A

A

A

Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайдын

2020 оны А/234 дугаар тушаалын хавсралт

ОЮУНЫ ӨМЧИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар оюуны өмчийн шилдэг бүтээл /цаашид “шилдэг бүтээл” гэх/-ийн шагналд нэр дэвшүүлэх, шалгаруулах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.Шилдэг бүтээлд зохиогчийн эрхийн болон аж үйлдвэрийн өмчийн бүтээл хамаарна.

1.3.Шилдэг бүтээлийн шалгаруулалт нь оюуны бүтээлч үйл ажиллагаа, зохиогч, шинийг санаачлагч, зохион бүтээгчийн санаачлагыг дэмжих, хөгжүүлэхэд оршино.

1.4.Ард түмний үндэсний язгуурын болон уламжлалт соёлын өвд хамаарах бүтээлд энэ журам үйлчлэхгүй.

Хоёр.Шилдэг бүтээлд нэр дэвшүүлэх

2.1.Шилдэг бүтээлд нэр дэвшүүлэх бүтээл нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжил, байгаль орчин, хүний амьдралын чанарт нөлөө үзүүлсэн, экспортын болон дотоодын борлуулалт хийж ашиг олсон, Монгол Улсыг олон улсад сурталчилсан байх шаардлагыг хангасан байна.

2.2.Оюуны өмчийн бүтээл зохион бүтээж, туурвисан зохион бүтээгч, шинийг санаачлагч, уран бүтээлч, эрх эзэмшигч, эсхүл эдгээрийн хамтарсан баг энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд шилдэг бүтээлд нэр дэвшүүлнэ.

2.3.Энэ журмын 2.1-д заасан нөхцөл шаардлагыг сүүлийн гурван жилийн үзүүлэлтээр тооцно.

2.4.Шилдэг бүтээлд нэр дэвшүүлэх хүсэлтийг тухайн жилийн 11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 01-ний дотор шилдэг бүтээлд нэр дэвшүүлэх хүсэлт болон хавсралтаар баталсан шилдэг бүтээлд нэр дэвшүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийг холбогдох нотлох баримтын хамт оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

2.5.Шилдэг бүтээлд нэр дэвшүүлэх энэ журмын 2.4-т заасан холбогдох баримт бичгийг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга битүүмжилж хүлээн авна.

2.6.Шилдэг бүтээлд нэр дэвшүүлж ирүүлсэн энэ журмын 2.4-т заасан баримт бичгийг нэр дэвшигчид буцаан олгохгүй.

Гурав. Шилдэг бүтээлийг шалгаруулах

3.1.Шилдэг бүтээлд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн онцлогоос хамааран зохиогчийн эрхийн болон аж үйлдвэрийн өмчийн шилдэг бүтээл шалгаруулах ажлын хэсэг ажиллах бөгөөд холбогдох төрийн болон төрийн бус байгуулагын төлөөлөл болон тухайн салбартаа мэргэшсэн эрдэмтэн, судлаач, уран бүтээлчээс сонгож тус бүр 9 гишүүнтэй байна.

3.2.Шилдэг бүтээл шалгаруулах ажлын хэсгийн ахлагчаар оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, нарийн бичгийн даргаар тус байгууллагын оюуны өмчийн асуудал хариуцсан нэгжийн мэргэжилтэн ажиллана.

3.3.Энэ журмын 3.1-д заасан ажлын хэсэг дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.3.1.шилдэг бүтээлд нэр дэвшүүлсэн энэ журмын 2.5-д заасан битүүмжлэлийг шалган задалж, ирүүлсэн бүтээлийн жагсаалтыг гаргах;

3.3.2.шилдэг бүтээл шалгаруулах, шалгаруулалтын талаарх дүгнэлт гаргах;

3.3.3.шилдэг бүтээлд шалгаруулахаар гаргасан дүгнэлтийг шагналын хамт оюуны өмчийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнд хүргүүлэх;

3.3.4.“Оюуны өмчийн шилдэг бүтээл“ шагналаар шагнагдах бүтээл, түүний зохиогч, эзэмшигч иргэн, хуулийн этгээдийг “Оюуны өмчийг хамгаалах өдөр” буюу 4 дүгээр сарын 26-ны өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө олон нийтэд зарлаж, шагнал гардуулах ажлыг зохион байгуулах.

3.4.Ажлын хэсгийн гишүүн энэ журмын 2.2-т заасан шилдэг бүтээлд нэр дэвшигчтэй ашиг сонирхлын зөрчилтэй, нэгдмэл сонирхолтой болон хамаарал бүхий этгээд байвал татгалзан гарах үүрэгтэй.

3.5.Шилдэг бүтээл шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан нийт гишүүдийн гуравны хоёроос дээш ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцох бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцоогүй гишүүний саналыг бичгээр авна.

3.6.Ажлын хэсэг энэ журмын 2.2-т заасан баримт бичигтэй танилцан шаардлагатай тохиолдолд шилдэг бүтээлд нэр дэвшигчийг хуралдаанд оролцуулан холбогдох мэдээлэлтэй танилцах, танилцуулга хийлгэж болно.

3.7.Энэ журмын 3.5-д заасан хуралдаанд оролцсон ажлын хэсгийн гишүүн тус бүр нэгээс арав хүртэлх үнэлгээ өгөх бөгөөд хамгийн өндөр үнэлгээ авсан бүтээлийг шилдэг бүтээлд шалгарсанд тооцно.

3.8.Энэ журмын 3.7-д заасан үнэлгээ нь нууц байх ба түүнийг нууцлалыг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга хариуцна.

3.9.Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга гишүүдийн өгсөн үнэлгээг нэгтгэн, хуралдаанд танилцуулна.

3.10.Шилдэг бүтээлийн шагналын мөнгөн урамшууллын хэмжээг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга тогтоох бөгөөд мөнгөн урамшууллын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс багагүй байна.

3.11.Шилдэг бүтээлд нэр дэвшүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг дараах тохиолдолд шалгаруулалтад оролцуулахгүй.

3.11.1.энэ журмын 2.1-д заасан шаардлага хангаагүй, дутуу бүрдүүлсэн;

3.11.2.холбогдох баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн;

3.11.3.энэ журмын 2.4-т заасан хугацаанаас хойш ирүүлсэн.

Дөрөв.Бусад зүйл

4.1.Шилдэг бүтээл шалгаруулах үйл ажиллагаа болон мөнгөн урамшуулалтай холбогдох зардлыг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төсвөөс гаргана

---оОо---