A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • АЖ ҮЙЛДВЭРИЙН ӨМЧИЙН ЭРХИЙН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны

А/235 дугаар тушаалын хавсралт

 

АЖ ҮЙЛДВЭРИЙН ӨМЧИЙН ЭРХИЙН МАРГААН

ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмын зорилго нь Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалтын талаарх гомдол, эсэргүүцэл, хүсэлт /цаашид ”маргаан” гэх/-ийг хянан шийдвэрлэх эрх бүхий Маргаан шийдвэрлэх зөвлөл /цаашид ”Зөвлөл” гэх/-ийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, иргэн, хуулийн этгээдээс аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалт зөрчсөнтэй холбогдуулан гаргасан маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2.Энэ журам нь эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хууль бусаар ашигласнаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, бүтээл ашигласны төлбөр гаргуулахтай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд үйлчлэхгүй.

1.3.Зөвлөл маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Оюуны өмчийн тухай хууль, Иргэний хууль, Захиргааны ерөнхий хууль энэ журам болон холбогдох бусад хууль, журмыг удирдлага болгоно.

1.4.Зөвлөл нь маргааныг хянан шийдвэрлэхдээ дараах зарчмыг баримтална:

1.4.1. хууль дээдлэх;

1.4.2. шударга ёсыг сахих;

1.4.3. хараат бус, бие даасан байх;

1.4.4. мэтгэлцэх;

1.4.5. нууцыг чандлан хадгалах.

 

Хоёр.Зөвлөлийн үйл ажиллагаа, бүрэн эрх

 

2.1.Зөвлөл нь Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан харьяалах маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус байна.
2.2.Зөвлөл оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл нэг, оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл дөрөв, оюуны өмчийн чиглэлийн судлаач, эрдэмтэн нийт долоон гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллана. /энэ заалтыг ХЗДХС-ын 2022 оны А/366 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

2.3.Зөвлөлийн гишүүд оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөллөөс нэр дэвшүүлэн, нууцаар санал хурааж, олонхийн саналаар Зөвлөлийн даргыг сонгоно.

2.4.Зөвлөлийн гишүүний сул орон гарсан тохиолдолд анх томилсон байгууллагаас санал авч, нөхөн томилно.

2.5.Зөвлөлийн даргын эзгүйд даргын санал болгосон, эсхүл зөвлөлийн гишүүдээс олонхийн санал авсан гишүүн түүнийг орлон ажиллана.

2.6.Зөвлөлийн дарга, гишүүн хуралдаанаар хянан шийдвэрлэж буй асуудлаар саналаа өгөхөөс татгалзах эрхгүй байна.

2.7.Зөвлөл нь тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

2.8.Зөвлөл аливаа маргааныг хянан шийдвэрлэх үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.

2.9.Зөвлөл хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна. Тогтоолд зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурна. Санал тэнцсэн тохиолдолд Зөвлөлийн даргын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. /энэ заалтад ХЗДХС-ын 2022 оны А/366 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав/

2.10.Зөвлөлийн тогтоол нь тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсэгтэй байх бөгөөд тогтоол танилцуулмагц хүчинтэй болно.

2.11.Энэ журмын 2.10-т заасан тогтоолыг Зөвлөлийн хуралдаан дууссан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор бичгээр үйлдэнэ.

2.12.Зөвлөл тухайн маргаан үүссэн шалтгаан, нөхцлийг арилгуулах, оюуны өмчийн хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох этгээдэд зөвлөмж хүргүүлж болно.

2.13.Зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.13.1.иргэн, хуулийн этгээдээс гаргасан Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан харьяалах маргааныг хянан шийдвэрлэх;

2.13.2.маргааныг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээ, судалгааг холбогдох этгээдээс гаргуулж авах;

2.13.3.оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шинжээч, эрх эзэмшигч болон холбогдох бусад этгээдээс тайлбар, нотлох баримт гаргуулан авах;

2.13.4.хянан шийдвэрлэх явцад тусгай мэдлэг шаардагдах тохиолдолд талуудын хүсэлтээр, эсхүл зөвлөлийн санаачлагаар шинжээч болон орчуулагч оролцуулах;

2.13.5.патент, гэрчилгээ олгосон шийдвэр нь үндэслэлтэй гэж үзвэл маргааныг хэрэгсэхгүй болгох;  

2.13.6.патент, гэрчилгээ олгосон шийдвэр үндэслэлгүй болох нь тогтоогдвол шийдвэрийг хүчингүй болгох,

2.13.7.энэ журмын 2.13.6-д заасан шийдвэрийг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргад хүргүүлж холбогдох бүртгэл, мэдээллийн сангаас хасуулах. /2.13.5 - 2.13.7 дахь заалтуудыг ХЗДХС-ын 2022 оны А/366 дугаар тушаалаар хүчингүй болгосон./

2.14.Зөвлөл энэ журмын 2.13.6-д заасан хүчингүй болгох тогтоол гаргасан тохиолдолд уг шийдвэрийг үндэслэн оюуны өмчийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ талаар нийтэд мэдээлнэ.

2.15.Зөвлөл нь Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дэх заалтад заасан нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг мөн болохыг зөвшөөрүүлэх хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ Зөвлөлийн даргын шийдвэрээр оюуны өмчийн байгууллагын аж үйлдвэрийн өмчийн эрхийн асуудал хариуцсан нэгжийн 5 хүртэлх шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргуулна.

2.16.Зөвлөлийн гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

2.16.1.хуваарилсан маргааныг хүлээн авч хянан, саналаа Зөвлөлийн хуралдаанд танилцуулах;

2.16.2.хуралдаанд саналын эрхтэй оролцох;

2.16.3.энэ журмын 2.18-д заасан үндэслэлээр маргаан шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах;

2.16.4.Зөвлөлөөр хэлэлцсэн асуудлаар шүүхэд төлөөлөх;

2.16.5.маргаанд холбогдох асуудлаар иргэн, хуулийн этгээд болон бусад холбогдох этгээдээс баримт бичиг, тайлбар, нотлох баримтыг гаргуулан авах.

2.17.Зөвлөлийн дарга нь энэ журмын 2.16-д заасан эрхээс гадна дараах бүрэн эрхтэй:

2.17.1.Зөвлөл болон оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын ажиллагааг уялдуулан зохицуулах;

2.17.2.Зөвлөлийн үйл ажиллагааг тасралтгүй удирдан зохион байгуулах;

2.17.3.маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гишүүдийн нэрийн эхний үсгийн цагаан толгойн дарааллаар ажлын 3 өдөрт багтаан хуваарилах;

2.17.4.Зөвлөлийн гишүүний шийдвэрт гаргасан гомдлыг хуралдаанд танилцуулах;

2.17.5.Зөвлөлийн хуралдааны дэгийг тогтоож, хурлыг удирдан явуулах;

2.17.6.маргааныг хуралдаанаар хэлэлцүүлэх хангалттай нотлох баримт бүрдсэн гэж үзвэл хуралдааны товыг тогтоох;

2.17.7.Зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн даргад урамшуулал, үйл ажиллагааны болон бусад зардлыг олгуулах талаар оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдлагад санал оруулан шийдвэрлүүлэх; /энэ заалтад ХЗДХС-ын 2022 оны А/366 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав/

2.17.8.гомдол, эсэргүүцэл, хүсэлт гаргагч болон холбогдох бусад этгээд хүнд өвчний учир эмчлүүлж байгаа, эрэн сурвалжлах шаардлага бий болсон, маргаантай холбоотой асуудлыг иргэний, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх;

2.17.9.энэ журмын 2.18-д заасны дагуу татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх;

2.17.10.энэ журмын 4.17-д заасны дагуу хуралдааныг ажлын 10 хүртэлх өдрөөр хойшлуулах шийдвэр гаргах;

2.17.11. бусад.

2.18.Зөвлөлийн гишүүн дараах үндэслэл байвал маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бөгөөд хүсэлтээрээ татгалзан гарна.

2.18.1.гомдол, эсэргүүцэл, хүсэлт гаргагчтай хамаарал бүхий этгээд байвал;

2.18.2.тухайн маргаантай холбоотой асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэлтэй бол.

2.19.Зөвлөлийн хуралдаанд оролцогчоос татгалзан гаргах тухай хүсэлт гаргавал татгалзан гаргагдаж байгаа гишүүний тайлбарыг сонсож болно.

2.20.Зөвлөлийн хуралдаанаас татгалзан гарах гишүүний хүсэлт, Зөвлөлийн гишүүнээс татгалзан гаргах оролцогчийн хүсэлтийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга шийдвэрлэнэ./энэ заалтыг ХЗДХС-ын 2022 оны А/366 дугаар тушаалаар нэмсэн/

 

Гурав.Маргааныг хүлээн авах, бүртгэх

 

3.1.Маргааныг бичгээр гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл, хүсэлт гаргагч, эсхүл хуулийн дагуу түүнийг төлөөлж буй этгээд гарын үсэг зурсан байна. Төлөөлөл нь хуульд заасан шаардлага хангасан байна.

3.2.Маргаанд дараах зүйлийг тусгасан байна:

3.2.1.маргаан гаргагчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, регистрийн дугаар, холбоо барих утас;

3.2.2.маргаанд холбогдох этгээдийн нэр, хаяг;

3.2.3.үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт;

3.2.4. итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож байгаа бол төлөөлөх эрх олгосон итгэмжлэл;

3.2.5. маргаж буй шийдвэрийг гаргасан албан тушаалтны овог нэр;

3.2.6. үйлчилгээний хураамж төлсөн баримт;

3.3.Гомдол, эсэргүүцэл, хүсэлтийг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бичиг хэргийн ажилтан хүлээн авч, хавсаргасан баримт бичгийн хуудасны тоо, огноог тэмдэглэн баталгаажуулж, дарааллын дагуу бүртгэнэ.

3.4.Зөвлөл, зөвлөлийн гишүүн нь энэ журмын 3.3-т заасан гомдол, эсэргүүцэл, хүсэлтийг дараах тохиолдолд маргаан үүсгэхээс татгалзаж, албан бичгээр ажлын 5 өдрийн дотор хариу өгнө:

3.4.1.маргаан Зөвлөлийн эрх хэмжээнд хамаарахгүй;

3.4.2.төлөөлөх эрхгүй этгээд гаргасан;

3.4.3.Зөвлөлийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол.
3.4.4.хөөн хэлэлцэх хугацаа дууссан. /энэ заалтыг ХЗДХС-ын 2022 оны А/366 дугаар тушаалаар нэмсэн/

3.5.Гомдол, эсэргүүцэл, хүсэлт гаргагч нь маргаанаа бичгээр татан авсан бол түүнийг хэлэлцэхгүй.

3.6.Зөвлөл, түүний гишүүн нь маргааныг хүлээн авахаас татгалзсан бол энэ журмын 3.4-д заасан татгалзсан үндэслэлээ албан бичигт тодорхой дурдана.

3.7.Зөвлөлийн нарийн бичгийн дарга маргааны хувийг холбогдох этгээдэд гардуулан өгөх бөгөөд гардуулах боломжгүй тохиолдолд маргаанд заасан хаягаар илгээсэн, түүнчлэн бүртгэлд тэмдэглүүлсэн утас, электрон шуудангийн хаягаар захиа, факс мэдээ илгээж, ийнхүү илгээснээр гомдлыг гардуулан өгсөнд тооцно.

3.8.Маргааныг хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор шалгаж шийдвэрлэнэ.

3.9.Энэ журмын 3.8-д заасан хугацааг Зөвлөлийн дарга нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

3.10.Энэ журмын 3.7-д заасан этгээд журмын дагуу хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл Зөвлөлөөс тогтоосон хугацаанд маргааны шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа Зөвлөлд ирүүлнэ.

3.11.Энэ журмын 3.10-т заасан хугацаанд ирүүлэх боломжгүй бол түүний шалтгаан, нотлох баримтын хамт ирүүлэх бөгөөд Зөвлөлийн дарга хугацааг 14 хүртэлх хоногоор сунгаж болно.

3.12.Энэ журмын 3.10, 3.11-д заасан хугацаанд холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй бол маргаж буй асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн Зөвлөл тогтоол гаргана.

3.13.Тухайн маргаантай холбогдуулан хэд хэдэн этгээдээс гаргасан маргааныг Зөвлөлийн даргын шийдвэрээр нэгтгэж болно. /энэ заалтад ХЗДХС-ын 2022 оны А/366 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав/

3.14.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг энэ журмын 2.17.8-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц ажиллагааг сэргээн явуулах тухай Зөвлөлийн дарга шийдвэр гаргах ба энэ өдрөөс эхлэн хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тооцно.

 

Дөрөв. Зөвлөлийн хуралдаан явуулах нийтлэг журам

 

4.1.Зөвлөлийн хуралдааныг оролцогчдын хүсэлтээр болон төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудлаар хаалттай явуулах боловч гарсан шийдвэр нь нээлттэй байна.

4.2.Зөвлөлийн хуралдаанаар маргааныг хэлэлцүүлэхтэй холбогдуулан зөвлөлийн нарийн бичиг оролцогчдод хуралдааны товыг мэдэгдэнэ.

4.3.Зөвлөлийн хуралдаанд оролцогч гэдэгт маргаан гаргагч, маргаантай холбогдох этгээд түүний төлөөлөгч, маргаантай холбоотойгоор ашиг сонирхол нь хөндөгдөж буй гуравдагч этгээд, орчуулагч, хэлмэрч, гэрч /цаашид “оролцогч” гэх/ хамаарна.  /энэ заалтад ХЗДХС-ын 2022 оны А/366 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав/

4.4.Оролцогч дараах эрх эдэлнэ:

4.4.1.эсрэг талын гаргасан шаардлага, тайлбар, нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх;

4.4.2.Зөвлөлийн хуралдаанд оролцох;

4.4.3.Зөвлөлийн хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргах;

4.4.4.Зөвлөлийн гишүүдээс татгалзан гаргах;

4.4.5.Зөвлөлийн шийдвэрт гомдол гаргах;

4.4.6.маргааныг хүлээн авахаас татгалзсан гишүүний шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол Зөвлөлийн даргад, Зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдлоо гаргах;

4.4.7.хууль, журамд заасан бусад эрх.

4.5.Оролцогч дараах үүрэг хүлээнэ:

4.5.1.тухайн асуудлаар үнэн зөв тайлбар гаргах;

4.5.2.маргаанд дурдсан асуудлаар хариу тайлбарыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх;

4.5.3.Зөвлөлийн дуудсанаар хүрэлцэн ирэх;

4.5.4.Зөвлөлийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

4.5.5. Зөвлөлийн хуралдааны дэгийг сахих;

4.5.6. Зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх;

4.5.7.хууль, журамд заасан бусад үүрэг.

4.6.Зөвлөлийн хуралдааны нарийн бичгийн даргыг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилно. /энэ заалтыг ХЗДХС-ын 2022 оны А/366 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

4.7.Нарийн бичгийн дарга хуралдаан явуулах байр, танхимыг бэлтгэх, оролцогчдыг бүртгэж танилцуулах, хуралдааны тэмдэглэл үйлдэх, шийдвэрийн төслийг боловсруулж, албажуулах, хуралдааны шийдвэрийг холбогдох этгээдэд мэдэгдэх, хүргүүлэх, илгээх, баримт бичгийг цэгцэлж үдэх, архивт шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэнэ. /энэ заалтад ХЗДХС-ын 2022 оны А/366 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав/

4.8.Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хийсэн газар, эхэлсэн, дууссан цаг, шалган шийдвэрлэсэн бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга, оролцогчдын эцгийн нэр, нэр, хаяг, ирц болон хуралдаан явуулах дараалал, эрх үүргийг тайлбарласан байдал, оролцогчдын тайлбар,бүрэлдэхүүнээс маргааны талаар асууж тодруулсан байдал, Зөвлөлийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан тухай заавал тусгана.

4.9.Зөвлөлийн хуралдаан дууссан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд Зөвлөлийн дарга, гишүүд, хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

4.10.Зөвлөлийн хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол хуралдаан даргалагч буюу оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор үндсэн агуулгад өөрчлөлт оруулахгүйгээр засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, даргалагч, тухайн маргааныг шалгасан гишүүн гарын үсэг зурж баталгаажуулна.

4.11.Хуралдаан даргалагч маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг энэ журмын дагуу явуулах, оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна.

4.12.Хуралдааны журам зөрчсөн этгээдэд эхний удаа хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Дахин зөрчил гаргасан бол хуралдааны танхимаас гаргаж энэ тухай тэмдэглэлд тусгана.

4.13.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, албан хэрэг хөтлөх журмын дагуу бичиж баримтжуулна. Зөвлөл шаардлагатай гэж үзвэл хянан шийдвэрлэх ажиллагааг дүрс болон дууны бичлэгт буулгаж болно.

4.14.Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг монгол хэл дээр орчуулсан орчуулгын хамт ирүүлнэ.

4.15.Энэ журмын 2.13.4, 4.14-т заасан шинжээч томилж, орчуулагч оролцуулсан тохиолдолд холбогдох зардлыг хүсэлт гаргагч тал хариуцна.

4.16.Оролцогч өөрийнхөө эзгүйд хуралдааныг хийх талаар Зөвлөлд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр маргааныг хянан шийдвэрлэж болно.

4.17.Оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй тохиолдолд Зөвлөл оролцогчийн тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн маргааныг хянан шийдвэрлэнэ.
4.18.Зөвлөлийн гишүүн болон оролцогчоос хуралдааныг хойшлуулах санал, хүсэлт гаргавал Зөвлөлийн даргын шийдвэрээр нэг удаа хойшлуулж болно. /энэ заалтыг ХЗДХС-ын 2022 оны А/366 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

4.19.Шинээр нотлох баримт бүрдүүлэх ба хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар оролцогчоос гаргасан хүсэлтийг Зөвлөл нэн даруй шийдвэрлэнэ.

Тав.Зөвлөлийн шийдвэр

5.1.Зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

5.1.1.патент, гэрчилгээ олгосон шийдвэр үндэслэлтэй болох нь тогтоогдвол гомдлыг хэрэгсэхгүй болгох;

5.1.2.патент, гэрчилгээ олгосон шийдвэр үндэслэлгүй болох нь тогтоогдвол шийдвэр, шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох;

5.1.3.патент, гэрчилгээ олгохоос татгалзсан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй бол гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх;

5.1.4.патент, гэрчилгээ олгохоос татгалзсан шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй болох нь тогтоогдвол, аж үйлдвэрийн өмчийн асуудал хариуцсан нэгжид дахин хайлт, шүүлт хийлгэхээр буцаах;

5.1.5.Патентын тухай хууль болон Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйл ажиллагаатай холбоотой гомдол үндэслэлтэй болох нь тогтоогдвол маргаан үүссэн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахыг холбогдох этгээдэд даалгах;

5.1.6.Патентын тухай хууль болон Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйл ажиллагаатай холбоотой гомдол үндэслэлгүй болох нь тогтоогдвол гомдлыг хэрэгсэхгүй болгох;
 
5.1.7.барааны тэмдгийг нийтэд түгээмэл болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай хүсэлт үндэслэлтэй болох нь тогтоогдвол Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох шийдвэрийг гаргах;

5.1.8.барааны тэмдгийг нийтэд түгээмэл болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай хүсэлт үндэслэлгүй, нотлох баримт хангалтгүй болох нь тогтоогдвол барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцохгүй байх.

5.2.Зөвлөл энэ журмын 5.1.2, 5.1.7-д заасан шийдвэр гаргасан бол уг шийдвэрийг аж үйлдвэрийн өмчийн асуудал хариуцсан нэгжид  хүргүүлнэ. /5 дугаар зүйлийг ХЗДХС-ын 2022 оны А/366 дугаар тушаалаар нэмсэн/

Зургаа. Бусад

 

6.1.Оролцогчид энэ журмын 2.11-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор хүрэлцэн ирж тогтоолыг өөрийн биеэр болон төлөөлөгчөөр дамжуулан гардан авна.

6.2.Оролцогчдыг байлцуулалгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн бол Зөвлөлийн нарийн бичгийн дарга тогтоолыг энэ журмын 6.1-д заасан хугацаанд оролцогчдод гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй, эсхүл энэ журмын 6.1-д заасны дагуу хүрэлцэн ирж аваагүй бол уг хугацаа өнгөрснөөс хойш ажлын 5 өдрийн дотор маргаан гаргагчийн гомдолд дурдсан хаягаар болон баталгаат шуудангаар хүргүүлнэ.

6.3.Энэ журмын 6.2-т заасны дагуу хүргүүлснээр тогтоолыг гардан авсанд тооцно.

6.4.Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгуулагын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд Зөвлөл захиран зарцуулна.

 

 

 

---оОо---