- Нүүр
- Эрх зүйн акт
- Татварын өр төлөх хугацааг хөнгөлөх журам
Татварын ерөнхий газрын даргын 2019 оны
А/271 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
Татварын өр төлөх хугацааг хөнгөлөх журам
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлд заасан татварын өр төлөх хугацааны хөнгөлөлттэй /цаашид “хугацааны хөнгөлөлт” гэх/ холбоотой харилцааг зохицуулахад энэ журмыг мөрдөнө.
1.2.Хугацааны хөнгөлөлт үзүүлэхдээ дараах зарчмыг баримтална:
1.2.1.татвар төлөгчийн татварын өрийн дүн нь 10.0 сая төгрөгөөс доош, эсхүл хөнгөлөх хугацаа нь 3 сар хүртэлх татварын өрд барьцаа хөрөнгө шаардахгүй;
1.2.2.энэ журмын 1.2.1-д зааснаас бусад тохиолдолд алдангийн хэмжээг оруулсан дүнгээс багагүй хэмжээний барьцаа хөрөнгийг шаардана;
1.2.3.Татварын ерөнхий хуулийн 53.3.2, 53.3.3, 53.3.4-т заасныг хэрэгжүүлнэ.
1.3.Хугацааны хөнгөлөлт үргэлжлэх хугацааг тогтоохдоо татвар төлөгчийн хөрөнгийг үнэлж, Татварын ерөнхий хуулийн 53.1, 53.2 дахь хэсэгт заасныг баримтална.
Хоёр.Хугацааны хөнгөлөлт үзүүлэх нөхцөл
2.1.Татварын ерөнхий хуулийн 53.1.1, 53.1.2, 53.1.3, 53.1.4-т заасан хүндэтгэн үзэх нөхцөл үүсэж татварын өрийг төлөх боломжгүй болох нь тогтоогдсон тохиолдолд татвар төлөгч хүсэлтийг бичгээр, цахим хэлбэрээр татварын албанд гаргана. Гаргасан хүсэлтэд татварын өрийн хэмжээтэй дүйцэх барьцаа хөрөнгө, эсхүл батлан даагчийн гэрээг хавсаргана.
2.2.Татварын ерөнхий хуулийн 53.1.4-т заасныг татвар төлөгчийн үйл ажиллагаанд гурван жил дараалан их хэмжээний алдагдал хүлээсэн, төлбөрийн чадвар муудаж татварын өрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулах боломжгүй нөхцөл үүссэнийг хэлнэ.
Гурав.Татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх хүсэлт гаргах
3.1.Татвар төлөгч нь энэ журмын 2.1-д заасан хугацааны хөнгөлөлт эдлэх тухайгаа “Татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх хүсэлт” маягтаар харьяалагдах татварын албанд гаргана.
3.2.Татвар төлөгчийн гаргасан хүсэлтэд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:
3.2.1.Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу хохиролучирсан болохыг нотолсон акт;
3.2.2.татвар төлөгч хувь хүний эмчилгээ хийлгэсэн магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн магадалгаа, эмчилгээний зардлын баримт;
3.2.3.татвар төлөгчийн үйл ажиллагааг зогсоосон тухай шийдвэр, бүртгэх байгууллагын тодорхойлолт, бусад холбогдох баримт бичиг;
3.2.4.тухайн татварын жилийн өмнөх дараалсан 3 жилийн санхүүгийн болон татварын тайлан;
3.2.5.хөрөнгийн жагсаалт, татвар төлөгчийн төлбөрийн чадварыг харуулсан тооцоо, тодорхойлолт;
3.2.6.үл хөдлөх эд хөрөнгө нь дундын өмчлөл байгаа тохиолдолд бусад өмчлөгчийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл;
3.2.7.хөнгөлөлтийн хугацаанд татварын өр төлөх хуваарь;
3.3.Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 53.3.1-д заасны дагуу барьцаа хөрөнгө шаардлагатай болон мөн хуулийн 53.3.3-т заасны дагуу бусад этгээдийн батлан даалт ашиглах бол хугацааны хөнгөлөлт эдлэх хүсэлт, түүнийг нотолсон дараах баримт бичгийн аль нэгийг хавсаргана:
3.3.1.барьцааны гэрээ, барьцааны зүйлийн тодорхойлолт, чанар, үнэ, хаяг байршилтай холбоотой баримт бичиг болон хөрөнгийн даатгалын гэрээ;
3.3.2.батлан даагчийнбатлан даалтын гэрээ;
3.3.3.гуравдагч этгээдийн эзэмшлийн хөрөнгийг барьцаалах бол тухайн гуравдагч этгээдийн зөвшөөрлийг тусгасан барьцааны гэрээ;
3.3.4.аж ахуйн нэгжийн өмчлөлийн хөрөнгийг барьцаалах бол хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг тусгасан баримт бичиг;
3.3.5.хөрөнгийн үнэлгээний тайлан.
3.4.Татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг ирүүлсэн баримт бичгийн хамт хянан үзэж үндэслэлтэй бол татварын өр төлөх хугацааны хөнгөлөлтийг тухайн татварын албаны даргын шийдвэрээр үзүүлж болно.
Дөрөв.Хугацааны хөнгөлөлт эдлэх хүсэлтийг хүлээж авах, зөвшөөрөх, хэрэгжүүлэх
4.1.Татвар төлөгчөөс хугацааны хөнгөлөлт эдлэхээр ирүүлсэн хүсэлтийг ажлын 10 хоногийн дотор энэ журмын 3.2, 3.3-т заасан баримт бичгийн бүрдлийг нягталж, зөвшөөрөх, эс зөвшөөрөх шийдвэрийг харьяалах татварын албаны гаргана.
4.2.Татвар төлөгчөөс гаргасан хүсэлтийн агуулга бүрэн бус, хавсаргасан баримт бичгийн бүрдэл дутуугаас зохих шийдвэр гаргахад хүндрэлтэй бол татвар төлөгчөөр дахин хүсэлт гаргуулж болно.
4.3.Татварын улсын байцаагч энэ журмын 4.1-д заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг дараах байдлаар нягтална:
4.3.1.хөнгөлөлт эдлэх үндэслэл байгаа эсэхийг тогтоох;
4.3.2.гамшигтай холбоотойгоор гаргасан зардал, эсхүл хүлээсэн хохирол болон санхүүгийн тайлангийн алдагдлын хэмжээ үнэн зөв эсэхийг нягтлах;
4.3.3.татвар төлөгчийн хөрөнгө, өр төлбөрийн хэмжээ, татварын өрийг төлөхтэй холбоотой нөхцөлийг тодорхойлох;
4.3.4.татвар төлөгчийн хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага, өр төлбөр, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр, орлого, зардал, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар тогтоосон бусад зүйл, цахим төлбөрийн баримтыг нягтлах;
4.3.5.хугацааны хөнгөлөлт эдлэх хүсэлт ирүүлсэн татвар төлөгчийн одоогийн болон ирээдүйд бий болох төлбөрийн чадвар, эсхүл хөнгөлөлт эдэлсний дараах санхүүгийн байдал, хугацааны хөнгөлөлтөд хамаарах татварын өрийн хэмжээ, хөнгөлөлтийн хугацаанд татварын өрийг хуваан төлөх хэмжээ, хугацааны хөнгөлөлтийг тооцоолох болон хугацааны хөнгөлөлтийг цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх зорилгоор татварын албанаас тухайн үеийн төлбөрийн чадварын судалгааг хийх.
4.4.Энэ журмын 4.1-д заасан шийдвэрийг үндэслэн харьяалах татварын албаны дарга өр төлөх хугацааны хөнгөлөлт үзүүлэх хугацаа болон татварын өр төлөх хуваарийг баталсан шийдвэр гарган татвар төлөгч, барьцааны хөрөнгийг эзэмшигч, батлан даагч болон холбогдох бусад этгээдэд хүргүүлнэ.
4.5.Татварын өр төлөх хугацааг Татварын ерөнхий хуулийн 53.2-т заасан жилээр хязгаарлах ба татвар төлөгчийн төлбөрийн чадвар болон бусад нөхцөл байдлыг харгалзан, хугацааны хөнгөлөлтөд хамаарах татварын өрийг бүрэн барагдуулах боломжтой гэж үзсэн хамгийн богино хугацаагаар тогтооно.
4.6.Татвар төлөгч хугацааны хөнгөлөлтөд хамаарах татварын өрийн дүнг өөрчлөх, эсхүл өмнө нь хөнгөлөлт эдэлж буй татварын өрд нэгтгэн тооцох, хугацааны хөнгөлөлтөд хамруулж болно.
4.7.Татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн 53.3.1, 53.3.3-т заасан хөрөнгө барьцаалах болон батлан даахтай холбоотой харилцааг Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг баримтлан хэрэгжүүлнэ.
4.8.Хугацааны хөнгөлөлтийн барьцааг аль болох мөнгөн хэлбэрт шилжүүлэхэд хялбар, үнийн хэлбэлзэл бага байх хөрөнгөөс эхлэн барьцаална. Барьцааны зүйл нь татварын өрийг бүрэн барагдуулах, мөн барьцааг борлуулахад шаардагдах зардалд хангалттай хүрэлцэхүйц үнэ цэнэтэй байвал зохино.
4.9.Дараах тохиолдолд хөрөнгө барьцаалах, батлан даалт ашиглах талаарх татвар төлөгчийн саналыг хүлээж авахгүй:
4.9.1.барьцаалах хөрөнгийн үнийн санал нь татварын өрийг барагдуулах болон хөрөнгө барьцаалахтай холбогдон гарч болох зардлыг нөхөхөд хүрэлцэхгүй байх;
4.9.2.хөрөнгийг барьцаанд авснаар татвар төлөгч бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах, эсхүл амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээг хангахад нь саад учруулахаар байх;
4.9.3.барьцаалах хөрөнгө болон батлан даагчийн хөрөнгө нь хугацааны хөнгөлөлт эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагад даатгуулаагүй байх.
4.10.Барьцааг доорх нөхцөлийн аль нэгд хамаарах тохиолдолд цуцална:
4.10.1.хугацааны хөнгөлөлтөд хамаарах татварын өрийг бүхэлд нь барагдуулсан;
4.10.2.барьцааны зүйлийг өөрчлөн өөр хөрөнгө барьцаалсан;
4.10.3.хугацааны хөнгөлөлтөд хамаарах татварын өр нь бусад төрлийн татварын илүү төлөлтөөр суутган тооцогдсон.
4.11.Барьцааны зүйлийг шаардлагатай тохиолдолд татварын өр хураах үйл ажиллагааны дагуу битүүмжилнэ.
4.12.Энэ журмын 3.1-д заасны дагуу татвар төлөгчийн гаргасан хүсэлт нь Татварын ерөнхий хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү журмын шаардлагад нийцээгүй бол харьяалах татварын алба хугацааны хөнгөлөлт үзүүлэхгүй.
Тав.Хугацааны хөнгөлөлтийг цуцлах
5.1.Хугацааны хөнгөлөлтийг хэрэгжүүлэх явцад татварын өр төлөгдөхгүй байх дараах нөхцөл үүссэн үед харьяалах татварын албаны даргын шийдвэрээр хугацааны хөнгөлөлтийг цуцалж, татвар төлөх хуваарьт өөрчлөлт оруулж болно:
5.1.1.татвар төлөгчийн болон батлан даагчийн төлбөрийн чадвар муудаж, татварын өрийг хугацааны хөнгөлөлт дуусахаас өмнө урьдчилж төлүүлэх нөхцөл үүссэн;
5.1.2.татвар төлөгч татварын өрийг хуваарийн дагуу төлөөгүй;
5.1.3.татвар төлөгчөөс барьцаалсан болон батлан даагчийн батлан даалтад ашигласан хөрөнгийн үнэ татварын өрийг төлөхөд хүрэлцэхгүй болж буурсан үед татварын албанаас барьцаа хөрөнгө нэмэх, өөрчлөх талаар татвар төлөгчид хүргүүлсэн мэдэгдлийг биелүүлээгүй, барьцааны зүйлийг өөрчлөхийг зөвшөөрөөгүй;
5.1.4.хугацааны хөнгөлөлтөд хамаарах татварын өрөөс гадна шинээр өр үүссэн;
5.1.5.хугацааны хөнгөлөлт, түүнийг сунгах хүсэлт, эсхүл хавсралт баримт бичигт дараах мэдээллийг үнэн зөв тусгаагүй нь тогтоогдсон:
5.1.5.1.хөнгөлөлтөд хамрагдах шалтгаан нөхцөл үүсээгүй байхад хүсэлт гаргах;
5.1.5.2.хөрөнгөө санаатайгаар бичихгүй, эсхүл байхгүй зүйлийг байгаа мэтээр бичих;
5.1.5.3.орлого, зардлаа бодит байдлаас бууруулах, өсгөх.
5.1.6.хугацааны хөнгөлөлтөд хамаарч буй татварын өрөө татвар төлөгч бүрэн төлсөн байх;
5.1.7.Татварын ерөнхий хуулийн 54.1.1, 54.1.2, 54.1.3, 54.1.4-т заасан нөхцөл байдлын аль нэг нь үүссэн тохиолдолд хугацааны хөнгөлөлтийг цуцалж, барьцааны зүйлээс татварын өрийг гаргуулна.
5.2.Энэ журмын 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.4, 5.1.5-д заасан нөхцөл байдал үүсэж, хугацааны хөнгөлөлт цуцлах талаар татвар төлөгчид ажлын 3 өдрийн дотор мэдэгдсэнээс хойш 10 өдрийн дотор тайлбар гаргаагүй бол харьяалах татварын албаны даргын шийдвэрээр хугацааны хөнгөлөлтийг цуцална.
5.3.Хугацааны хөнгөлөлтийг цуцалсан талаар татварын албаны даргын шийдвэрийг өртэй татвар төлөгч, батлан даагч, татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдэд ажлын 10 өдрийн дотор мэдэгдэнэ.
5.4.Татвар төлөгчийн гаргасан тайлбарыг татварын алба хүлээн авах үндэслэлтэй гэж үзвэл хөнгөлөлтийн хугацааг өөрчлөх талаар татвар төлөгчтэй зөвшилцөн, харьяалах татварын албаны дарга шийдвэр гарган энэ тухайгаа ажлын 3 өдрийн дотор татвар төлөгчид мэдэгдэнэ.
Зургаа.Хугацааны хөнгөлөлтийг сунгах болон татварын өр төлөх хуваарийг өөрчлөх
6.1.Татварын ерөнхий хуулийн 53.2-т заасны дагуу татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн харьяалах татварын алба татвар төлөх хугацааг сунгаж болно. Татвар төлөгч хугацааны хөнгөлөлтийг сунгах тухайгаа “Татвар төлөх хугацааны хөнгөлөлтийг сунгах хүсэлт” маягтаар татварын албанд гаргана.
6.2.Энэ журмын 6.1-д заасан хүсэлтэд хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг нотолсон баримт бичиг, татварын өр төлөх хуваарьт өөрчлөлт оруулах саналыг хавсаргасан байна.
6.3.Татвар төлөгчөөс энэ журмын 6.1-д заасны дагуу гаргасан хүсэлтийг татварын алба шалган, хугацааны хөнгөлөлтийн хугацааг сунгах болон татварын өр төлөх хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэр гаргана.
6.4.Татварын өр төлөх хуваарьт өөрчлөлт оруулахдаа татвар төлөгчийн хөрөнгийн байдал болон төлбөрийн чадвараас хамаарч татварын алба татварын өрийг төлөх хугацаа, төлөх татварын хуваарийг хэмжээг тогтооно.
6.5.Татварын алба энэ журмын 6.1-д заасан сунгах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд энэ тухай шийдвэрийг татвар төлөгчид мэдэгдэнэ.
Текст томруулах
A
A
A