага нь улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх;
3.1.2. Тухайн багц цагийн сургалтын чиглэлээр батлуулсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх;
3.1.3. Сургалтын чиглэлд нийцсэн сургалтын танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх;
3.1.4. Сургалтын хөтөлбөрийн дагуу боловсруулсан ном сурах бичиг, гарын авлага материалтай байх;
3.1.5. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавхтай багшлах бүрэлдэхүүн, сургагч багштай байх;
3.2. Сургалтын байгууллага, багийн үйл ажиллагаа.
3.2.1. Батлагдсан сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөний талаарх мэдээллээр малын эмч нарыг хангах;
3.2.2. Төгсөлтийн дараах сургалтын үр дүнгээр сорил авч, энэхүү журмын хавсралтаар батлагдсан маягтын дагуу гэрчилгээ олгох;
3.2.3. Энэхүү журмын 3.2.2-т заасан сорилыг боловсруулахад оролцох;
3.2.4. Сургалтын тайланг тухай бүр сургалтын комисст хүлээлгэн өгөх;
3.2.5. Сургалтын тайланд сургалтын зохион байгуулалт, хэлбэр, баг, сургалтын хөтөлбөр, хамрагдсан малын эмч, дахин шалгалт зохион байгуулсан эсэх, шалгалтад тэнцсэн малын эмчийн мэдээллийг тусгасан байх;
3.3. Сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага:
3.3.1. Сургалтын хөтөлбөр нь төгсөлтийн дараах сургалтын болон итгэмжлэлийн сургалтын гэсэн төрөлтэй байна;
3.3.2. Төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрт онолын мэдлэгийг 60.0-80.0 хувиар, дадлага ажлыг 20.0-40.0 хувиар тооцсон байх;
3.3.3. Итгэмжлэлийн сургалтын хөтөлбөр нь танхимын сургалтад суурилах.
3.3.4. Тухайн хөтөлбөрөөр шалгалтын батлагдсан сорилын тесттэй байх;
3.3.5. Малын эмчийн мэдлэг, ур чадвар, хандлагыг тасралтгүй ахиулах, хөгжүүлэхэд чиглэгдсэн байх;
3.4. Сургагч багшид тавигдах нийтлэг шаардлага:
3.4.1. Тухайн мэргэжлээрээ магистр ба түүнээс дээш боловсролын эсхүл тэргүүлэх ба зөвлөх мэргэшлийн зэрэгтэй байх;
3.4.2. Тухайн мэргэжлээрээ найм ба түүнээс дээш жил ажилласан байх;
3.4.3. Сургалт эрхлэх байгууллагатай гэрээ байгуулсан байх (тухайн байгууллагын үндсэн ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээ, гэрээт ажилтны хувьд сургалт хийх гэрээ байгуулах);
3.4.4. Сургалтын хөтөлбөр боловсруулах, сорилын тест боловсруулахад оролцсон байх.
3.5. Сургалтын үр дүнг тооцох:
3.5.1. Малын эмч итгэмжлэлд хамрагдсанаас хойш дараагийн удаа итгэмжлэл авах хүртэл нийт 20 багц цагийн сургалтад хамрагдаж, 15-аас доошгүй багц цаг цуглуулах ба сургалтын комиссын баталгаажуулсан мал эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтаас 70 хувийг, итгэмжлэлийн сургалтаас 30 хувийг тус тус цуглуулна.
3.5.2. Малын эмчийн сургалтын 1 багц цаг нь 8 цагаас багагүй хөтөлбөртэй байна.
3.5.3. Мал эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтын багц цагийг тогтоохдоо сургалтын хөтөлбөрийн агуулга, тэнхимийн сургалт, дадлага ажил зэргийг үндэслэнэ.
3.6. Төгсөлтийн дараах сургалт:
3.6.1. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан хөтөлбөрийн дагуу төгсөлтийн дараах сургалтыг цахим эсвэл танхимын хэлбэрээр зохион байгуулна.
3.6.2. Холбогдох бусад салбар, байгууллагын магадлан итгэмжлэгдсэн буюу батлагдсан багц цагийн хөтөлбөр, сургалтад хамрагдана.
3.6.3. Тухайн хөтөлбөрийн сорилын тестэд 80.0 хувиас дээш оноо цуглуулсан бол гэрчилгээ олгоно.
3.7. Итгэмжлэлийн сургалт:
3.7.1. Итгэмжлэлийн сургалтын хөтөлбөр нь нийт 6 багц цаг байна.
3.7.2. Төгсөлтийн дараах сургалтаас 11.2 багц цаг цуглуулсан малын эмч хүсэлт гаргаж, итгэмжлэлийн сургалтад хамрагдана;
3.7.3. Батлагдсан итгэмжлэлийн сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт хийх эрх авсан байгууллага, баг сургалтыг зохион байгуулна;
3.7.4. Магадлан итгэмжлэгдсэн их сургуулийг малын эмч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн малын эмчид итгэмжлэлийг нэг удаа 3 жилийн хугацаагаар шууд олгоно;
3.7.5. Магадлан итгэмжлэгдсэн коллежийг малын эмч мэргэжлээр дипломын боловсрол эзэмшиж төгссөн малын эмч нь итгэмжлэлийн сургалтад хамрагдаж төгссөнөөр итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар олгоно
3.7.6. Итгэмжлэлийн сургалтад хамрагдсан малын эмчээс шалгалтын комиссоос баталсан сорилоор шалгалт авна;
3.7.7. Сорилд 60.0 хувиас дээш оноо авснаар итгэмжлэл авах шаардлагыг хангана;
3.7.8. Сорилд тэнцээгүй бол дахин нэг удаа шалгалт өгч болно;
3.7.9. Шалгалтын комисс үр дүнгээ тухай бүр сургалтын комисст тайлагнана.
Дөрөв. Итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах
4.1. Итгэмжлэл олгох:
4.1.1. Сургалтын комисс нь итгэмжлэлийн шалгалтын комиссын тайланд үндэслэн, дүгнэлт гаргаж, малын эмчид итгэмжлэлийг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр олгоно;
4.1.2. Итгэмжлэлийн хүчинтэй хугацаа 5 жил, энэхүү журмын 4.1.3, 4.1.4-т заасны дагуу авсан итгэмжлэл нь хугацаагүй, 3.7.4-3.7.5-д заасан тохиолдолд 3 жилийн хугацаатай байна;
4.1.3. Таван жилийн хугацаатай итгэмжлэлийг 4 удаа авсан малын эмч, мэргэшлийн зөвлөх зэрэгтэй малын эмч нь сургалтын комисст хүсэлт гаргаж, итгэмжлэлийг хугацаагүйгээр сунгуулж болно;
4.1.4. Мэргэшлийн тэргүүлэх зэрэгтэй малын эмч нь итгэмжлэлийн сургалтад хамрагдах шаардлагын 50 хувийг хангаснаар сургалтын комисст хүсэлт гаргаж, итгэмжлэлийн сургалтад хамрагдана;
4.1.5. Энэхүү журмын 3.7.4, 4.1.3, 4.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэхдээ сургалтын комисс дүгнэлт гаргаж, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр итгэмжлэл олгоно.
4.2. Итгэмжлэлийг дараах тохиолдолд түдгэлзүүлнэ.
4.2.1. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.17 дахь заалтыг зөрчсөн:
4.2.1.1. мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөт хугацаанд нь өөрийн буруугаас шалтгаалан хэрэгжүүлээгүйгээс хүн ам болон эдийн засагт хохирол учруулдаг мал, амьтны өвчин гарсан;
4.2.1.2. эм бэлдмэлийн хадгалалт, тээвэрлэлт, хэрэглээний технологийн алдаа гаргасан, хамрагдвал зохих мал, амьтныг дутуу хамруулсан;
4.2.1.3. мал эмнэлгийн ажил, үйлчилгээний тайлан, бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн;
4.2.2. Энэхүү журмын 4.2.1-д заасныг зөрчсөн нь мэргэжлийн байгууллагаар нотлогдсон бол Мал, амьтны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр итгэмжлэлийг 1 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
4.2.2.1. итгэмжлэл нь түдгэлзсэн малын эмч нь шийдвэрт заасан хугацаанд, холбогдох зөрчлийг арилгасан тухай нотолгоо бүхий тайланг хүргүүлэх ба сургалтын комисст холбогдох асуудлаар дүгнэлт гаргаснаар сунгана.
4.3. Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр дараах зөрчлүүд тогтоогдсон бол малын эмчийн итгэмжлэлийг Мал, амьтны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр цуцална.
4.3.1. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг өөрийн буруугаас хэрэгжүүлээгүй, холбогдох заавар, журмыг зөрчсөн, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдвал зохих мал, амьтныг хамруулаагүй эсхүл дутуу хамруулснаас гоц халдварт өвчин гарч улсад их хэмжээний хохирол учруулсан;
4.3.2. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаагүй, хуурамч малын эм, бэлдмэл түгээх, худалдан борлуулах болон хэрэглэсэн;
4.3.3. Энэхүү журмын 4.2.2 дахь хэсэгт заасан хугацаанд мал эмнэлгийн ажил, үйлчилгээ эрхлэхдээ гаргасан зөрчил, дутагдлаа бүрэн арилгаагүй, журмын 4.2.1-д заасан зөрчлийг давтан гаргасан.
Тав. Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн эрх үүрэг
5.1. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.1. Сургалт, итгэмжлэлийн талаарх эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
5.1.2. Сургалтын комиссын дүрэм батлуулж, мөрдүүлэх;
5.1.3. Сургалтын болон итгэмжлэлийн шалгалтын комисс томилох;
5.1.4. Сургалтын хөтөлбөр, баг, мэргэжилтэн, багц цаг, төлбөрийн дээд хязгаарыг батлах;
5.1.5. Сургалт болон сургалтын комиссын үйл ажиллагаанд зайлшгүй шаардагдах зардлыг санхүүжүүлэх;
5.1.6. Төгсөлтийн дараах сургалт, итгэмжлэлийн сургалтын талаарх мэдээллээр малын эмч нарыг хангах;
5.1.7. Сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох;
5.1.8. Итгэмжлэлийн гэрчилгээний үнэ тогтоох;
5.1.9. Сургалтын комиссын тайланг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгөх;
5.1.10. Малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах шийдвэр гаргах.
5.2. Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар нь дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ:
5.2.1. Итгэмжлэлд хамаарах малын эмчийн судалгааг жил бүр шинэчлэх;
5.2.2. Итгэмжлэлд хамрагдах тухай малын эмчийн хүсэлтийг сургалтын комисст сургалт эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө уламжлах, холбогдох баримт бичгийг бүрдүүлэх;
5.2.3. Батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний талаар малын эмч нарт мэдээлэх;
5.2.4. Итгэмжлэлийн сургалтад хамрагдах шаардлага хангасан нь тогтоогдсон малын эмч нарт мэдээллийг хүргэх;
5.2.5. Төгсөлтийн дараах болон итгэмжлэлийн сургалтын хугацаанд малын эмч нарын ажлын зохицуулалт хийх, дэмжлэг үзүүлэх;
5.2.6. Малын эмчийн итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах асуудлаар дүгнэлт гаргаж, сургалтын комисст хүргүүлэх;
5.2.7. Сургалтын хэрэгцээ, шаардлага тодорхойлох судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх;
5.2.8. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд санал өгөх.
5.3. Мал эмнэлгийн тасаг нь дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ:
5.3.1. Итгэмжлэлийн асуудлаарх судалгааг жил бүр шинэчлэх;
5.3.2. Итгэмжлэлд хамрагдах хүсэлтийг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газарт сургалт эхлэхээс 45-аас доошгүй хоногийн өмнө уламжлах, баримт бичгийн бүрдэл хангуулах;
5.3.3. Батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний талаар малын эмч нарт мэдээлэх;
5.3.4. Итгэмжлэлийн сургалтад хамрагдах малын эмч нарт мэдээлэл хүргэх;
5.3.5. Төгсөлтийн дараах болон итгэмжлэлийн сургалтын хугацаанд малын эмч нарын ажлын зохицуулалт хийх, дэмжлэг үзүүлэх;
5.3.6. Итгэмжлэл бүхий малын эмчийн асуудлаар холбогдох дүгнэлт гаргаж, аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газраар дамжуулан сургалтын комисст хүргүүлэх;
5.3.7. Сургалтын хэрэгцээ, шаардлага тодорхойлох судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх;
5.3.8. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд санал өгөх;
5.3.9. Малын эмчид тодорхойлолт олгох.
5.4. Малын эмч нь дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ:
5.4.1. Итгэмжлэлийн сургалтад хамрагдах хүсэлтийг сургалт эхлэхээс 60-аас доошгүй хоногийн өмнө мал эмнэлгийн тасагт гаргах;
5.4.2. Төгсөлтийн дараах батлагдсан багц цагийн сургалтын хөтөлбөрөөс сонгон суралцах;
5.4.3. Сургалтын төлбөр төлөх;
5.4.4. Төгсөлтийн дараах болон итгэмжлэлийн сургалтад хамрагдсан даруйд сорилын шалгалт өгөх;
5.4.5. Малын эмч, мэргэжилтний мэргэшлийн зэргийн сургалтын багц цагийг итгэмжлэлийн багц цагт тооцуулах;
5.4.6. Төрийн жинхэнэ албан хаагч малын эмч нь байгууллагаараа дамжуулан сургалтын комисст хүсэлт гаргах;
5.4.7. Энэхүү журмын 5.4.6-д зааснаар хүсэлт гаргасан бол харьяалах байгууллагын тодорхойлолтыг материалд хавсаргах;
5.4.8. Итгэмжлэл сэргээлгэх хүсэлт гаргах;
5.4.9. Итгэмжлэлийн хүчинтэй хугацаа дууссан болон итгэмжлээ цуцлуулсан тохиолдолд мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэхгүй байх;
5.4.10. Төгсөлтийн дараах сургалтад хамрагдах болон хамрагдсан талаар Мал эмнэлгийн тасагт мэдэгдэх.
Зургаа. Бүртгүүлэх баримт бичиг
6.1. Анх удаа итгэмжлэлийн сургалтад хамрагдахыг хүссэн малын эмч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
сургалтад хамрагдах хүсэлт /өргөдөл/;иргэний үнэмлэхийн хуулбар;боловсрол, мэргэжлийн үнэмлэх, диплом эх хувиар;4х6 хэмжээний 4 хувь цээж зураганкет /маягт №1/тухайн малын эмчийн ажиллаж байгаа эсхүл оршин суугаа орон нутгийн /мал эмнэлгийн тасаг/ төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт;6.2. Итгэмжлэл сунгуулах сургалтад хамрагдахыг хүссэн малын эмч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
сургалтад хамрагдах хүсэлт /өргөдөл/;иргэний үнэмлэхийн хуулбар;итгэмжлэлийн гэрчилгээний хуулбар4х6 хэмжээний 2 хувь цээж зураг;анкет /маягт №1/;тухайн малын эмчийн ажиллаж байгаа эсхүл оршин суугаа орон нутгийн төрийн захиргааны байгууллагын /мал эмнэлгийн тасаг/ тодорхойлолт;Долоо. Сургалтыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
7.1.Нэн шаардлагатай сургалтыг улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр;
7.2. Сургалтын болон олон улсын байгууллага, төсөл, төслийн байгууллагын санхүүжилтээр;
7.3. Малын эмчийн өөрийн санхүүжилтээр;
7.4. Энэхүү журмын 3.7.4, 4.1.3, 4.1.4 дэх заалтын дагуу итгэмжлэл авахдаа малын эмч зөвхөн итгэмжлэлийн гэрчилгээний үнийг төлнө.
Найм. Хариуцлага
8.1. Энэхүү журмыг зөрчсөн мал эмнэлгийн салбарын байгууллага, мэргэжлийн сургалтын байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, сургалтын болон шалгалтын комисс, малын эмч мэргэжилтэнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A