- Нүүр
- Эрх зүйн акт
- МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ АКТИВЫГ АНГИЛАХ, АКТИВЫН ЭРСДЭЛИЙН САН БАЙГУУЛАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар
сарын 24-ний өдрийн А-470 дугаар тушаалын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ АКТИВЫГ АНГИЛАХ,
АКТИВЫН ЭРСДЭЛИЙН САН БАЙГУУЛАХ,
ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын Хөгжлийн Банкны тухай хууль (Хөгжлийн банкны тухай хууль)-ийн 25.1-д заасан журам, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Хөгжлийн банкны тухай хуулийн 25.2-т заасны дагуу Монголбанкнаас Хөгжлийн банкинд хяналт тавьж, шалгалт хийхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2. Журам нь Хөгжлийн банкны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцсэн байна.
1.3. Хөгжлийн банк нь Монголбанкнаас тогтоосон шаардлага болон энэ журамд заасны дагуу үнэ цэнийн бууралтын аргачлалаар активт эрсдэлийн сан байгуулж, холбогдох ангиллыг хийнэ.
1.4. Хөгжлийн банк нь өөрийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээтэй уялдуулан энэ журмыг хэрэгжүүлэх эрсдэлийн удирдлагын талаар дотооддоо баримтлах бодлого, заавар, аргачлал зэргийг боловсруулан мөрдөж болно.
1.5. Журамд заасан активын ангилал, эрсдэлийн сангийн хэрэгжилтийн тайланг Хөгжлийн банк нь энэ журмын 3.6-д заасан хугацаанд багтаан Монголбанкинд ирүүлнэ.
1.6. Журмын 1.4, 2.1.1, 3.1.2-д заасны дагуу Хөгжлийн банкнаас хийсэн активын ангилал, байгуулсан эрсдэлийн сангийн хэмжээ нь энэ журмаар тогтоосон шаардлагыг хангасан эсэхийг Монголбанкнаас шалгаж, шаардлагыг хангаагүй активын ангиллыг өөрчилж, дутуу байгуулсан эрсдэлийн санг нэмж байгуулуулах арга хэмжээг тухай бүр авна.
1.7. Хөгжлийн банк нь санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ыг дагаж мөрдөн, уг стандартад заасны дагуу активын учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах санг үнэ цэнийн бууралтын аргачлалаар тооцон байгуулна.
1.8. Дор дурдсан актив буюу зээл, зээлтэй адилтган тооцох бусад активт энэ журмын дагуу ангилал хийж, эрсдэлийн сан байгуулна:
1.8.1. “Зээл” буюу гэрээний дагуу олгосон мөнгөн хөрөнгийн төлбөрийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрх үүсгэж байгаа санхүүгийн хөрөнгө;
1.8.2. “Бусад актив” буюу зээлтэй адилтган тооцохуйц зээлээс бусад тэнцэл дэх актив, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.8-д заасан Төв банкны үнэт цаас болон Засгийн газрын үнэт цааснаас бусад төрлийн үнэт цаас; тэнцлийн гадуурх баталгаа, батлан даалт, аккредитив, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, хэлцлийн дагуу хүлээж болзошгүй үүрэг зэрэг банкны үйл ажиллагаатай холбоотойгоор ирээдүйд банкинд шаардах эрх, авлага буюу активын эрсдэл үүсгэхээр байгаа үүрэг;
1.8.3. Энэ журмын 3.3-т заасны дагуу нэгдсэн байдлаар багцалж, энэ журмын дагуу нийтэд нь эрсдэлийн сан байгуулахаар бүлэглэсэн зээлүүд буюу “Багцалсан актив” /pooled assets/;
1.8.4. “Нэгж актив” буюу багцалсан активт багтаж байгаа тухайлсан активыг;
1.8.5. “Өмчлөх бусад хөрөнгө” буюу зээл, хүүгийн төлбөрийн тооцоогоор бусдаас авсан санхүүгийн бус үл хөдлөх (барилга байгууламж) болон хөдлөх хөрөнгө (суудлын машин, тоног төхөөрөмж, бараа материал), үнэт цаас зэрэг санхүүгийн хөрөнгө.
1.9. Активт ангилал хийж, эрсдэлийн сан байгуулахад дараах ерөнхий зарчмыг баримтална:
1.9.1. “Үнэ цэнийн бууралт”-ыг тухайн зээлийн цэвэр үлдэгдэл болон ирээдүйд орж ирэх төлбөрийн өнөөгийн үнэ цэнийн (зээлийн анхны үр ашигт хүүгээр, эсвэл тогтмол биш хүүтэй зээлийн хувьд одоогийн үр ашигт хүүгээр дискаунтчилсан зээл, түүний шимтгэл, хураамжийн дүнг оруулж тооцсон) зөрүүгээр тооцох (Үнэ цэнийн бууралт=Ирээдүйд орж ирэх төлбөрийн өнөөгийн үнэ цэнэ – Зээлийн дансны үлдэгдэл);
1.9.2. “Тусгайлсан эрсдэлийн сан”-г төлбөр хариуцагчид хамаарах тухайн нэг болон нийт активыг Журамд тусгасан шалгуурын дагуу чанар нь буурсан талаар дүгнэлтэд үндэслэн холбогдох ангилал хийж, харгалзах эрсдэлийн сангийн хувиар тооцож байгуулах;
1.9.3. “Бүлгийн эрсдэлийн сан”-г Хөгжлийн банкнаас Журамд заасан шаардлагын дагуу шинж, чанар, газар зүйн байршил, эргэн төлөгдөх хугацаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, эрсдэлийн төлөв болон бусад ижил төстэй шинж чанараар нь нэгдсэн байдлаар активуудыг багцалж, Журмын дагуу нийтэд нь эрсдэлийн сан байгуулах;
1.9.4. “Төлбөр төлөгдөхгүй байх магадлал /PD/”-ыг Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын А35/20 дугаартай тушаалаар 2015 онд хамтран баталсан Нягтлан бодох бүртгэлийн заавар (цаашид “Нягтлан бодох бүртгэлийн заавар” гэх)-ын 4.3.Г-д тусгасан PD үзүүлэлтийг ойрын 1 жилийн хугацаанд зээл, бусад активын хувьд үндсэн болон хүүгийн төлбөр 90-ээс дээш хоногоор хэтрэх тохиолдлоор тооцох;
1.9.5. “Алдагдал үүсэх магадлал /LGD/”-ыг Нягтлан бодох бүртгэлийн зааврын 4.3.Г-д тусгасан LGD үзүүлэлтийг зээл болон бусад активын хэмжээнд тооцох;
1.9.6. “Алдагдал тодорхойлох хүчин зүйл /LIP/”-ийг Нягтлан бодох бүртгэлийн зааврын 4.3.Г-д тусгасан LIP үзүүлэлтийг зээл болон бусад активын хэмжээнд тооцох;
1.9.7. “Үр ашигт хүүгийн түвшин”-г санхүүгийн хэрэгслийн хүчинтэй байх хугацаанд ирээдүйн тооцоолсон мөнгөн төлбөр буюу мөнгөн орлогыг дискаунтчилан дансны цэвэр дүнг гаргах тохиромжтой хувиар тооцно. Өөрөөр хэлбэл, үр ашигт хүүгийн түвшинг хөрөнгө, өр төлбөрийн ирээдүйн мөнгөн гүйлгээг анх хүлээн зөвшөөрсөн дүн болгон дискаунтчилах дундаж хувиар тогтоох;
1.9.8. “Материаллаг байдал”-ыг дор дурдсан нөхцөлөөр тогтооно:
1.9.8.а. Аливаа зүйлийг орхигдуулснаас эсвэл буруу тооцож, тайлагнаснаас шалтгаалан харилцагчдын эдийн засгийн шийдвэрт нөлөөлөх байдал (Материаллаг байдал нь тухайн нөхцөл байдалд орхигдуулсан, буруу тайлагнасан зүйлийн онцлог шинж, тоо хэмжээнээс шалтгаална);
1.9.8.б. Активын үнэлгээнд тусгасан, эсвэл орхигдуулснаас шалтгаалан активын чанар болон эцсийн ангилалд мэдэгдэхүйц байдлаар нөлөөлөх хэмжээ, түвшин, эсвэл өөрчлөлтийн хувийн үзүүлэлтээр активын үнэлгээнд тусгах тохируулга.
ХОЁР. АКТИВЫГ АНГИЛАХ1.
2.1. Активын ангилал
2.1.1. Хөгжлийн банк нь Журмын 3 дугаар бүлэгт заасны дагуу активын үнэ цэнийн бууралтын дүнг тооцоолж, активын нийт үлдэгдэлтэй харьцуулан үнэ цэнийн бууралтын хувийг тодорхойлон, дараах байдлаар активын ангиллыг тогтооно. Үүнд:
2.1.1.1. Хэвийн – 5 хүртэл хувиар үнэ цэнэ буурсан (0%<Сан ≤ 5%);
2.1.1.2. Анхаарал хандуулах – 5-аас 25 хүртэл хувиар үнэ цэнэ буурсан (5% < Сан ≤ 25%);
2.1.1.3. Чанаргүй, үүнээс:
2.1.1.3.а. Хэвийн бус - 25-аас 50 хүртэл хувиар үнэ цэнэ буурсан (25% < Сан ≤ 50%);
2.1.1.3.б. Эргэлзээтэй - 50-иас 75 хүртэл хувиар үнэ цэнэ буурсан (50% < Сан ≤ 75%);
2.1.1.3.в. Муу – 75-аас 100 хүртэлх хувиар үнэ цэнэ буурсан (75% < Сан ≤ 100%).
2.1.2. Хөгжлийн банк нь Журмын 2.1.1-д зааснаар тогтоосон активын ангиллыг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд хүргүүлнэ.
2.1.3. Нэг зээлдэгчид хамаарах зээлүүдийн үнэ цэнийн бууралт хоорондоо ялгаатай хувиар тооцоологдсон бол холбогдох ангиллыг эдгээр зээлүүдийн хамгийн доод ангиллаар тогтоож, Зээлийн мэдээллийн санд мэдээлнэ.
2.1.4. Журмаар тогтоосон шаардлагын дагуу хагас жил болон жилийн эцсийн сүүлийн ажлын өдөрт багтаан активын үнэ цэнийн бууралтыг тооцож, ангиллыг тогтооно.
2.1.5. Активын хэлбэр өөрчлөгдсөн тухай бүр үнэ цэнийн бууралтын тооцооллыг шинэчилж, түүнд үндэслэн зохих ангиллыг хийнэ.
2.1.6. Хөгжлийн банк нь активын үнэ цэнийн бууралтыг тооцоход ашиглах санхүүгийн тайланг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжээс хагас жил тутам гаргуулан авч, судалгаа тооцоог хийх бөгөөд жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагыг тавина.
2.1.7. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай бүрт зээл болон бусад активын ангилал, үнэ цэнийн бууралтыг энэ журмын дагуу хийж, Зээлийн мэдээллийн санд хүргүүлнэ.
2.2. Тэнцлийн гадуурх актив
2.2.1. Тэнцлийн гадуур бүртгэлтэй активын үнэ цэнийн бууралтын тооцооллыг хагас жил тутам, шаардлагатай тохиолдолд тухай бүр Журмын дагуу тооцож, Журмын 2.1-т зааснаар ангиллыг тогтоож, Зээлийн мэдээллийн санд хүргүүлнэ.
2.2.2. Хөгжлийн банк нь тэнцлийн гадуур бүртгэлтэй хүлээж болзошгүй үүргийг хэрэгжүүлсэн нөхцөлд тэнцлийн дотор холбогдох активын төрөлд үлдэгдэл дүнгээр бүртгэж, Журмын 2.1.3, 2.1.5, 3.4.2 болон бусад шаардлагыг мөрдөж ажиллана.
2.3. Өмчлөх бусад хөрөнгө
2.3.1. Өмчлөх бусад хөрөнгийг Нягтлан бодох бүртгэлийн зааврын дагуу санхүүгийн болон санхүүгийн бус хөрөнгөнд төрөлжүүлэн бүртгэнэ.
2.3.2. Санхүүгийн өмчлөх бусад хөрөнгийг СТОУС болон Нягтлан бодох бүртгэлийн зааврын дагуу бүртгэж, санхүүгийн хөрөнгийн дансны үнийг хагас жил тутам зах зээлийн үнэлгээтэй жишиж, зөрүүг СТОУС-ын дагуу бүртгэнэ.
2.3.3. Хөгжлийн банкнаас ашиглах зорилгыг хараахан тодорхойлоогүй өмчлөх бусад хөрөнгийг Хөгжлийн банкны Бусад санхүүгийн бус хөрөнгийн дансанд бүртгэх ба эрсдэлийн сан байгуулахгүй.
2.3.4. Бусад санхүүгийн бус хөрөнгийг Хөгжлийн банкны эзэмшилд бүртгэснээс хойш 3 сарын хугацаанд багтаан ашиглах зориулалтыг тодорхойлж, Нягтлан бодох бүртгэлийн зааврын дагуу зохих дансанд шилжүүлэн бүртгэн холбогдох ангиллыг хийж, эрсдэлийн сан байгуулна.
2.3.5. Хөгжлийн банкнаас санхүүгийн бус өмчлөх бусад хөрөнгийг дотоод хэрэгцээнд ашиглах шийдвэр гарсан бол өмчлөх бусад хөрөнгийг Үндсэн хөрөнгө болон эдийн засгийн өгөөжийг хүртэх магадлал өндөр бөгөөд хөрөнгийн өртгийг найдвартай хэмжих боломжтойг үндэслэн Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн дансанд шилжүүлэн бүртгэх ба эдгээр хөрөнгөнд эрсдэлийн сан байгуулахгүй.
2.3.6. Журмын 2.3.5-д заасан хөрөнгийн холбогдох ангиллын шинж чанар болон ашиглалтын зорилго алдагдах тохиолдолд өмчлөх бусад хөрөнгийн холбогдох дансанд буцаан шилжүүлж, зохих эрсдэлийн санг байгуулах бөгөөд уг шилжүүлсэн гүйлгээг буцаахгүй.
2.3.7. Худалдан борлуулах зорилготой буюу худалдан борлуулах магадлал өндөртэй санхүүгийн бус өмчлөх бусад хөрөнгийг Борлуулах зориулалттай хөрөнгөнд бүртгэнэ. Уг дансанд хүлээн зөвшөөрч бүртгэхдээ худалдан борлуулах хугацааг тодорхойлж, энэ хугацаанд уг хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг тооцно.
2.3.8. Журмын 2.3.7-д заасан хөрөнгийг Борлуулах зориулалттай хөрөнгөнд бүртгэснээс хойш Монголбанкнаас тогтоосон хугацаанд худалдан борлуулаагүй бол Санхүүгийн бус өмчлөх бусад хөрөнгөнд буцаан шилжүүлнэ. Буцаан шилжүүлсэн хөрөнгийг үнэ цэнэ бууралтын аргачлалаар тооцоолж, холбогдох эрсдэлийн сан байгуулна.
2.3.9. Журмын 2.3.6 болон 2.3.8-д заасны дагуу Өмчлөх бусад хөрөнгөнд шилжүүлсэн хөрөнгийг дахин Борлуулах зориулалттай, эсвэл Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн төрөлд шилжүүлэхгүй.
2.3.10. Санхүүгийн бус өмчлөх бусад хөрөнгөнд дотоод болон гадны нөлөөллөөс шалтгаалан эвдрэл учирсан, эсвэл цаашид ашиглах, борлуулах боломжгүй гэж мэргэжлийн үнэлгээний байгууллага, эсвэл Хөгжлийн банкнаас дүгнэвэл дээрх хөрөнгөнд 100 хувийн эрсдэлийн сан байгуулж, активыг муу ангилалд шилжүүлнэ.
2.3.11. Санхүүгийн өмчлөх бусад хөрөнгийг энэ журмын 2.3.4, 2.3.5, 2.3.7-д заасны дагуу бусад дансанд шилжүүлэхгүй.
2.4. Үнэт цаас
2.4.1. Үнэт цаасыг зориулалтаас нь хамаарч Нягтлан бодох бүртгэлийн зааврын дагуу бүртгэнэ.
2.4.2. Арилжааны буюу ашиг алдагдлаарх бодит үнэ цэнээр илэрхийлэх үнэт цаасыг Хөгжлийн банкны тэнцлийн дотор болон тэнцлийн гадуур бүртгэлтэй байх хугацаанд үүссэн дараах тохиолдлуудад Журамд заасны дагуу үнэ цэнийн бууралтыг тооцож, холбогдох эрсдэлийн санг байгуулж, ангиллыг тогтооно. Үүнд:
2.4.2.1. Өрийн үнэт цаасны хуваарийн дагуу төлөгдөх хүү, үндсэн төлбөр хоцорсон эсвэл төлөгдөөгүй;
2.4.2.2. Үнэт цаас гаргагчийн төлбөрийн чадвар муудсан талаар эрх бүхий байгууллагаас мэдэгдсэн, эсвэл татан буугдсан;
2.4.2.3. Холбогдох үнэт цаас нь Хөгжлийн банкинд активын эрсдэл үүсгэнэ гэж Монголбанк эсвэл Хөгжлийн банк өөрөө дүгнэсэн бусад үндэслэл бий болсон.
2.4.3. Хөгжлийн банкнаас охин, хараат болон хамтын хяналттай компанид оруулсан хөрөнгө оруулалтад ангилал хийхгүй бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн зааврын дагуу үнэ цэнийн бууралтыг тооцож, эрсдэлийн санг байгуулна.
2.4.4. Хөгжлийн банк нь өмчийн үнэт цаасаар хөрөнгө оруулсан компанид Нягтлан бодох бүртгэлийн зааврын дагуу хяналт тавих ба мэдэгдэхүйц нөлөө, эсвэл хамтын хяналт тогтоосон эсэхийг нотлох боломжгүй бол холбогдох үнэт цаасыг энэ журмын 3.4-д заасны дагуу үнэ цэнийн бууралтыг тооцож, эрсдэлийн санг байгуулж, ангилна.
2.4.5. Хөгжлийн банк нь хугацааны эцэс хүртэл эзэмших ангилалд байгаа үнэт цаасыг худалдан борлуулсан, эсвэл уг ангилалд үнэт цаасыг бүртгэх эрхгүй болсон бол энэ талаар Монголбанкинд холбогдох шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор албан бичгээр мэдэгдэнэ.
2.5. Хөгжлийн банкнаас активыг ангилахтай холбоотой тавих шаардлага
2.5.1. Активын эрсдэлийг удирдах, хянах үүргийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага хүлээх бөгөөд Журмын 1.4-т заасан активыг ангилах, эрсдэлийн дотоод удирдлагын бодлого, заавар, аргачлалд дараах асуудлуудыг зайлшгүй тусгасан байна. Үүнд:
2.5.1.1. Эрсдэлийн удирдлагын бодлого, арга барил болон хяналтын үйл ажиллагааг Хөгжлийн банкны удирдлага, зохион байгуулалт, эрхлэх үйл ажиллагааны боловсронгуй байдал, цар хүрээ болон эрсдэлийн төлөвтэй уялдсан байхаар зохицуулах;
2.5.1.2. Активын эрсдэлийн санг дотоод эрсдэлийн бодлого, Нягтлан бодох бүртгэлийн заавар болон Монголбанкнаас энэ журмаар тогтоосон шаардлагатай нийцүүлэн хэрэгжүүлэх дотоод хяналтын нэгжийн ажил үүргийн хуваарь, эрх үүргийг нарийн тодорхойлох;
2.5.1.3. Хөгжлийн банк, түүний нэгж нь эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг активын эрсдэл, түүнд нөлөөлөх гадаад, дотоод хүчин зүйлсийн өөрчлөлттэй тухай бүр, цаг алдалгүй уялдуулж, тохируулах ба эрх зүйн баримт, бичигт дараах асуудлуудыг хэрэгжүүлэхээр тусгаж, баримтжуулсан байна. Үүнд:
а. Активын чанарт хяналт тавих, тандах;
б. Тэнцлийн болон тэнцлийн гадуурх активын чанарыг тухай бүр хэмжиж тооцох арга барил, үйл явц;
в. Төлбөр хариуцагч, батлан даагчийн эрхэлж буй үйл ажиллагаатай холбоотой үүсэх активын эрсдэлийн үнэлгээ;
г. Барьцаа хөрөнгийн үнэлгээ;
д. Чанар муудсан, эсвэл эргэн төлөгдөх боломж багассан активын үнэ цэнийг бууруулах, тэнцлээс гаргахад баримтлах арга барил;
е. Активын ангилал болон эрсдэлийн сангийн үнэлгээг баталгаажуулах;
ж. Активын эрсдэлийн сангийн хэмжээ нь Хөгжлийн банкинд активын үйл ажиллагаанаас бодитоор илэрсэн болон хүлээгдэж буй алдагдлыг барагдуулахад хангалттай байхаар тооцох аргачлалыг нэвтрүүлэх;
з. Чанар муудсан, эрсдэлтэй активыг барагдуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой зохицуулалт, албадлагын арга хэмжээ;
и. Активын эрсдэлийг тооцох арга барилын үр дүнг буцаан шалгадаг, үр нөлөөг тооцох, баталгаажуулах аргачлалтай байх.
ГУРАВ. АКТИВТ ЭРСДЭЛИЙН САН БАЙГУУЛАХ, ЗАРЦУУЛАХ
3.1. Зээлийн эрсдэлийн сан байгуулах үндсэн шаардлага
3.1.1. Хөгжлийн банкнаас зээлийн эрсдэлийн санг дараах төрлөөр байгуулна. Үүнд:2. 2.1. 2.1.1.
3.1.1.1. тусгайлсан эрсдэлийн сан;
3.1.1.2. бүлгийн эрсдэлийн сан.
3.1.2. Дараах хүчин зүйлээс нэг болон түүнээс дээш нөхцөл байдал үүссэн бол үнэ цэнэ бууралтын бодитой нотолгоо илэрсэн гэж тооцон үзэж, тусгайлсан эрсдэлийн сан байгуулна.
3.1.2.1. эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан тухайн санхүүгийн хөрөнгийн зах зээлд таагүй нөхцөл байдал бий болох;
3.1.2.2. санхүүгийн хөрөнгийн үнэ цэнд сөргөөр нөлөөлөхүйц хууль эрх зүйн орчны таагүй өөрчлөлт эсвэл хууль эрх зүйн байгууллагаас таагүй дүгнэлт, шийдвэр гаргах;
3.1.2.3. зээлдэгчид томоохон хэмжээний санхүүгийн хүндрэл учрах, төлбөрийн чадваргүй болох магадлал өсөх;
3.1.2.4. зээлдэгчийн санхүүгийн харьцаа муудах;
3.1.2.5. зээлдэгч нь зээлийн бүтэц, төлбөрийн хуваарийг өөрчлөх хүсэлт гаргасан ба үүнийг Хөгжлийн банк зөвшөөрөх;
3.1.2.6. зээлийн эргэн төлөлтийн хугацаа болон гэрээний заалтуудыг зөрчих;
3.1.2.7. зээлдэгчид өмнөх тайлант хугацаанд үнэ цэнийн бууралт илэрсэн;
3.1.2.8. барьцаа хөрөнгийн үнэ цэнэ буурах;
3.1.2.9. материаллаг байдлын зөрүү үүсэх.
3.1.3. Актив хөрөнгийн үнэ цэнэ буурсан тухай Журмын 3.1.2-т заасан бодитой нотолгоо олдоогүй активыг эрсдэлийн шинж чанараараа ижил төстэй активын хамт багцалж, бүлгийн эрсдэлийн сан байгуулна.
3.1.4. Монголбанкнаас Банкны тухай хуульд заасны дагуу нөхцөлт удирдлага, бүтцийн өөрчлөлт эсвэл албадан татан буулгах албадлагын арга хэмжээ авах нөхцөл бүрдсэн эсвэл Монголбанкнаас эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гарсан эсвэл эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсэн банктай холбоотой активт 100 хувийн эрсдэлийн сан байгуулах ба үүнээс бусад арилжааны банкинд олгосон зээлд бүлгийн эсвэл тусгайлсан эрсдэлийн санг байгуулна.
3.1.5. Хууль хяналтын байгууллагаар гэмт хэргийн шинж чанартай үйлдлээс үүссэн нь тогтоогдсон активын үнэ цэнийг 100 хувь бууруулж, холбогдох эрсдэлийн санг байгуулна.
3.1.6. Тусгайлсан аргаар үнэ цэнийн бууралтыг тооцоолж, эрсдэлийн сан байгуулсан хөрөнгийг бүлгийн үнэлгээнд хамруулахгүй.
3.1.7. СТОУС-ын аргачлалын дагуу тайлант үеийн зээлийн нийт үлдэгдэл дүнгээс бүлгийн болон тусгайлсан эрсдэлийн сангийн зардлыг тооцно.
Зээлийн нийт үлдэгдэл = Зээлийн үлдэгдэл + Өр үүссэн хүү + Хуримтлагдсан хүү + Торгуулийн хүү - Хасагдуулалт |
3.1.8. Журмын 3.1.7-д тусгасан “Хасагдуулалт”-д зээлд гаргасан Монголбанк, Засгийн газар болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын баталгаа, батлан даалтыг хамруулах бөгөөд хасагдуулгын хэмжээг Хавсралт 1-ийн дагуу тооцно.
3.1.9. Эрсдэлийн сангийн зардал нь бүлгийн болон тусгайлсан үнэлгээгээр тооцоолсон эрсдэлийн сангийн зардлын нийлбэрээр тодорхойлогдоно.
3.1.10. Эрсдэлийн сангийн тооцооллыг хагас жил эсвэл энэ журмын 2.1.7-д заасны дагуу тухай бүр хийж, энэ журмын 3.2, 3.3, 3.4-т заасны дагуу хийж, тохируулгыг тухай бүр хийнэ.
3.1.11. Шаардлагатай тохиолдолд тайлант хугацааны дундуур тухайлсан зээлд шинээр илэрсэн нөхцөл байдал, баримтыг үндэслэн үнэ цэнийн бууралтыг тухай бүр тооцоолж, уг тооцооллын үр дүнгээр эрсдэлийн сангийн хэмжээнд өөрчлөлт оруулна.
3.1.12. Тухайн активын чанар муудсан, эсвэл активын эргэн төлөлт нь төлбөр хариуцагчтай хийсэн гэрээнд заасан хуваарийн дагуу хэсэгчлэн буюу бүхэлдээ төлөгдөх магадлал буурсан талаар Хөгжлийн банк эсвэл Монголбанкнаас дүгнэсэн тохиолдолд тус активын өнөөгийн үнэ цэнэ тооцоход ашиглах орох мөнгөн урсгалын таамаглалын хэмжээ болон хямдруулах хүүгийн түвшинд өөрчлөлт оруулан, харгалзан үнэ цэнийн бууралтыг тооцно.
3.1.13. Энэ журмын 3.1.12-т заасан активын чанар болон эргэн төлөгдөх магадлал буурсан талаарх дүгнэлтийг энэ журмын 3.1.2, Хавсралт 3-т заасан үнэлгээний хүснэгт болон бусад шаардлагатай мэдээллийг ашиглан тогтооно.
3.1.14. Нэг зээлдэгчид хамаарах зээлүүдийн эрсдэлийн санг тогтоохдоо энэ журмын 2.1.3-т заасны дагуу тогтоосон ангилалд хамаарах энэ журмын 2.1.1-д заасан интервалын дээд, доод (эрс их буюу “<” тэмдэглэгээг үл харгалзан доод хязгаарыг шууд ашиглах) хязгаарын арифметик дунджаар тогтооно.
3.2. Тусгайлсан эрсдэлийн сан тооцох
3.2.1. Журмын 3.1.2-т заасны дагуу тусгайлан авч үзэх зээлийн хувьд үнэ цэнийн бууралтыг энэ журмын 3.1.12-т зааснаас бусад тохиолдолд Хөгжлийн банкнаас зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээнд заасан эргэн төлөгдөх хуваарьт үндэслэн зээл тус бүрээр тодорхойлох бөгөөд үнэ цэнийн бууралтыг зээлийн нийт үлдэгдэл болон ирээдүйд орж ирэх төлбөрийн өнөөгийн үнэ цэнийн (зээлийн анхны үр ашигт хүүгээр, эсвэл тогтмол биш хүүтэй зээлийн хувьд одоогийн үр ашигт хүүгээр хямдруулсан зээл, түүний шимтгэл, хураамжийн дүнг оруулж тооцсон) зөрүүгээр тооцож, дараах томьёогоор илэрхийлнэ:
Үнэ цэнийн бууралт (тусгайлсан сангийн хэмжээ) = Ирээдүйд орж ирэх төлбөрийн өнөөгийн үнэ цэнэ - Зээлийн нийт үлдэгдэл |
3.2.2. Журмын 3.1.2-т заасан хүчин зүйлээс нэг болон түүнээс дээш нөхцөл байдал үүссэн зээлд байгуулах эрсдэлийн сангийн тооцооллыг Журмын 3.2.1-т заасны дагуу үнэ цэнийн бууралтын аргачлалаар хийж, байгуулна.
3.2.3. Хэрэв тусгайлсан сангийн тооцооллоор сан байгуулахгүй, эсхүл байгуулах эрсдэлийн сангийн хэмжээ нь бүлгийн эрсдэлийн сангаар тооцохоос бага байх тохиолдолд бүлгийн эрсдэлийн сан байгуулна.
3.2.4. Хөгжлийн банк нь тусгайлан авч үзэх зээлд үнэ цэнэ бууралтын шалтгаан, үнэлсэн үнэлгээ, түүнд ашигласан тооцоолол, судалгаа шинжилгээг баримтаар баталгаажуулна.
3.3. Бүлгийн үнэлгээгээр зээлийн эрсдэлийг тооцох
3.3.1. Журмын 3.1.2-т заасан хүчин зүйлээс нэг болон түүнээс дээш нөхцөл байдалүүсээгүй, эсхүл Журмын 3.2.3-т заасан нөхцөлтэй зээлүүдэд бүлгийн эрсдэлийн сан байгуулна.
3.3.2. Хөгжлийн банк нь үнэ цэнийн бууралтыг бүлгээр үнэлэхдээ гэрээнд заасан хугацаанд зээлийн бүх төлбөрийг төлөх зээлдэгчийн чадварт үндэслэн зээлийн эрсдэлийн ижил төстэй нэг болон түүнээс дээш шинж чанарт суурилан бүлэг, дэд бүлэг үүсгэн тооцно. Үүнд:2.2.
2.3.2.1. Эдийн засгийн салбар;
3.3.2.2. Газар зүйн байршил;
3.3.2.3. Зээлийн төрөл;
3.3.2.4. Эргэн төлөгдөх нөхцөл;
3.3.2.5. Эрсдэлийн түвшин;
3.3.2.6. Зээлийн хэмжээ;
3.3.2.7. Барьцаа хөрөнгийн төрөл.
3.3.3. Багцалсан активт тооцох бүлгийн эрсдэлийн сангийн хувь, хэмжээг эрсдэлийн ижил төстэй шинж чанар бүхий нэгж активуудын түүхэн мэдээлэл болон тухайн үеийн нөхцөл байдлыг тусгасан мэдээлэлд үндэслэн тооцно.
3.3.4 Хангалттай түүхэн мэдээлэлгүй бүлгийн хувьд бусад ижил төстэй шинж чанар бүхий бүлгийн мэдээллийг ашиглаж болно.
3.3.5 Хөгжлийн банк нь бүлгийн үнэлгээгээр үнэ цэнийн бууралтыг тооцох мэдээллийн баазыг өөрийн түүхэн мэдээлэлд үндэслэн үүсгэж ашиглана.
3.3.6
Бүлгийн эрсдэлийн сан =PD x LGD x (ҮЦБуурсан + ҮЦБуураагүй x LIP) Багцалсан актив= ҮЦБуурсан + ҮЦБуураагүй PD – Төлбөр төлөгдөхгүй байх магадлал LGD – Алдагдал үүсэх магадлал LIP – Алдагдал тодорхойлох хүчин зүйл ҮЦБуурсан – Багцалсан активын үнэ цэнэ буурсан хэсэг /мөнгөн дүн/ ҮЦБуураагүй – Багцалсан активын үнэ цэнэ буураагүй хэсэг /мөнгөн дүн/ |
Зээлийн бүлгийн эрсдэлийн сангийн зардлыг дараах томьёог ашиглан тооцно:
3.3.7. “Монгол улсын хөгжлийн банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт тогтоох, түүнд хяналт тавих журам”-д заасан Зээлийн үйл ажиллагааны хязгаарлалтын мэдээнд тусгасан зээлүүдийг хооронд нь, эсвэл бусад активын хамт Монголбанкны зөвшөөрлөөр, тодорхой хязгаарлалтын хүрээнд, Монголбанкнаас тогтоосон хугацаагаар багцлан, бүлгийн эрсдэлийн сан тооцож болно.
3.4. Бусад активт эрсдэлийн сан тооцох
3.4.1. Зээлээс бусад дараах активын үнэ цэнэ бууралтыг СТОУС-д нийцүүлэн тооцно.
3.4.1.1. Үнэт цаас;
3.4.1.2. Хараат, хамтын хяналттай, охин компанид оруулсан хөрөнгө оруулалт;
3.4.1.3. Бусад санхүүгийн хөрөнгөнд хамаарах авлага;
3.4.1.4. Санхүүгийн болон санхүүгийн бус өмчлөх бусад хөрөнгө.
3.4.2. Тэнцлийн гадуурх баталгаа, батлан даалт, аккредитивт эрсдэлийн сан байгуулахгүй. Харин харилцагч баталгаа, батлан даалт, аккредитивын төлбөрийг барагдуулахгүй бол Хөгжлийн банк нь харилцагчийн өмнөөс төлбөрийг барагдуулж, тухайн холбогдох харилцагчтай зээлийн гэрээ байгуулж, активыг тэнцлийн дотор зээлийн багцад шилжүүлэн, зээлтэй адилтган үнэ цэнийн бууралтыг тооцож, эрсдэлийн сан байгуулна.
3.4.3. Тэнцлийн гадуурх зээлийн шугамын хэрэгжсэн дүнг зээлтэй адилтган үнэ цэнийн бууралтыг тооцож, эрсдэлийн сан байгуулна. Харин зээлийн шугамын ашиглагдаагүй дүнд эрсдэлийн сан байгуулахгүй.
3.4.4. Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас, Засгийн газрын баталгаатай үнэт цааснаас бусад хугацааны эцэс хүртэл эзэмших болон борлуулахад бэлэн үнэт цаасны ирээдүйд хүлээгдэж буй мөнгөн урсгалыг хамгийн анхны үр ашигт хүүгээр хорогдуулсан өнөөгийн үнэ цэнээс давсан дансны дүнг дахин үнэлгээний нэмэгдэлд хуримтлуулж, тухайн тайлант хугацааны эрсдэлийн сангийн зардалд бүртгэнэ.
3.4.5. Өмчлөлийн үнэт цаасанд ногдол ашиг зарласан боловч заасан хугацаанд ногдол ашгийг хуваарилаагүй бол тухайн ногдол ашгийн дүнгээр ногдол ашгийг нөхөж төлөх хүртэлх хугацаанд эрсдэлийн сан байгуулна.
3.4.6. Сангийн яам болон төрийн захиргааны төв байгууллагаас авах авлагаас бусад санхүүгийн хөрөнгөнд хамаарах авлагыг зах зээлийн хүүгийн хорогдуулсан бодит үнэ цэнээс давсан авлагын дансны дүнгээр эрсдэлийн сан байгуулна.
3.4.7. Өмчлөх бусад хөрөнгийг энэ журамд заасны дагуу үнэ цэнийн бууралтын аргачлалаар тооцоолж, эрсдэлийн сан байгуулна.
3.4.8. Санхүүгийн ашиг, алдагдлаар бодит үнэ цэнэ илэрхийлэгдэх арилжааны үнэт цаас, дериватив санхүүгийн хэрэгслийн бодит үнэ цэнийн өөрчлөлтийг тухай бүрт нь орлого, зардалд бүртгэн тайлагнаж байдаг тул эрсдэлийн сан байгуулахгүй.
3.5. Активыг тэнцлээс хасах
3.5.1. Хөгжлийн банкнаас активыг холбогдох эрсдэлийн сангаас дор дурдсан нөхцөлд дараах үндэслэлээр хагас жил тутам хорогдуулж болно. Үүнд:2.5. 2.5.1.
3.5.1.1. Активыг төлүүлэх тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш 180 хоногийн дотор төлбөр хариуцагчаас төлбөрийг бүрэн хийгээгүй нөхцөлд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр;
3.5.1.2. Төлбөр хариуцагчаас тодорхой хэсгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан боловч үлдэх хэсгийг төлбөр хариуцагч хариуцахгүй болсныг тогтоосон шүүхийн шийдвэрээр тухайн үлдэх хэсгийг;
3.5.1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай шүүгчийн шийдвэр, захирамж болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор холбогдох активын дүнг;
3.5.1.4. Хөгжлийн банкны үнэлгээгээр цаашид эргэн төлөгдөхгүй байх эрсдэлтэй гэж тооцсон муу ангилалтай активыг Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр;
3.5.1.5. Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтанд энэ журмын 3.5.1.1, 3.5.1.4 дэх заалт хамаарахгүй.
3.5.2 Хөгжлийн банкны хувь эзэмшигч нь Хөгжлийн банк дахь зээлээ төлж чадахгүй бол эхний ээлжинд барьцаа хөрөнгийг худалдаж олсон орлогоор, хэрэв зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр уг орлогоос давж байвал Хөгжлийн банкны тухай хууль тогтоомжид заасан Хөгжлийн банкинд авч хэрэгжүүлэх албадлагын арга хэмжээний хүрээнд тухайн хувь эзэмшигчийн Хөгжлийн банкинд хувь нийлүүлсэн хөрөнгийг худалдаж, олсон орлогоор зээлийг төлүүлнэ.
3.5.3 Хөгжлийн банк нь Журмын 3.5.1, 3.5.6-д заасны дагуу активыг холбогдох сангаас хаасан болон активыг тэнцлээс хассан талаарх тайланг Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж, хурлын тэмдэглэлийн хамт жил бүрийн 4 дүгээр сард багтаан Монголбанкинд ирүүлнэ.
3.5.4 Активыг холбогдох эрсдэлийн сангаас хорогдуулсан тохиолдолд тэнцлийн гадуурх дансанд бүртгэж, төлүүлж барагдуулах арга хэмжээг үргэлжлүүлнэ.
3.5.5 Эрсдэлийн сангаар хорогдуулж, тэнцлийн гадуурх дансанд бүртгэсэн актив эргэн төлөгдсөн нөхцөлд тэр хэмжээгээр нь Хөгжлийн банкны үйл ажиллагааны бусад орлогод бүртгэнэ.
3.5.6 Хөгжлийн банкнаас активыг худалдан борлуулах, шилжүүлэх тухай гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээнд үндэслэн, Хөгжлийн банкны тэнцэлд бүртгэлтэй активыг доорх шалгуурыг хангасан тохиолдолд үнэт цаасжуулах болон түүнтэй адилтгах бусад аргачлалыг ашиглах замаар тэнцлээс хасан тооцож, харгалзах активын ангилал, эрсдэлийн санг байгуулахгүй байж болно. Үүнд:2.5.2.
3.5.6.1. СТОУС-д заасан үл хүлээн зөвшөөрөх (Derecognition) шалгуур;
3.5.6.2. СТОУС-ын холбогдох стандартад заасан үл хүлээн зөвшөөрөх шалгуур;
3.5.6.3. Нягтлан бодох бүртгэлийн зааврын 8.7.7-д заасан шаардлага.
3.5.7. Журмын 3.5.6. д заасан шалгуурыг хангаагүй активыг тэнцэлд үргэлжлүүлэн бүртгэж, холбогдох ангиллыг хийн, эрсдэлийн санг байгуулна.
3.6. Активыг тайлагнах
3.6.1. Хөгжлийн банк нь активын үнэ цэнийн бууралтыг тооцоолж эрсдэлийн санг байгуулсан, ангилал хийсэн, эрсдэлийн сангийн задаргааны талаарх тайланг хагас жил, жилийн эцсийн байдлаар Журмын Хавсралт 2-ийн дор дурдсан дэд хэсгүүдийн дагуу дараа сарын ажлын 15 өдрийн дотор Монголбанкны Хяналт шалгалтын газарт болон Сангийн яаманд бичгээр болон цахим хэлбэрээр хүргүүлнэ. 2.6. 2.6.1.
3.6.1.1. Активын эрсдэлийн сан тооцох активын үлдэгдлийн тайланг Хавсралт 2.а.-р;
3.6.1.2. Активын эрсдэлийн сангийн тайланг Хавсралт 2.б.-р.
3.6.2. Хөгжлийн банк нь активыг тэнцлээс хасаж, эрсдэлийн сангаас зарцуулж хорогдуулан, тэнцлийн гадуур бүртгэсэн тухай бүрт Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгана.
ДӨРӨВ. ХЯНАЛТ ХАРИУЦЛАГА4
4.1. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага нь активын ангиллын үнэлгээ, активаас хүлээж болзошгүй алдагдал, тусгайлсан болон бүлгийн сангийн хэмжээг үнэн зөвөөр тооцож, Журмын 3.6-д заасан хугацаанд тайлагнаж байх үүрэгтэй.
4.2. Монголбанкнаас шаардлагатай гэж үзвэл багцалсан активт байгуулах эрсдэлийн сангийн хэмжээг тодорхойлох активын эрсдэлийн үзүүлэлтийн (PD, LGD, LIP болон бусад) доод болон дээд хязгаарыг Хөгжлийн банкны хэмжээнд тогтоон, мөрдүүлж болно.
4.3. Журамд активт эрсдэлийн сан байгуулах, ангилал хийхтэй холбоотой зохицуулалтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тухайн активын төрөл, олгосон салбар, эрсдэлийн түвшин, хэмжээ болон активын гэрээнд тусгасан нөхцөлийн хувьд Сангийн сайдын саналыг авсны үндсэн дээр ялгаатай тогтоож болно.
4.4. Хөгжлийн банкнаас олгосон тухайн актив эсвэл нэг төсөл санхүүжүүлэх зорилгоор олгосон активууд болон нэг төлбөр хариуцагчтай холбоотой нийт активын чанар муудаж, улмаар төлбөрийн чадвар, өөрийн хөрөнгийн зохистой харьцаанд сөргөөр нөлөөлөх дүгнэлт гарсан тохиолдолд Хөгжлийн банк нь ажлын 3 өдрийн дотор Монголбанкинд мэдэгдэнэ.
4.5..Хөгжлийн банкны дотоод аудит хариуцсан нэгж нь активын эрсдэлийг хэрхэн оновчтой үнэлж, активын ангиллыг үнэн бодитой хийж байгаа болон холбогдох эрсдэлийн санг хэрхэн байгуулж, зарцуулж байгаад хяналт тавьж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнаж байх үүрэгтэй.
4.6. Монголбанк нь Хөгжлийн банкны активын эрсдэлийг үнэлж, дүгнэн активыг ангилж, учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь зохистой эсэх, ангиллыг үнэн зөв хийж байгаа эсэх, эрсдэлийн санг бүрэн гүйцэд байгуулж, зохистой зарцуулж байгаа байдлыг газар дээр нь шалгаж, зайнаас хяналт тавина.
4.7. Хөгжлийн банк нь Монголбанкны Зээлийн мэдээллийн санд ирүүлэх активын төлбөр хариуцагчийн талаарх мэдээлэлд тухайн активын ангилал, түүний өөрчлөлтийг өөрчлөлт орсон тухай бүр үнэн зөв тусгана.
4.8. Монголбанк Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах явцад Монголбанкны хянан шалгагч Хөгжлийн банкны аливаа хөрөнгийн эрсдэлийн санг дутуу байгуулсан, хөрөнгийг буруу ангилсан, сангаас аливаа үндэслэлгүйгээр хорогдуулсан гэж үзэж, үндэслэлийг тодорхойлсон тохиолдолд тухайн активын ангиллыг өөрчилж, эрсдэлийн санг нэмж байгуулахыг хууль тогтоомжийн дагуу шаардана.
4.9. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
- - - oOo - - -
Хавсралт 1
Хасагдуулгыг тооцох хүснэгт
БАЙГУУЛЛАГА | ТӨВ БАНК | МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР | ОУХБ (ОУВС, ДЭЛХИЙН БАНК ГМ) | ОЛОН УЛСЫН БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА | ||||||
ЗЭРЭГЛЭЛ/ РЕЙТИНГ* | - | - | - | СТАНДАРТ ЭНД ПУРС | AAA / AA- | A+ / A- | BBB+ / BBB- | BB+ / B- | CCC+- түүнээс бага | |
ФИЧ | ||||||||||
МУУДИЗ | Aaa/Aa3 | A1/A3 | Baa1/Baa3 | Ba1/B3 | Caa1- түүнээс бага | |||||
ХУВЬ | 100% | 100% | 100% | ХЭТИЙН ХАНДЛАГА* | ||||||
ЭЕРЭГ | 100% | 100% | 90% | 80% | 20% | |||||
ТОГТВОРТОЙ | 100% | 100% | 90% | 70% | 20% | |||||
СӨРӨГ | 90% | 90% | 80% | 60% | 20% | |||||
* Зэрэглэлийг 2 болон түүнээс дээш байгууллагаас тогтоосон бол аль доогуур рейтинг болон хэтийн хандлагыг ашиглана. | ||||||||||
Хавсралт 2а
активын эрсдэлийн сан тооцох активын үлдэгдлийн тайлан
(мянган төгрөгөөр)
№ | Активын төрөл | Үлдэгдэл | Өр үүссэн хүү | Хуримтлагдсан хүү | Торгуулийн хүү | Хасагдуулалт | Нийт үлдэгдэл |
(1) | (2) | (3) | (4) | (5) | (1)+(2)+(3)+(4)-(5) | ||
1 | Зээл* | ||||||
Хэвийн | |||||||
Анхаарал хандуулах | |||||||
Чанаргүй | |||||||
Хэвийн бус | |||||||
Эргэлзээтэй | |||||||
Муу | |||||||
2 | Авлага болон бусад актив | ||||||
Нийт |
* Багцалсан актив багтана.
Хавсралт 2б
АКТИВЫН ЭРСДЭЛИЙН САНГИЙН ТАЙЛАН | |||||||||||
Зээл | (мянган төгрөгөөр) | ||||||||||
Ангилал | Зээлийн нийт үлдэгдэл* | Монголбанкны журмын дагуу байгуулах сан | Хөгжлийн банкнаас байгуулсан сан | Илүү (+), дутуу (-) | |||||||
Бүлгийн | Тусгайлсан | Бүлгийн | Тусгайлсан | Бүлгийн | Тусгайлсан | ||||||
Хэвийн | |||||||||||
Анхаарал хандуулах | |||||||||||
Чанаргүй: | |||||||||||
а/ Хэвийн бус | |||||||||||
б/ Эргэлзээтэй | |||||||||||
в/ Муу | |||||||||||
Сан тус бүрийн дүн | |||||||||||
Нийт | |||||||||||
* Барьцаа хөрөнгийн хасагдуулгаар цэвэршүүлсэн дүн Үнэт цаас | (мянган төгрөгөөр) | ||||||||||
Ангилал | Үнэт цаасны дүн | Монголбанкны журмын дагуу байгуулах сан | Хөгжлийн банкнаас байгуулсан сан | Илүү (+), дутуу (-) | |||||||
Хэвийн | |||||||||||
Анхаарал хандуулах | |||||||||||
Чанаргүй: | |||||||||||
а/ Хэвийн бус | |||||||||||
б/ Эргэлзээтэй | |||||||||||
в/ Муу | |||||||||||
Нийт | |||||||||||
Санхүүгийн бус өмчлөх бусад хөрөнгө | (мянган төгрөгөөр) | ||||||||||
Ангилал | Хөрөнгийн дүн | Монголбанкны журмын дагуу байгуулах сан | Хөгжлийн банкнаас байгуулсан сан | Илүү (+), дутуу (-) | |||||||
Хэвийн | |||||||||||
Анхаарал хандуулах | |||||||||||
Чанаргүй: | |||||||||||
а/ Хэвийн бус | |||||||||||
б/ Эргэлзээтэй | |||||||||||
в/ Муу | |||||||||||
Нийт | |||||||||||
Авлага болон бусад актив | (мянган төгрөгөөр) | ||||||||||
Ангилал | Нийт үлдэгдэл* | Монголбанкны журмын дагуу байгуулах сан | Хөгжлийн банкнаас байгуулсан сан | Илүү (+), дутуу (-) | |||||||
Хэвийн | |||||||||||
Анхаарал хандуулах | |||||||||||
Чанаргүй: | |||||||||||
а/ Хэвийн бус | |||||||||||
б/ Эргэлзээтэй | |||||||||||
в/ Муу | |||||||||||
Нийт | |||||||||||
* Барьцаа хөрөнгийн хасагдуулгаар цэвэршүүлсэн дүн | |||||||||||
Тайланг үнэн зөв гаргасан: | |||||||||||
Гүйцэтгэх захирал | /нэр/ | ||||||||||
Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал | /нэр/ | ||||||||||
Төслийн санхүүжилт, зээлийн газрын ажилтан | /нэр/ | ||||||||||
Хавсралт 3
Активын ирээдүйн төлбөрийн өнөөгийн үнэ цэнийг тооцоход харгалзах
хүчин зүйлсийн жагсаалт
№ | Үнэлгээний хүчин зүйлс | Үнэлгээ | Хангалтгүй үнэлгээтэй үзүүлэлтийн тайлбар* | Материаллаг түвшинд сөрөг нөлөөтэй эсэх** | |||
1. | Активын хувийн хэргийн бүрдэл | Тийм/үгүй | |||||
1.1. | Тухайн банкны мөрдөж буй дотоод дүрэм, журмын дагуу шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэр бий эсэх, төлбөр хариуцагчийн талаарх банкны дүгнэлт | ||||||
1.2. | Актив олгохыг хүссэн өргөдөл | ||||||
1.3. | Активын төлбөр болон холбоотой бусад гэрээ, гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт | ||||||
1.4. | Төлбөр хариуцагчийн үүсгэн байгуулсан гэрээ, дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ | ||||||
1.5. | Санхүүгийн тайлан | ||||||
1.6. | Барьцаа хөрөнгө | ||||||
1.6.1. | Тодорхойлолт4 | ||||||
1.6.2. | Үнэлгээний баримт бичиг | ||||||
1.6.3. | Үл хөдлөх хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ | ||||||
1.6.4. | Шалгасан баримт | ||||||
1.6.5. | Гадны хараат бус үнэлгээ | ||||||
1.7. | Батлан даалт болон барьцааны гэрээ | ||||||
1.8. | Активаар санхүүжигдэх төсөл | ||||||
1.8.1. | Шаардлагатай бол эрх бүхий байгууллагаар батлуулсан эсэх | ||||||
1.8.2. | Үйл ажиллагааны талаарх баримт бичиг | ||||||
1.8.3. | Төслийн санхүүгийн тооцоолол | ||||||
1.8.4. | Төсөлтэй холбоотой төлбөр тооцооны баримт бичиг | ||||||
1.8.5. | Төсөл болон төлөвлөсөн ажлын гүйцэтгэл | ||||||
1.8.6. | Холбогдох гэрээ | ||||||
1.9. | Активын ашиглалт шалгасан материал | ||||||
1.10. | Зээлийн мэдээллийн сан болон бусад эрх бүхий байгууллагын лавлагаа, мэдээлэл | ||||||
1.11. | Банк төлбөр хариуцагчийн санхүүгийн байдлыг үнэлж, дүгнэхэд мэдээлэл хангалттай, аливаа томоохон хүндрэл учраагүй | ||||||
2. | Төлбөр хариуцагчийн санхүүгийн үзүүлэлтүүд | Үзүүлэлт/харьцуулалт*** | Шалгуур үзүүлэлт бүрт тайлбар оруулах | Материаллаг түвшинд сөрөг нөлөөтэй эсэх** | |||
Утга1 | Δ%2 | Бүлгийн дундаж3 | |||||
2.1. | Төлбөрийн чадвар | ||||||
2.1.1. | Эргэлтийн хөрөнгө /Богино хугацаат өр төлбөр, түүний өөрчлөлт, ирээдүйн хандлага | ||||||
2.1.2. | (Мөнгөн хөрөнгө+Богино хугацаат хөрөнгө оруулалт+Авлага)/Богино хугацаат өр төлбөр, түүний өөрчлөлт, ирээдүйн хандлага | ||||||
2.1.3. | Үндсэн үйл ажиллагааны орлого/богино хугацаат өр төлбөр, өөрчлөлт, ирээдүйн хандлага | ||||||
2.2. | Ашигт ажиллагаа | ||||||
2.2.1. | Нийт ашиг /Нийт орлого, сүүлийн 2 жилийн хандлага (улирал, түүнээс бага давтамжтай) | ||||||
2.2.2. | Нийт зардал/Нийт орлого, сүүлийн 2 жилийн хандлага (улирал, түүнээс бага давтамжтай) | ||||||
2.2.3. | Активын өгөөж ROA, сүүлийн 3 жилийн хандлага (жил, хагас жилийн давтамжтай) | ||||||
2.2.4. | Эзэмшигчдийн өмчийн өгөөж ROE, сүүлийн 3 жилийн хандлага (жил, хагас жилийн давтамжтай) | ||||||
2.3. | Хөрөнгийн удирдлага | ||||||
2.3.1. | Авлагын эргэлт /сүүлийн 2 жилийн дундаж/ | ||||||
2.3.2. | Авлагын эргэлт /тайлант үеийн эцэст/ | ||||||
2.3.3. | Бараа материалын эргэлт /сүүлийн 2 жилийн дундаж/ | ||||||
2.3.4. | Бараа материалын эргэлт /тайлант үеийн эцэст/ | ||||||
2.3.5. | Үндсэн хөрөнгийн эргэлт /тайлант үеийн эцэст/ | ||||||
2.3.6. | Нийт активын эргэлт /тайлант үеийн эцэст/ | ||||||
2.4. | Хөшүүрэг ба өрийн үйлчилгээ | ||||||
2.4.1. | Татвар болон хүү төлөхийн өмнөх ашиг /Хүүгийн зардал, сүүлийн 2 жилийн хандлага (улирал, түүнээс бага давтамжтай) | ||||||
2.4.2. | Өр төлбөр/Хүүгийн, татварын болон элэгдлийн зардлыг хасахаас өмнөх ашиг, сүүлийн 2 жилийн хандлага (улирал, түүнээс бага давтамжтай) | ||||||
2.4.3. | Эзний өмч /Хөрөнгө (leverage), өөрчлөлт, сүүлийн 2 жилийн хандлага (улирал, түүнээс бага давтамжтай) | ||||||
3. | Бусад | Тийм/үгүй | Шалгуур үзүүлэлт бүрт тайлбар оруулах | Материаллаг түвшинд сөрөг нөлөөтэй эсэх** | |||
3.1. | Барьцаа болон батлан даалт | ||||||
3.1.1. | Барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь активын үндсэн өр болон хүүгийн төлбөрийг барагдуулахад хангалттай эсэх | ||||||
3.1.2. | Барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, активыг төлүүлэх эрх нь банкинд бүрэн шилжиж ирсэн эсэх | ||||||
3.1.3. | Барьцаа хөрөнгийн үнэлгээний өөрчлөлт, сүүлийн 3 сарын хандлага | ||||||
3.1.4. | Төлбөр хариуцагч нь гуравдагч этгээдээс гаргасан батлан даалттай эсэх | ||||||
3.1.5. | Актив нь батлан даалттай бол батлан даагч нь төлбөрийн чадвар сайтай эсэх | ||||||
3.2. | Зээлийн мэдээллийн сангаас авсан мэдээлэл | ||||||
3.2.1. | Төлбөр хариуцагчийн түүх | ||||||
3.2.2. | Хугацаа хэтэрсэн ямарваа нэгэн активын болон бусад хэлбэрийн өртэй эсэх | ||||||
3.2.3. | Тухайн сард төлбөр хариуцагчийн аливаа активын ангилал буурсан эсэх | ||||||
3.3. | Бусад мэдээлэл | ||||||
3.3.1. | Зэрэглэл тогтоогч байгууллагаас авсан мэдээлэл, төлбөр хариуцагчид болон төлбөр хариуцагчийн гаргасан үнэт цаасанд оноосон зэрэглэлийн түүхэн болон одоогийн мэдээлэлд зэрэглэл бууруулах талаар тусгаагүй, сануулга /warning, negative watch/ гаргаагүй | ||||||
3.3.2. | Аудитын компаниас авсан мэдээлэл, хязгаарлалттай дүгнэлт гаргаагүй, удирдлагын захидалд дурдсан анхаарах зүйлс нь төлбөр хариуцагчид материаллаг байдлаар сөргөөр нөлөөлөхөөргүй | ||||||
3.3.3. | Бусад төр, хууль хяналтын эрх бүхий болон төрийн бус байгууллагаас авсан лавлагаанд төлбөр хариуцагчийн талаар сөрөг мэдээлэл агуулаагүй | ||||||
3.3.4. | Эдийн засгийн нөхцөл байдал, төлбөр хариуцагчийн үйл ажиллагаа эрхэлж буй салбарын нөхцөл байдал төлбөр хариуцагчийн санхүүгийн байдалд хэрхэн нөлөөлж байгаа, ирээдүйд нөлөөлөх хандлага эерэг | ||||||
3.3.5. | Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон бусад сувгаар төлбөр хариуцагчийн нэр хүнд болон санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлөхөөр мэдээлэл цацагдаагүй | ||||||
3.3.6. | Төлбөр хариуцагчтай холбоотой үүсэх активын эрсдэлийг бууруулах аливаа даатгалд хамрагдсан эсэх | ||||||
3.3.7. | Төлбөр хариуцагчийн талаар банкинд төвлөрүүлсэн дотоод мэдээлэлд одоо болон ирээдүйд гарах зээлийн эрсдэл байхгүй |
Тайлбар:
*- Үнэлгээний хүснэгтээс зөвхөн хангалтгүй үнэлгээ авсан үзүүлэлтэд тайлбар бичих
**- Чанарын үзүүлэлтэд мэдэгдэхүйц өөрчлөлт орохоор байгаа талаар үндэслэл, тайлбарыг бичиж, шаардлагатай баримт материалыг хавсаргана.
***-Холбогдох төлбөр хариуцагчийн санхүүгийн үзүүлэлтийг 1-2 жил болон мэдээллийн хүрэлцээтэй байдлаас шалтгаалан түүнээс дээш жилийн хугацаатайгаар, улирал, жилийн давтамжтайгаар нэгтгэн боловсруулж, энэхүү хүснэгтэд хавсаргах бөгөөд үзүүлэлтийг тогтмол шинэчилнэ.
1-Санхүүгийн үзүүлэлтийн тайлант хугацааны утгыг тусгана.
2-Санхүүгийн үзүүлэлтийн өмнөх хугацааны хандлагыг тусгах бөгөөд сүүлийн үеийн байдлаар Өссөн /Ө эсвэл↑/, Буурсан /Б эсвэл↓/, эсвэл Тогтвортой /Т эсвэл ~/ гэсэн тэмдэглэгээг хийнэ.
3-Санхүүгийн үзүүлэлтийг ижил төстэй төлбөр хариуцагч бүлгийн, эсвэл үйл ажиллагаа явуулах салбарын дундаж үзүүлэлттэй харьцуулж тусгах бөгөөд сүүлийн үеийн байдлаар дундаж үзүүлэлттэй харьцуулахад үзүүлэлт сайжирсан бол Сайжирсан /С эсвэл↑/, муудсан бол Муудсан /М эсвэл↓/, эсвэл онцын өөрчлөлтгүй бол Төстэй /Т эсвэл ~/ гэсэн тэмдэглэгээг хийнэ. Салбар болон бүлгийн мэдээллийг эрх бүхий байгууллагаас, салбар, бүлгийн талаарх тоон мэдээллийн товхимол, цахим мэдээллийн сан болон банкнаас дотооддоо цуглуулсан тоон мэдээллийг авч ашиглаж болох ба мэдээлэл авсан эх сурвалжаа тусгасан байна. Салбар, бүлгийн дундаж үзүүлэлтийн мэдээг санхүүгийн үзүүлэлтийн хандлагын мэдээтэй нэгтгэн, энэхүү хүснэгтэд хавсаргана.
4- МХТТЗХуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3/; 23.4-т заасан тодорхойлолт.
Үндсэн заавар: Дээрх хүснэгтэд хангалтгүй үнэлгээтэй буюу материаллаг түвшинд сөргөөр нөлөөлөх үзүүлэлтүүдэд банкны зүгээс үндэслэл, тайлбарыг харгалзах баганад тусгах ба хангалтгүй үнэлгээтэй үзүүлэлт нь активын үнэлгээнд мэдэгдэхүйц, эсвэл ихээхэн нөлөөлөл үзүүлэх боломж, эрсдэл байгаа эсэхийг тодорхой тусгана. Шаардлагатай тохиолдолд үндэслэлээ нотлох танилцуулга, баримт, материалыг энэхүү хүснэгтэд хавсаргана.
Текст томруулах
A
A
A