A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ҮНЭТ МЕТАЛЛ, ҮНЭТ ЧУЛУУНЫ, ЭСХҮЛ ТЭДГЭЭРЭЭР ХИЙСЭН ЭДЛЭЛИЙН АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны

2020 оны 12 дугаар сарын 23-ныөдрийн

1048 дугаар тогтоолын хавсралт

ҮНЭТ МЕТАЛЛ, ҮНЭТ ЧУЛУУНЫ, ЭСХҮЛ ТЭДГЭЭРЭЭР ХИЙСЭН

ЭДЛЭЛИЙН АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНД

ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэхүү журмын зорилго нь Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх)-ноос үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн мэргэжлийн нэгдсэн холбоо /цаашид “Мэргэжлийн холбоо” гэх/-нд тавигдах шаардлагыг тодорхойлоход оршино.

1.2.Тавигдах шаардлагыг хангасан мэргэжлийн холбоотой Хороо санамж бичиг байгуулан, хууль тогтоомжийн дагуу хамтран ажиллана.

ХОЁР. МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2.1. Мэргэжлийн холбоо нь дараах шаардлагыг хангасан байна:

2.1.1.мэргэжлийн холбоо нь үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, оноосон нэр, тамга, албан бичгийн хэвлэмэл хуудас, харилцах данстай байх;

2.1.2.мэргэжлийн холбооны гишүүд нь тусгай зөвшөөрөлтэй үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч этгээд байх;

2.1.3.мэргэжлийн холбоо нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөлтэй үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч этгээдийн 51-ээс доошгүй хувийг гишүүнээр элсүүлсэн байх;

2.1.4.үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөтэй, гишүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах техник хэрэгслийн болон хүний нөөцийн чадамжтай байх;

2.1.5.Хорооноос баталсан сургалтын хөтөлбөртэй байх.

2.2.Мэргэжлийн холбооны удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нь дараах шаардлагыг хангасан байна:

2.2.1.бүрэн дундаас дээш боловсролтой байх;

2.2.2.гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх;

2.2.3.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

2.2.4.хэвийнээс бусад зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;

2.2.5.ёс зүйн нэр хүндтэй байх.

2.3. Мэргэжлийн холбоо нь Хорооны санал, дүгнэлтэд үндэслэн дараах асуудлыг дүрэмдээ тусгаж, бүх гишүүдийн хурлаар батлуулсан байх:

2.3.1.гишүүнээр элсүүлэхэд тавих шаардлага, гишүүнчлэлийн хураамж, гишүүнчлэлийг түдгэлзүүлэх, гишүүнээс хасах журам;

2.3.2.гишүүд, тэдгээрийн ажилтнуудын үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн дүрэм;

2.3.3.гишүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих болон гомдол, маргааныг хянан шийдвэрлэх журам;

2.3.4.мэргэжлийн холбооны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам;

2.3.5.гишүүдэд сургалт явуулах, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах журам.

2.4. Мэргэжлийн холбоо нь дараах зарчмыг үйл ажиллагаандаа баримталж ажиллана:

2.4.1.хууль тогтоомж, Хорооноос баталсан дүрэм, журмыг мөрдөх;

2.4.2.гишүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, тэдгээрийн санал санаачилгыг дэмжих:

2.4.3.ёс зүйн хариуцлага хүлээлгэх дотоод хяналтын бүтэцтэй байх;

2.4.4.гишүүнчлэлийн хураамжийн зарцуулалтын тайлагнал ил тод нээлттэй байх;

2.4.5.үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн нөхцөл байдал, гишүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө судалгаа, шинжилгээнд суурилах.